Улсын Дээд шүүх Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2020 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр хянан хэлэлцсэн билээ.
Шүүгдэгч нарын өмгөөлөгчид Улсын Дээд шүүхийн шүүгчийн 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 34 дүгээр захирамжид гомдол гаргасан байдаг. Дээрх хуралдаанаас Улсын Дээд шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн бөгөөд Б.Хурц нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх дахин хэлэлцэхээр болсон юм.
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Монгол Улсын Дээд шүүхээс Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Б.Хурц нарын есөн хүнд холбогдох эрүүгийн хэргийг хүлээн авчээ. Улмаар тэдний гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 9:00 цагт хийхээр товлосон байна.
Хэргийг сануулахад, Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн, гүйцэтгэх ажлын журам зөрчсөн хэргээр Б.Хурц нарын есөн хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн билээ.