“Чингис хаан” музей байгуулах ажлын бэлтгэл бүрэн хангагдаж, барилга угсралтыг эхлүүлэх гэж байна. Энэ үед Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Чингис хаан” музей байгуулах үйл ажиллагааг мэргэжлийн зөвлөгөөгөөр хангах чиг үүрэг бүхий “Эрдэмтдийн зөвлөл”-ийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулж захирамж гаргав.
Даргаар ШУА-ийн ерөнхийлөгч, академич, ШУ-ны доктор, профессор Д.Рэгдэлийг, гишүүдийн бүрэлдэхүүнд Философийн хүрээлэнгийн зөвлөх, ШУ-ны доктор, профессор А.Цанжид, МУСГЗ, доктор профессор Л.Дашням, Монголын соёл, яруу найргийн академийн ерөнхийлөгч, зохиолч, яруу найрагч,“Чингис хаан” одонт Г.Мэнд-Ооёо, ШУА-ийн Түхх угсаатны зүйн хүрээлэнгйин салбарын эрхлэгч, доктор профессор Г.Мягмарсамбуу, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор, профессор Б.Цогтбаатар, Нийслэлийн архивын газрын дарга, доктор, дэд профессор Б.Баатархүү, ИЗИС-ын захирал, доктор, профессор Н.Ням-Осор, УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар, Бурханч лам, доктор Г.Пүрэвбат нарыг томиллоо.
Уулзалтаар Ерөнхий сайд Монгол Улсын Засгийн газраас соёл, урлагийн салбарыг хөгжүүлэх чиглэлд баримталж буй бодлого, Чингис хаан музейг байгуулах шийдвэрийг гаргаснаас хойшхи ажлын явцын талаар эрдэмтэдтэй мэдээлэл солилцож, зөвлөлийн гишүүдийн саналыг сонсч, цаашид музейг төлөвлөсөн хугацааны дагуу барьж ашиглалтад оруулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа хэллээ. Музейг маш чанартай, өргөн утга агуулгатай, үндэсний үнэт өв болох, дэлхийн хэмжээнд Чингис хааныг төдийгүй, Монгол Улсынхаа үүх түүхийг сурталчлан таниулах, иргэдийнхээ шүтээн болсон тийм л үнэ цэнэтэй давтагдашгүй жишиг музей болгох ёстой, үүний төлөө хичээн ажиллахыг хүсч байна, үүрэг болгож байна гэлээ.