ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө.
Тэрбээр “Тавдугаар сарын 12-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори болон Дархан-Уул аймгийн лабораторид нийт 266 хүний шинжилгээ хийлээ. Ингэхэд бүгдээс нь коронавирусийн халдвар илрээгүй.
Тодруулбал,ХӨСҮТ-д тусгаарлагдсан 7, Ажиглах байранд тусгаарлагдсан 242 хүний давтан шинжилгээ, Тандалтын зорилгоор 5 хүнээс шинжилгээ авахад коронавирус илрээгүй. Тандалтын зорилгоор Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс тус тус сорьц авсан. Мөн Дархан-Уул аймгийн Вирус судлалын лабораторид ачаа тээврийн 12 жолоочид шинжилгээ авахад халдвар илрээгүй.
Бид ОХУ-аас оюутнуудыг хүлээн авах ажлыг зохион байгуулж байна. Голомтот газраас ирж байгаа тул онцгой анхааран ажиллана” гэв.