Нийслэлийн долоо хоногийн тойм

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2020 оны тавдугаар сарын 11-нээс тавдугаар сарын 18-ний өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна.

Маршалын гүүрнээс Улиастайн гүүр хүртэлх дугуйн зам ирэх сард ашиглалтад орно

Улаанбаатар хотын хэмжээнд төлөвлөсөн ажлууд шат шатандаа үргэлжилж байна. Авто замыг хөгжүүлэх 2030 он хүртэлх мастер төлөвлөгөөнд багтсан дугуйн замыг шинээр тавих ажлын хүрээнд Яармаг- Зайсан- Маршалын гүүр гэсэн чиглэлд 52 км урттай дугуйн замыг барих бөгөөд эхний  ээлжид Маршалын гүүрнээс Улиастайн гүүр хүртэл дугуйн зам зургаадугаар сарын 10-н гэхэд бэлэн болно гэдгийг  нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан хэллээ. Иргэдийн зүгээс автозамын үндсэн трассаас зайтай, аюулгүй стандарт бүхий дугуйн зам хэрэгтэй байна гэх хүсэлтүүд ирсэн учраас Таван шар – Саппоро, Саппоро – Баянбүрд, МУБИС – Зүүн 4 зам,  Зүүн 4 зам – Офицеруудын ордон,  Яармагийн гүүр – Маршалын гүүр – Зайсангийн гүүр – Скай Ресорт – Баянзүрхийн товчоо – Налайхын замтай тус тус холбосон дугуйн зам баригдах юм байна. Төв зам дагуу, автомашины замаас ангид, аюулгүй байдлыг хангасан стандартын шаардлага хангасан дугуйн зам баригдаж байгаа гэдгийг дурдлаа. Жишээ нь, Маршалын гүүрнээс Гачууртын Улиастайн гүүр хүртэл бүрэн гэрэлтүүлэгтэй, хоёр талдаа автомашины зогсоолтой, дундаа амралтын зогсоолтой 7.2 км урт үргэлжлэх явган хүний болон дугуйн зам зургаадугаар сарын 10-ний өдөр гэхэд бэлэн болж, үлдсэн ажлуудыг цааш үргэлжлүүлэн хийнэ хэмээн хотын Захирагч мэдээллээ.

Нийслэл үнэт цаас гаргаж зах зээлд бэлэн байгаа орон сууцыг худалдан авч, түрээслээд өмчлөх хэлбэрээр иргэдийг орон сууцжуулна

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан  мэдээллийн цагаараа Улаанбаатар хотод анх удаа бонд гаргаж иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлж байгаа талаар онцоллоо.Нийслэлд хөрөнгөөр баталгаажсан бондыг гаргах замаар зах зээлд борлуулагдахгүй бэлэн байгаа орон сууцыг нийслэлийн Орон сууцны корпораци худалдан авч улмаар түрээслээд өмчлөх хэлбэрээр иргэдийг орон сууцжуулах ажлыг зохион байгуулж байна. Нийслэлийн Засаг даргын хэлснээр уг хөтөлбөрийг УИХ, Засгийн газарт танилцуулж, тогтоол шийдвэр нь гараад байгаа аж. Мөн  Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо болон бусад холбогдох газрууд нийслэлийн Орон сууцны корпорацитай хамтран Ипотекийн корпорацийг байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлэхээр бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна. Гэр хорооллын 220 гаруй мянган айл өрхийг богино хугацаанд орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжиж эхэлж байна. Нийслэл хотын иргэн бүр тодорхой шалгуурын дагуу түрээслээд өмчлөх энэхүү хөтөлбөрт хамрагдах боломжтой. Одоогийн байдлаар түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт 35 мянган иргэн хүсэлтээ ирүүлээд байгаа аж. Нэг дор бүх иргэдийг орон сууцжуулах боломжгүй учир үе шат, дарааллаар нь хөтөлбөрт хамруулаад явах юм. 50 метр квадрат орон сууцанд сар бүр 394 000 төгрөг, 60 метр квадрат бол сар бүр 490 000 төгрөг, 70 метр квадратад 690 000 төгрөгийг төлөөд түрээслээд өмчлөх байдлаар орон сууцтай болох боломж бий. Тухайн иргэн сар бүр илүү төлөлт хийж, орон сууцаа богино хугацаанд өмчлөх эрх нь ч нээлттэй байгаа юм. 

