2019 оны VI-XII сард орон даяар зохион байгуулагдсан Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгт нийт 5442 байгууллага хамрагджээ. Эдгээрээс 172 байгууллагад улсын үзлэг зохион байгуулах Төв комисс үзлэг, шалгалт хийсэн байна.
Байгууллагуудыг төр, засгийн дээд байгууллага, яамд; Засгийн газрын харьяа агентлагууд; нийслэлийн төр, захиргааны байгууллагууд; аймгууд; төрийн өмчит компани, үйлдвэрийн газрууд гэсэн 5 ангиллаар шалгаруулахад төр, засгийн дээд болон яамдын ангилалд багтсан 27 байгууллагаас Монгол Улсын Их Хурлын Тамгын газар тэргүүлжээ.
Улсын Их Хурлын Тамгын газар энэхүү үзлэгт 96.37 хувьтай дүгнэгдсэн байна.
Үзлэгт тэргүүлсэн байгууллагуудад Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар нар өчигдөр шагнал гардуулж, баяр хүргэлээ.
Бусад дөрвөн ангилалд Цагдаагийн ерөнхий газар, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Баянхонгор аймаг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ тус тус тэргүүлжээ.