“Мобиком” 2000 гаруй гэрээт борлуулагчаасаа нүүрээ буруулах нь

7logoҮүрэн холбооны үндэсний оператор “Мобиком” кор­порацитай холбоотой бас нэгэн таагүй мэдээлэл ир­лээ. Тус компанийн нэг­жийг борлуулдаг толгой дил­лер хийдэг гэрээт бор­луулагчдаа энэ сарын 21-25-ны хооронд гэрээгээ шинэчилэхийг дуулгажээ.

Ул­маар “А” диллер гэх эдгээр борлуулагчийг гэрээ­гээ шинэчлэхээр очтол “Ма­най компанид толгой диллер гэж байхаа болилоо. Та нар нэгжээ аваад шууд хэрэг­лэгчдэд худалдвал худалд, үгүй бол гэрээгээ цуцал” гэ­сэн байна.

Ийнхүү нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй 2000 толгой диллер  төдийгүй  орон нутгийн толгой диллерүү­дээсээ нүүр буруулж буй “Мобиком” корпорацид  гомдолтой бай­гаа тэд ШӨХТГ-т хандаад байгаа юм. Бид тус компанид “А” диллерээр ажиллаж байсан зарим иргэнтэй уулзаж ярил­цав.

“Мобиком” компанийн “А” диллер Н.Жаргал:

-Та нар “Мобиком”-оос өөрсдийнхөө мөнгөөр нэгж худалдан авдаг байсан юм байна. Харин хэдэн хувийн ашиг олдог байв?

-Бид “Мобиком” компа­ниас өөрсдийнхөө мөнгөөр нэгж худалдан авч энэ тэ­рүү­­гээр явж гэрээт бор­луулагч нарт түгээдэг. Нэг ёсондоо өөрсдийнхөө доор борлуулагчид элсүүлдэг юм. Улмаар бид хоёр, гэрээт борлуулагчид гурван хувийн ашиг олдог. Өнөөдөр бидний хүчинд “Мобиком” компани 10 мянган мобайл диллертэй болсон. Гэтэл өнөөдөр биднийг гэнэт гудамжинд гаргаж байна.

-Ингэхэд та бүхэнд хууль ёсны гэрээ бий юу. Гэрээ­гээ цуцлах тухайгаа хэзээ мэ­дэгдсэн бэ?

-“Мобиком” компанийн бор­луулалтыг хариуцсан “Нью Тел” компани хоёртой гурвалсан гэрээ байгуулсан. Энэ нь оны эхэнд автоматаар сунгагдаж явсаар өдийг хүр­сэн.

Харин энэ жил гэрээ шинэчилж бай­гуулна гэж биднийг дууд­чихаад бор­луулагч хийвэл хий, үгүй бол баяртай гэж байгаад үнэхээр харамсалтай байна. Нэг үгээр бол бид гэнэт ажилгүй болж байна гэсэн үг. Гэрээгээ цуцлана гэдгээ 5-6 сарын өмнө мэдэгдсэн бол өөр шүү дээ.

-“А” диллер хийж бай­гаад ажилгүй болж буй хү­мүүс нэгдээд байгаа юм байна. Та нар одоо ямар шаард­лага тавьж байгаа вэ?

-“Мобиком” компанид биднийг гэнэт ажилгүй болгох эрх байна уу. Бид зах зээлийн зарчмаар ша­хагдаад гарч байгаа бол хамаа алга. Тэд шууд гэрээт борлуулагчтай гэрээ бай­гуулж байгаа аваас давуу нөхц­лийг нь танилцуулах хэрэг­тэй. Ингэвэл “А” диллерүүд чимээгүйхэн га­раад явчихна. Гэхдээ гэрээт борлуулагчдыг бид л сур­гасан. Тиймээс тэд ч гэсэн бидэн­тэй хамтарч ажиллах сонирхолтой байна лээ.

“Мобиком” компанийн “А” диллер Х.Гэрэлмаа

-Та нар “Мобиком” ком­па­­нийн удирдлагуудтай уулз­­сан уу?

-Чадаагүй. Бид нэг л зүйл ярих учраас бөөнөөрөө ороод уулзья гэхээр оруулахгүй байна. Дадлагын хүүхэд аятай жаахан охидуудтай л нэг нэгээрээ уулзлаа. Тэд ийм шийдвэр гарсан, энэ дагуу ажиллана. Илүү дутуу юмыг нь мэдэхгүй гэх юм. Тэдний зүгээс зарим “А” диллерүүд ажлаа хийхгүй байна гэх мэдэгдэл хийж байсан. Тэгвэл тэдгээр хүмүүстэйгээ л хариуцлага тооцох хэрэгтэй биз дээ.

-Саяхан “Мобиком” ком­пани хэрэглэгчдээсээ илүү мөнгө авдаг нь тогтоогдсон. Харин та нарт иймэрхүү асуудал гарч байв уу?

-Яг миний хувьд гарсан юм байхгүй. Харин зарим нэг хүний ярьж байгаагаар авсан нэгжээс нь дутлаа, илүү гарлаа гэж байхыг олон сонссон. Одоо гэрээт борлуулагчдаа “10 шинэ ду­гаар зар. Тэгэхгүй бол гэрээ байгуулахгүй” гэ­сэн шаардлагыг тавьж байна. Хэдийгээр энэ нь наа­наа гэрээт борлуу­лагч­дад дугаар зардаг болж буй мэт сайхан хараг­даж бай­гаа ч цаанаа “Мобиком” өөрс­дийнхөө бүтээг­дэхүү­нийг шахаж байгаагийн нэг хэл­бэр шүү дээ.

