Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Монголын үндэсний олон нийтийн радио, телевизтэй Хамтран ажиллах санамж бичиг байгуулав.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц нар гарын үсэг зурж баталгаажуулсан уг Санамж бичгээр хоёр тал “MNB гэр бүл” телевизийн шинэ сувгийг нээн хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийг дэмжих, тэдэнд нэн шаардлагатай боловсрол, эрүүл мэнд, танин мэдэхүй, түүх уламжлал, соёл ёс заншил, хууль эрх зүй зэрэг бүхий л мэдээллийг дагнасан нэг сувгаар өгөх том төслийг хамтран хэрэгжүүлэхээр эхлүүлж буй юм.
С.Чинзориг сайд хүүхэд, гэр бүлд чиглэсэн нэвтрүүлгийн бодлоготой тусгай сувагтай болох санаачилгыг ажил хэрэг болгохын төлөө хоёр тал өнгөрсөн нэг жилийн хугацаанд чамгүй олон асуудлыг шийдэж амжилттай ажилласныг тэмдэглээд МҮОНРТ-ийн удирдлага болон хамт олонд талархал илэрхийллээ.
Тэрбээр хэлсэн үгэндээ төр засгийн шийдвэрийг олон нийтэд хүргэх, зөв таниулах, сурталчлах, иргэд, олон нийтийг соён гэгээрүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг үе шаттай тасралтгүй зохион байгуулж, иргэдийн хяналт, оролцоо, сайн дурын үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллах шаардлага Засгийн газарт бий гэдгийг онцлоод “Гэр бүлийн суваг нь эх орны ирээдүй болсон хүүхэд багачуудад хөгжих, төлөвших ээлтэй орчин бүрдүүлэх, тэдэнд эх орон, байгаль дэлхий, үндэсний уламжлал, түүх, хэл бичиг, өв соёл, урлаг, ахмад үеэ хайрлах үзэл, хүмүүжил төлөвшүүлэх, олон талын өргөн мэдээлэл өгөх танин мэдэхүйн үр дүнтэй нэвтрүүлэг, контент бүтээн хүргэх, ялангуяа аливаа эрсдэл, хүчирхийлэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн хөтөлбөрийг тасралтгүй хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн.
Энэ суваг хүүхэд, залуучууд гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн гээд нийгмийн бүлгүүдийн хэрэгцээнд нийцсэн, амьдралд нь хэрэг болохуйц мэдлэг мэдээлэл өгч, олон нийтийг соён гэгээрүүлэх ажлыг үр дүнтэй хийх үүрэг хүлээж буй юм.
МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц “Монгол Улсын ирээдүй хүүхэд багачууд, тэдний гэр бүлийн хөгжлийг дэмжиж, тэднийг шаардлагатай мэдлэг мэдээллээр хангах ажлыг үндэсний хэмжээнд хийж хэрэгжүүлэх итгэл хүлээлгэсэн Засгийн газар, ХНХЯ-ны хамт олонд нийт уран бүтээлчдийнхээ өмнөөс талархал илэрхийлье.
Бид шинэ суваг нээх бэлтгэл ажлыг жилийн өмнөөс эхэлсэн бөгөөд тодорхой асуудлуудыг ХНХЯ-тай хамтран зохион байгуулж ирлээ. Тиймээс туршилтын эфирээ тун удахгүй эхлүүлж, сувгийн нээлтээ ёслол төгөлдөр хийнэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.
Санамж бичигт гарын үсэг зурсны дараа “MNB-Гэр бүл” суваг байгуулах төслийг хариуцаж буй эрхмүүдээс сэтгэгдлийг нь сонслоо.
ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамир:Хүүхэд, гэр бүлийн асуудал зөвхөн манай салбарт хамаатай биш. Төрийн болон төрийн бус байгууллага, хувь хүн нэг үгээр үндэсний хэмжээний том асуудал. Энэ хүрээнд манай яамнаас Засгийн газарт асуудал оруулж шийдвэр гаргуулснаар “MNB-гэр бүл” сувгийг нээхээр болж өнөөдөр санамж бичиг байгууллаа. МҮОНРТ-ийг олон нийтийг соён гэгээрүүлэх чиг үүргийнхээ хүрээнд хүүхэд, залуус, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, эмэгтэй, эрэгтэй хүмүүст ер нь гэр бүлийн бүх гишүүнд хандсан нэвтрүүлэг контентийг бэлтгэн үндэсний хэмжээнд цагийн хязгаарлалтгүйгээр хүргэх боломжтой гэдэг байдлаар сонгон хамтран ажиллах санамж бичиг байгуулж буй юм. Энэ сувгаар зөвхөн хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын мэдээлэл гэдэг юм уу эсвэл энэ байгууллагын үйл ажиллагааг сурталчлах биш яг гэр бүл, хүүхэд, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр бүхий л салбарт хэрэгжиж байгаа бодлого, үйл ажиллагаа, үүний зэрэгцээ төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудын явуулж буй үйл ажиллагаа мөн олон улсад энэ чиглэлд хэрэгжүүлж буй сайн туршлагыг олон нийтэд түгээх юм.
“MNB-Гэр бүл” суваг төслийн зохицуулагч, найруулагч Н.Байгаль:МҮОНРТ-ийн хэмжээнд 5 дахь суваг буюу “МNB-гэр бүл” гэдэг сувгийг нээх төслийн хүрээнд ямар нэвтрүүлэг, ямар контент хийх бодлогоо боловсруулах, нэвтрүүлгийн сүлжээг гаргах зэрэг ажлыг урьдчилсан байдлаар хийгээд байгаа. Ерөнхийдөө гэр бүл, хүүхэд, залуучууд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан жендерийн тэгш байдлыг хангасан үндэсний контент бэлтгэх үндсэн таван редакцтай байхаар төлөвлөж байна. Хуучин нэгдүгээр суваг дээр гэр бүл, залуучууд, хүүхдэд зориулсан нэвтрүүлгүүд тогтмол явж байгаа ч цагийн хязгаартай. Тухайлбал, эрүүл мэндийн нэвтрүүлэг 7 хоногт нэг удаа ч гэдэг юм уу, хүүхдийн нэвтрүүлэг 7 хоногт 2 удаа ч гэдэг юм уу цагийн хувьд программдаа захирагдаад хязгаарлагдмал байдаг. Өнөөдөр бидний байгуулсан Санамж бичгийн хүрээнд ХНХЯ-тай хамтран тусдаа суваг байгуулахаар болж буйн үр дүнд эдгээр нэвтрүүлгийг хоногт 17 цагийн эфирээр өргөн далайцтай нэвтрүүлэх боломж бүрдэх юм. Ийм сувагтай болсноор нийгмийн гол тулгуур гэр бүлээр дамжуулан хүүхэд, залууст хэрэгтэй бүхий л чиглэлийн мэдлэг мэдээллийг хүргэх учраас нийгэмд үр нөлөөгөө өгөх чухал ажил болно гэдэгт итгэлтэй байна.