Хаврын тохижилтын ажлын явц байдалтай биечлэн танилцах зорилгоор Чингэлтэй дүүргийн 15-19-р хорооны нутаг дэвсгэрт таван байршилд хийж байгаа гэр хорооллын гудамж дундах зам засвар, машин зорчдог хэсгийн замыг тэгшлэх, өгсүүр хэсэгт шинээр зам тавих боломж байгаа эсэхтэй Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Л.Ариунтуяа, Засаг дарга Н.Батсүмбэрэл, Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, ЗДТГ-ын дарга Б.Цэрэн болон холбогдох албаны мэргэжилтнүүд ажиллалаа.
Энэ үеэр иргэдийн төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо. Зам засварын ажлыг “Чингэлтэй тохижилт үйлчилгээ” ХХК-ийнхан хариуцан гүйцэтгэж байна. Цаашид иргэдийн хүсэлтийн дагуу гэр хорооллын дундах замын сүлжээг сайжруулахаар чулуун замыг шинээр тавьж болох юм гэдгийг дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл онцоллоо. Учир нь Чингэлтэй дүүргийн хувьд нийслэлийн хэмжээнд хамгийн их чулуун зам тавигдсан дүүрэг. Чулуун зам нь хагарах, хөлдөх, эвдрэх зэрэг хүндрэл гардаггүй. Мөн зам тавигдсаны дараа инженерийн шугам сүлжээ шинээр тавих бүрэн боломжтой юм байна.