-Таны сарын орлого хэд вэ?

-Бид 100 мянган төгрөгөөс 2000, мобайл диллерүүд 3000 төгрөгийн ашиг олдог. Харин үлдэж буй 95 мянган төгрөг нь “Мобиком”-ын ашиг гэж ойлгодог. Миний хувьд доороо 70 мобайл диллертэй сард дунджаар 500-600 мянган төгрөгийн ашиг олдог. Зүгээр суугаад ашиг олчи­хно гэж байхгүй. Энэ тэндхийн дэлгүүрээр явж тараасан нэгжийнхээ мөн­гийг цуглуулж авдаг. Бидний хөдөлмөрийг ин­гэж ашиглачихаад гэнэт гудам­жинд гаргаж байгаад гомдолтой байна.

-Гэрээ цуцлагдснаар гарч болох эрсдэл юу байна?

-Бид 100 хувь өөрс­дийнхөө мөнгөөр зээл авах нь авч нэгж бөөндөн аваад жижиглэнгийн худалдаачдад зардаг. Ингэхээр нэгж борлохгүй байх, мөнгөө өгөх­гүй байгаа мобайл диллер бас байна. Энэ бүх эрсдэл нь бидний толгой дээр л буу­на. “Мобиком”-д ямар ч эрсдэлгүй.

“Мобиком”-ыг энэ сарын 6-нд гарсан зөрчилд нь 10 сая төгрөгний торгууль тавьсан

 Эдгээр хүний ярианаас үзэхэд “Мобиком” компани өнөөдрийн  амжилтад  хү­рэхэд чухал нөлөө үзүүлсэн толгой диллер гэх ашиг орлогынх нь гол үндэс болсон 2000 гаруй иргэнийг ажилгүй болгож, шууд мобайл диллерүүдтэй гэрээ байгуулан ажиллахаар бо­лоод байгаа аж. Харин гэнэт ажилгүй боллоо хэмээн гом­дол гаргаж буй “А” дил­­лерүүдийн гаргаж буй асуудал болон хэрэглэгчдийн ярианы төлбөр дээр мөнгө нэмж авсан асуудлаар ШӨХТГ-ын Өрсөлдөөний зо­хи­­цуулалтын хэлтсийн дар­га Л.Ган-Өлзийгөөс зарим зүй­лийг тодрууллаа.

-“Мобиком” компанийн “А” диллерүүдийн гаргаж буй гомдлын хэрхэн шийдвэрлэх вэ?

-Бид годлын дагуу “Нью Тел” компаниас гэрээт борлуулагч, толгой дилле­рүүдтэй холбоотой гэрээ материалыг нь авч шалгаж байна. Мөн гомдолтой бай­гаа толгой диллерүүдтэй ч уулзсан. Энэ байдлаас хара­хад байгуулсан гэрээний хугацаа дуусаагүй байхад нэг талаас гэрээг цуцалж бай­на. Үүнийг нарийвчлан шалгах болно.

-Эцсийн шийдвэр яг хэзээ гарах бол?

-Ирэх долоо хоногт.

-“Мобиком”-ын шалгалт ямар түвшинд явагдаж байна вэ. Хэчнээн хэрэглэгчийн төлбөр хэрэглээнээсээ илүү тооцогдсоныг нь тогтоов уу?

-Манай агентлагийн дэд дарга А.Ариунболдын удирдамжийн дагуу үү­­рэн холбооны дөрвөн опе­ра­тор компанид хя­налт шал­галтхийж бай­на. Шалгалт 2013 оны есдү­гээр сарын 16-наас 11 дүгээр сарын 15 хүртэл үргэлжилнэ.

Шалгалтын явцад “Мо­биком” ком­па­нийн дараа төлбөрт дугаар ашигладаг зарим хэрэг­лэгчдийн утасны төлбөр хэрэг­лээнээсээ өндөр гардаг  байсан  нь  тогтоогдсон. Үүн­­тэй холбоо­той дээрх асууд­­­лыг  хүлээн зөвшөөрсөн, тус компанийн гүйцэтгэх захирал Дэвид Холлидэйн гарын үсэгтэй албан бичиг бидэнд ирсэн байгаа. Харин манай зүгээс “Мобиком” компанид энэ сарын 6-нд гаргасан зөр­чилд нь 10 сая төгрөг, гүй­цэтгэх захирал Дэвид Холлидэйд 960 мянган төг­рөгийн торгууль оноосон.

-Мобиком”-ын зүгээс 2013 оны аравдугаар сарын 6-нд гарсан зөрчлийг өөрс­дөө дотоод аудитаар илрүүл­сэн. Үүнийг ШӨХТГ өөрсдөө илрүүлсэн юм шиг мэдэг­дэл хийсэнд гайхаж байгаа тухайгаа хэлж байсан?

-Манай шалгалт есдүгээр сарын 16-нд эхэлсэн. Шал­галт хийж байх хугацаанд энэ зөрчил илэрсэн нь үнэн. Нөгөө талаасаа манайх тө­рийн байгууллага.

Бид хэн нь илрүүлсэн бэ, аль нь үнэн худал гэдэг дээр хэв­лэлээр хэрүүл хийгээд байх нь утгагүй зүйл. Хэрвээ гом­долтой  байгаа бол шүү­хэд хандах хэрэгтэй.

 Д.Баяржаргал 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …