Иргэний нийгмийн залуучуудын байгууллагууд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийллээ

Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт өнөөдөр (2019.11.14) иргэний нийгмийн залуучуудын байгууллагын төлөөллийг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзлаа.

Тэд “Үндсэн хуульд Иргэдийн оролцоо” цахим аяны хүрээнд шүүхийн хараат бус, бие даасан байдлыг дээшлүүлэхэд иргэдээс ирүүлсэн санал, цахим гарын үсэг бүхий нэрсийн жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогтод гардуулан өгсөн юм.  

Иргэний нийгмийн 50 гаруй залуучуудын байгууллага эвлэлдэн нэгдэн, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг бүхэлд нь батлахыг дэмжиж, өнгөрөгч 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн “Үндсэн хуульд Иргэдийн оролцоо” цахим аяныг өрнүүлсэн байна.

Уг аяны хүрээнд олон нийтэд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх мэдээллийг өгч, ялангуяа залуучуудын дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх, анхаарлыг нь хандуулах чиглэлд түлхүү ажилласан байна. Тухайлбал, УИХ-ын гишүүдэд хандан өөрсдийн байр суурийг илэрхийлсэн албан бичгүүдийг хүргүүлэх, олон талт цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулах, “Сургаар биш сурвалжаар” сэдэвт подкастыг явуулах, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, бусад саналуудын талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг тандах зорилготой цахим асуулгыг явуулах, залуу хуульч, улс төр судлаачид нэгдэн хараат бус шүүхийн тогтолцоог бэхжүүлэх зохицуулалтыг дэмжиж жагсаал зохион байгуулж, УИХ-ын гишүүдэд шаардлага бичгүүдээ өгч байжээ.

Цахим мэдээллийн орчныг эерэг хандлагаар “Нэр, нүүртэй цахим нийгэм”-ийг бий болгохыг зорьж, иргэдийн саналыг авахдаа технологийн шинэлэг шийдлийг ашиглаж, регистрийн дугаар, овог, нэртэй нь бүртгэж авчээ. Энэ цахим аяны санал асуулгад 293 хүн оролцож, санал бодлоо илэрхийлсэн байна. Иргэдийн дийлэнх нь Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгасан шүүхийн бие даасан, хараат бус байдлыг хангах зохицуулалтыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.  

Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт залуучуудын төлөөлөл эвлэлдэн нэгдэж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд өөрсдийн дуу хоолойг хүргэж буйд талархалтай байгаагаа илэрхийллээ.

Тэрбээр, “УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар яг одоо Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж байна. Бодлогод залуусын оролцоо хэрэгтэй байгаа. Залуучууд нийгмийн идэвхтэй байж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг дэмжиж олон кампанит ажлыг зохион байгуулсанд баяртай байна. Улс орны хөгжлийн төлөө төрийн бодлого шийдвэрт байгаа алдаа дутагдлаа засаж, залруулах үүднээс энэ нэмэлт, өөрчлөлтийг хийж байгаа. Сүүлийн гурван парламент дамжиж яригдсан, эрдэмтэн судлаачдын олон жилийн судалгааны үр дүнд үндэслэсэн, иргэд, улс төрийн намуудын саналыг тусгасан төслийг хэлэлцэж байгааг хэлмээр байна” гээд цаашид хамтран ажиллахад бэлэн байгаагаа онцлон тэмдэглэлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …