“Уудам Монгол эдүкэйшн” сургуульд нийлүүлсэн хоолны дээжээс гэдэсний бүлгийн нян илэрчээ

Энэ сарын 11-ний өдөр “Уудам Монгол эдүкэйшн” сургуулийн сурагчид хоолны хордлогын шинж тэмдгээр Халдварт өвчин судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа талаар мэдээлсэн. Тус сургуулийн сурагчдын үдийн хоолыг Чингэлтэй дүүргийн “Рааш Булаг” ХХК-ны Фаунд Таун ресторанаас бэлтгэн нийлүүлж байсан бөгөөд тухайн өдрийн хоолны дээж болоод эд зүйлсийн гадаргуугийн арчдас, ундны ус, нийтийн хоол, хоол амтлагч, хүнсний ногоо, сав баглаа боодол зэрэг нийт 42 дээжинд шинжилгээ хийжээ.

Шинжилгээгээр эд зүйлсийн гадаргуугийн арчдасны 76 хувьд гэдэсний бүлгийн нян “Enterobacter” spp, нийтийн хоолны 33,3 хувьд Citrobacter spp тус тус илэрсэн талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

Дээрх бичил биетэнгүүд нь байгальд өргөн тархсан, хөрс, цэнгэг ус, хүн, амьтан, шувуу, загасны гэдсэнд амьдардаг ба хоол хүнсний бүтээгдэхүүнд үржих чадвартай, дархлаа суларсан хүнд өвчин үүсгэх магадлалтай учир жирэмсэн эхчүүд болон цэцэрлэг, сургуулийн бага насны хүүхдүүдэд эрсдэлтэй бүлэгт хамаарна. Гэдэсний бүлгийн нянгаар бохирлогдсон хоол хүнс нь хүний бие организмд ходоод гэдэсний хямрал /бөөлжих, гүйлгэж суулгах…гэх мэт/, бусад эмнэл зүйн шинж тэмдгүүдийг үзүүлж болно.
Иймд үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, худалдан борлуулагч иргэд, аж ахуйн нэгжүүд нь бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангаж ажиллах, түүхий эд бүтээгдэхүүнийг зөв сонгох, болсон болон түүхий бүтээгдэхүүнийг тусад нь тавьж ангилах, ажилчдын хувийн ариун цэврийг чанд сахих, урьдчилан сэргийлэх үзлэгт ажилчдыг хамруулах, эрүүл ахуйн зохистой дадлыг баримтлах, тоног төхөөрөмж багаж хэрэгслийг тогтмол цэвэрлэх, ариутгах, түргэн гэмтэх бүтээгдэхүүнийг тасалгааны хэмд удаан байлгахгүй байх, үйлдвэрлэлийн үе шат болгондоо дотоод хяналтыг тавьж, стандарт шаардлагыг хангаж ажиллахыг Мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс зөвлөж байна.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …