Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар өнөөдөр /2020.02.05/ мэдээлэл хийлээ.
Эрүүл мэндийн яамны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Монгол Улс шинэ коронавирусийн халдварын эрсдэл өндөр орны тоонд багтсан. БНХАУ-аас болон бусад орноос эх орондоо ирж буй монгол иргэдийн тоо эрс нэмэгдэж байна.
Шинэ коронавирусийн халдвар гарсан орнуудад зорчихгүй байхыг бид зөвлөж байгаа ч өвчлөл гарсан оронд зорчоод ирсэн Дархан-Уул аймгийн иргэнд халуурах шинж тэмдэг илэрсэн.
Тухайн иргэн өөрийгөө тусгаарлаж, эрүүл мэндийн байгууллагад хандсан нь сайн талтай. Тухайн иргэнд тандалт, шинжилгээ хийж байна.
Иргэд өвчлөл гарсан улс оронд зорчихгүй байх зөвлөмжийг дагах хэрэгтэй байна. Зорчоод ирсэн тохиолдол томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрвэл амны хаалт зүүгээд, эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй байна” гэв.