Эрүүл мэндийн яамны мэдээллийн үеэр ЗТХЯ-наас мөн мэдээлэл өглөө.
Энэ үеэр ЗТХЯ-ны төлөөлөл мэдээлэл өглөө. Тэрбээр “Коронавирусын эрсдэлээс сэргийлэх үүднээс Улсын Онцгой комисс, Засгийн газраас өнгөрсөн хоёр сарын хугацаанд өгч буй үүрэг, чиглэлүүдийг Зам, тээврийн хөгжлийн яам шуурхай хэрэгжүүлж байгаа. Өнгөрсөн хугацаанд Зам, тээврийн хөгжлийн сайд долоон удаа тушаал гаргасан. Салбарын ажилтнууд 24 цагаар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Зам, тээврийн салбарын 24 мянган ажилтны 16 мянга нь өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байгаа” гэлээ.
Өнгөрсөн хугацаанд 731 иргэнийг Монголд авчраад байгаа аж. Гадаадын улс орнуудаас авчирсан иргэдийг эмнэлгийн байгууллага, тусгаарлах байруудад хүргэх ажлыг АТҮТ зохион байгуулж байна. Уг ажилд оролцсон ажилчдаа эргээд 14 хоногт тусгаарлаж байгаа гэдгийг мөн хэллээ.
Үргэлжлүүлэн “Улаанбаатар-Стамбул чиглэлийн OM7161 дугаартай тусгай нислэг өнөөдөр /2020.03.18/ өглөө 06:46 цагт хөөрч, Стамбулд орон нутгийн цагаар өглөөний 10:22 цагт буухаар тооцож байна. Уг нислэгээр 102 зорчигч, 4012 кг карго, 197.8 кг шуудан тээвэрлэж явсан бол Стамбул-Улаанбаатар чиглэлийн OM7262 дугаартай тусгай нислэг Стамбулаас орон нутгийн цагаар 11:40 цагт хөөрч, Улаанбаатарт гуравдугаар сарын 19-ний 01:00 цагт буухаар төлөвлөж байна. Ирэх нислэгээр 256 зорчигч, есөн тонн карго тээвэрлэн ирэх юм. Зам, тээврийн хөгжлийн яам нь холбогдох байгууллагуудын хамт тус үйл ажиллагаатай холбоотой бүхий л бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна” гэсэн мэдээлэл хийлээ.