Улаанбаатар хотод 2020 онд хийгдэх зам барилга, зам засвартай холбоотой төсөл арга хэмжээнүүдийн талаар Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас цахимаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг нийслэлийн Автозамын хөгжлийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Индра, Автозамын хөгжлийн газрын орлогч даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Төрбилэг, Автозамын хөгжлийн газрын орлогч даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Мөнх-Од, Автозамын хөгжлийн газрын Бодлого зохицуулалтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Энхбаатар, Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн ахлах дэслэгч Ч.Чимидбат нар өгөв.
Энэ жил Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 30, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 9, нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 83, орон нутгийн хөгжлийн сангаар 36, хоёр улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар 3 төсөл арга хэмжээ хэрэгжих аж. Нийслэл хотод 52,5 км авто замыг шинээр хийгдэхээр төлөвлөсөн бөгөөд 17,5 км уулзваруудыг өргөтгөж, 178,6 мерт урт гүүрэнд засвар хийгдэх юм байна. Мөн хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор автомашины 4 нүхэн гарц хийгдэхээр төлөвлөгджээ.
Нийслэлийн Автозамын хөгжлийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Индра “Улаанбаатар хотын автомашины хөдөлгөөн өдөр ирэх тусам өсөн нэмэгдэж байна. Автомашины түгжрэлийг бууруулах зорилгоор гэр хороолол руу түлхүү автозам тавих болно. Нийт 175 байршилд хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан рампыг унагах ажлыг хийхээр төлөвлөгдөж байна.
Замын тэмдэг тэмдэглээг сайжруулна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан стандартын дагуу завсар үйлчилгээний ажлууд хийгдэнэ. Нийтийн тээврийн зогсоолыг шинээр 9 байршилд хийнэ. Сонсголон, Яармагийн гүүр ашиглалтад орсон байгаа. Одоогоор Замын цагдаагийн гүүрэн гарцны гүүрийг үргэлжлүүлэн хийхээр бэлтгэж байна. Налайхын замыг үргэлжлүүлэн өнгө хучилтын ажлууд хийгдэнэ. Ингэхдээ ямар нэгэн зам хаах асуудал байхгүй энэ жил бүрэн ашиглалтад орно” гэдгийг онцолж хэллээ. Тэрбээр мэдээллийнхээ үеэр нийслэлийн Автозамын газраас 14 хоног тутам хийгдэж буй ажлын явцын талаар иргэдэд мэдээллэж байхыг хэлсэн юм.
Улаанбаатар хотод 52 км дугуйн замыг хатуу хучилттай буюу асфальтаар хийх юм байна. Мөн Богд-Уулын арын хэсгээр Налайх хүртэл дугуйн зам барихаар төлөвлөгдөж байгаа бөгөөд ингэснээр мэргэжлийн дугуйчид болон иргэд дугуйгаар зорчих, Налайхаас иргэд заавал нийтийн тээвэр, өөрийн автомашинаар зорчих шаардлагагүй болно гэв.
Нийслэлийн иргэдийн 39.3 хувь нь нийтийн тээврээр зорчдог, 6.5 хувь нь алхдаг, 2.6 хувь нь таксиддаг, 2.4 хувь нь унадаг дугуй, мопедоор зорчдог бол 49.2 хувь нь автомашинаар зорчдог гэсэн судалгаа байгаа учир түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг бууруулахын тулд дугуйн замыг шинээр барихаар болжээ.
Гурвалжингийн гүүрийг энэ сарын 22-27-нд засварлахаар болсон тухай энэ үеэр мэдээллээ. Уг гүүр нь 108 метр урт, 28.5 метрийн өргөнтэй төмөр бетон хийцтэй бөгөөд 2007 онд ээлжит засвар хийж байжээ. Одоогийн байдлаар гүүрний хоёр хэсэгт хэв гажилт үүссэн, эвдрэл ихтэй байгаа юм.
Үүнтэй холбоотойгоор хөдөлгөөнийг хэрхэн зохион байгуулах талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн ахлах дэслэгч Ч.Чимидбат хэлэхдээ “Дөрөвдүгээр сарын 22-ны 22:00 цагаас 27-ны 06:00 цаг хүртэл Гурвалжингийн гүүрийг засварлахтай холбогдуулан хөдөлгөөнийг түр хугацаагаар өөрчлөн зохион байгуулна. Ингэхдээ нэг урсгалд эсрэг хөдөлгөөнөөр зохион байгуулах тул иргэд хөдөлгөөн зохицуулагчийн тавьсан шаардлагыг биелүүлэхийг хүсэж байна. Засварын хугацаанд тухайн орчимд хөдөлгөөний ачаалал нэмэгдэх тул иргэд, жолооч та бүхэн аль болох тухайн замаар зорчихгүй байх, шаардлагатай тохиолдолд нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхийг хүсэж байна” хэмээв.