Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга, Анагаах ухааны доктор Я.Амаржаргалтай ярилцлаа.
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний талаар сайн, муу олон асуудал яригдах юм. Энэ тал дээр та салбарын хүний хувьд ямар бодолтой байдаг вэ?
Сүүлийн жил гаруйн хугацаанд эмнэлгийн тусламж, үйлчилгээнд томоохон ахиц, дэвшил гарч байна. Хөгжсөн, хөгжиж байгаа аль ч орны эрүүл мэндийн салбарын өмнө тулгамдсан олон асуудал байнга л байдаг. Эрүүл мэндийн салбар маань хүнд, хариуцлагатай бас их буянтай салбар гэж боддог. Улс орны эдийн засаг, нийгмийн байдал, байгаль, цаг уур, хоол хүнс, ус, орчин гээд бүх л зүйлсийн сайн, муу тусгал нь хүний эрүүл мэнд, амь насанд нөлөөлж байдаг. Муу нөлөөлөл бүхний эцсийн үр дүн, хүнд ачааг эрүүл мэндийн салбар буюу эмнэлгүүд, эмч ажилчид маань нуруундаа үүрдэг. Тэд өвдсөнийг эдгээж, үхэлтэй тэмцэж олон хүнийг эмчлэн эдгээж, амь насыг нь аварч, хоногийн 24 цагийн турш зүтгэж, үүргээ гүйцэтгэж байдгийг ард иргэд маань ч мэддэг. Хүн бүр л алдаа гаргах ёсгүй гэдгээ мэддэг. Гэтэл аливаа зүйл олон талтай юм болохоор зарим үед алдаа гарна. Энэ гарсан алдааг дэвэргэж, хийж байсан бүхий л гавьяаг нь хараар будаж эмч, ажилтнуудын маань урмыг хугалж, иргэдийн итгэлийг алдтал мэдээлэл гаргах нь хэцүү байдаг.
Сүүлийн жилүүдэд улс орны эдийн засаг сайжирч, манай эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаатай холбоотойгоор эмнэлгүүдийн маань үүдээр ороход харагдах өнгө үзэмжээс эхлээд оношилгоо, эмчилгээнд хэрэглэгдэж байгаа багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж сайжирч байгаа. Харин эмч, ажилтнуудын цалин урамшууллыг нэмэгдүүлэх тал дээр шийдвэрлэх цаг болсон гэж боддог. Эрүүл мэндийн салбарт ар гэрийнхээ хоногийн хоол, амьдрах хашаа, байрныхаа түрээс, автобус унааныхаа мөнгө, хүүхдэдээ сургуулийн дүрэмт хувцас яаж авч өгдөг билээ гэж санаа зовж, хэнээс, хаанаас мөнгө зээлэхээ, өрөө яаж өгөх тухайгаа бодож, сэтгэл санаа тайван биш, сандарч, хонон өнжин хүний төлөө зүтгээд ч авч байгаа цалин мөнгө нь амьдралд нь хүрэлцэхгүй зээл авч урд хормойгоо хойд хормойгоороо нөхөж, амьдарч байгаа олон хүн бий. Нийгмийн эмзэг бүлэгт багтахаар олон эмэгтэйчүүд энэ салбарын хүнд ачааг үүрэлцэж та бидэнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна шүү дээ. Үйлчилж байгаа хүндээ маш сайн анхаарал хандуулж, нягт нямбай, тайван ажиллахын тулд тэр эмчийн, сувилагчийн сэтгэл уужуу, тайван, амьдрал нь боломжийн байх нь маш чухал юм.
Манай хүн амын дунд ямар өвчин зонхилж байна? Эмнэлгийн тусламж, эмчилгээ оношилгоог сайжруулах талаар ямар ажлууд хийгдэж байна вэ?
Хүн амын дунд тархины цус харвалт, зүрхний шигдээсээр өвчилж, эндэх тохиолдол зонхилж байна. Энэ нь залуу хүмүүст элбэг тохиолдож байгаа. Үүнтэй уялдуулан тархины цус харвалт, зүрхний шигдээсийн үед яаралтай арга хэмжээ авах, оношлох, эмчлэх, харвалтын дараа нөхөн сэргээх цогц тусламж үзүүлэх орчин үеийн дэвшилтэт техник, технологи бүхий 40 ортой эрчимт эмчилгээний тасгийг Улсын гуравдугаар төв эмнэлэгт нээлээ.
Тус тасагт өндөр хүчин чадалтай судасны зураг авах шинжилгээ хийдэг ангиографи, түүнчлэн зургийг нь авах зориулалтын кат лаборатори, бүх эрхтэний зургийг компьютрээр авах томографи /кт/ болон бусад шаардлагатай багаж, тоног төхөөрөмжийг суурилуулж, цус харвалт, зүрхний мэс заслын болон зүрхний шигдээс өвчнийг эмчлэх эрчимт эмчилгээ, нөхөн сэргээх тасгуудыг бэхжүүлэхэд нийт 12 тэрбум төгрөгийг Монголын мянганы сорилтын сангаас санхүүжүүлсэн. Энэ тасгийг нээснээр цус харвалт, зүрхний шигдээсийн үед үзүүлэх тусламжийг аль болох яаралтай, эрт үзүүлэх, хүний амь насыг аврах, эмгэг үлдэцийг бууруулах боломж нэмэгдлээ. Нийт 15 эмч, мэргэжилтнүүдийг мэдрэлийн сэхээн амьдруулах, ангиографи болон пейсмэкр, нөхөн сэргээх, физик эмчилгээ, тархины цус харвалт, зүрхний шигдээсийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээний чиглэлээр нэгээс зургаан сарын хугацаатайгаар гадаадын өндөр хөгжилтэй орнуудад суралцуулан бэлтгээд байна.
Хүүхдийн бөөрний архаг, хурц дутлын эцсийн шатанд хийх эмчилгээтэй холбоотой бэрхшээл их байдаг. Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвд хүүхдийн нас, биеийн харьцаанд тохирсон гемодиалезийн шүүлтүүр, магистралийн хангамжийг суурилуулж 4 ортой бөөр орлуулах /гемодиалез/ эмчилгээний тасгийг нээн ажиллуулж байна.
Мөн Орхон, Дорнод аймгийн Нэгдсэн эмнэлгүүдэд тус бүр 2, Улсын гуравдугаар төв эмнэлэгт 6 ортой Гемодиалез эмчилгээний тасгийг нээв. Тус эмчилгээг хийхэд чухал шаардлагатай ус цэвэршүүлэх систем, бусад техникийн дагалдах хэрэгслийг суурилуулж, хүн амд үйлчилж эхэлснээр бөөрний хурц болон архаг дутагдалтай өвчтөнүүдэд бөөр орлох эмчилгээг цаг алдалгүй үзүүлж амь насыг нь аврах, уртасгах боломж бүрдсэн.
Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд Перинатологийн төв, удам зүйн лабораторийг байгуулж, ургийн гаж хөгжлийг эхийн хэвлийд нь эрт илрүүлж, оношлох боломжтой болсон зэрэг томоохон ажлууд хийгдээд байна.
Манай эмч нар Олон улсын түвшинд хийгдэж байгаа эмчилгээний арга технологийг эх орондоо нэвтрүүлж чадаж байна уу?
Олон улсын түвшинд ч хэцүүд тооцогддог эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал эмчилгээг бөөр, элэг, нүдний эвэрлэг, үе, арьс гэсэн хэд хэдэн чиглэлээр манай эмч нар хийж байна. Одоо Улсын нэгдүгээр төв эмнэлэгт чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ аргыг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Засгийн газраас шинэчлэлийн бодлогын хүрээнд чөмөг, элэг шилжүүлэн суулгахад шаардлагатай багаж, тоног төхөөрөмжөөр хангахад зориулж 4.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шаардлагатай тоног төхөөрөмж авах, эмч мэргэжилтнүүдээ бэлтгэхэд зарцуулж байна.
Зөвхөн эрхтэн шилжүүлэн суулгах чиглэлээр төдийгүй анагаах ухааны бүх л чиглэлээр оношилгоо эмчилгээнд дэвшилттэй аргуудыг нэвтрүүлэх ажлыг эмч нар, эмнэлгүүд хийж байна.
Аймаг, орон нутгийн эмнэлгүүдийн хүчин чадал, оношилгоо, эмчилгээг сайжруулах тал дээр ямар ажил хийгдэж байна вэ?
Хөдөө орон нутагт ажиллаж, амьдардаг иргэд маань аймгийн нэгдсэн эмнэлэг, сум, тосгон, өрхийн эрүүл мэндийн төвд үйлчлүүлж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авдаг. Гэсэн хэдий ч шаардлага гарвал нарийн шинжилгээ, эмчилгээ хийлгэнэ гээд нийслэл хотыг зорьж ирэн их зардал гаргаж, өөрсдөдөө чирэгдэл учруулах болдог. Ихэвчлэн өвчтэй хүн ганцаараа хот руу ирэхгүй шүү дээ. Наад зах нь гэр бүлээс нь нэг хүн дагаж ирнэ. Хотод айлд ирнэ, эмнэлгийн дараалал хүлээнэ, эмнэлэгт хэвтэнэ. Мөн айлаас хоол унд зөөх болдог гээд бэрхшээл их.
Ард иргэдийн өмнө үүсээд буй энэ байдлыг аль болох орон нутагт нь шийдэхийг бид зорьж байна. МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн дэмжлэгтэйгээр 11 аймгийн нэгдсэн эмнэлгийг өргөжүүлж оношилгооны төв байгуулж, 30 орчим нэр төрлийн багаж, тоног төхөөрөмжөөр хангах юм. Түүнчлэн компьютер томограф, ходоод гэдэсний болон 4 төрлийн дуран дээр ажиллах эмч, мэргэжилтнүүдийг сургах, дадлагажуулах сургалтыг эхлүүлээд явж байна.
Мөн хавдартай өвчтөнүүд хими эмчилгээ хийлгэхийн тулд заавал нийслэл хот руу Хавдар судлалын үндэсний төвд ирдэг. Тэнд ачаалал, хүлээгдэл маш их. Тиймээс энэ төрлийн эмчилгээг аймаг, орон нутагт нь хийдэг болгохын тулд эмч мэргэжилтэн бэлтгэх курс, сургалтыг хийлгэж, шаардлагатай тоног төхөөрөмж, эм хэрэгслээр хангахаар ажиллаж байгаа. Бид одоо үзүүлж буй тусламж, үйлчилгээгээ улам сайжруулж, боловсронгуй болгохоор ажиллаж байна.
Танд баярлалаа. Ярилцсан Ж.Отгон