“Урт цагаан” үйлчилгээний төвийг дахин төлөвлөх уралдаанд ирүүлсэн бүтээлүүдэд иргэдээс санал авч байна

Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/520 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн өмчийн 3 дугаар байр буюу “УРТ ЦАГААН” үйлчилгээний төвийн барилгыг дахин төлөвлөх концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдааныг иргэд олон нийтийн дунд дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс энэ сарын 11-ны өдрийг хүртэлх хугацаанд зарласан юм. Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь уран бүтээлчид, оюутан, залуус, олон нийтийн байгууллага, төрийн бус байгууллагууд болон ОХУ, Швед, Нидерланд, БНХАУ зэрэг улсуудаас нийт 28 баг бүтээлээ ирүүлжээ. Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат “Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс хамгийн их санал авсан гурван бүтээлийг шалгаруулна. Шилдэг гурван бүтээлийг ажлын хэсгээс дахин санал хураалгаад цорын ганц шилдэг бүтээлээр урт цагааны барилгыг шинэчлэх болно. Урт цагаан үйлчилгээний төвийн ажлыг байрыг сэргээх, иргэдээ буцаан байршуулах, хоёрдугаарт авто зогсоолын тоог нэмэгдүүлэх, мөн ногоон байгууламж цэцэрлэгт болгох, дөрөвдүгээрт жуулчдын гудамж гэсэн гол санаагаа хадгалан үлдэх ёстой” гэв. Эдгээр ирүүлсэн бүтээлүүдийг уралдааны удирдамжийн дагуу энэ сарын 12-17-ний өдрийг дуустал нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын албан ёсны цахим  http://uda.ub.gov.mn/?p=8150  хуудсаар дамжуулан иргэд олон нийтээс саналыг авах юм байна. Олон нийтээс хамгийн их санал авсан цорын ганц бүтээлээр “Урт цагаан” үйлчилгээний барилгыг сэргээн засварлах аж. Энэхүү уралдааныг мэргэжлийн байгууллага, олон нийтийн оролцоотойгоор шинэ санаа, орчин үеийн техник технологийн шийдэл бүхий шилдэг санааг тодорхойлж, цаашдын бүтээн байгуулалтын эхлэлийг тавих зорилгоор 30 сая төгрөгийн шагналын сантайгаар зохион байгуулж байна.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа “Энэрэл” хүүхэд хөгжлийн төвд ажиллалаа

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Мандуул нар “Энэрэл хүүхэд хөгжлийн төв”-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ харангаа гэртээ чихмэл тоглоом хийдэг байсан Т.Туяажаргал нь өөртэйгээ адилхан эцэг эхчүүдтэй хамтран “Энэрэл” хүүхэд хөгжлийн төвийг үүсгэн байгуулжээ. Тус төв  Вива сити хороололд байрладаг бөгөөд MCS групп нийгмийн хариуцлагын хүрээнд түрээсийн төлбөргүйгээр 3 жил ашиглуулж байгаа аж. “Энэрэл” хүүхэд хөгжлийн дэргэдэх “Ханни” чихмэл тоглоомын төвд ээжүүд бүх төрлийн зөөлөн тоглоомуудыг урладаг бөгөөд өнөөдрийн байдлаар нийслэлийн  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн захиалгаар 100 ширхэг чихмэл туулай урлаж байв.

Энд чихмэл тоглоом урлахаас гадна амны хаалт, бээлий, түлхүүрийн оосор бүх төрлийн гар эсгүүрийг хийдэг байна. Түүнчлэн ЕБС-н технологийн хичээлд зориулсан гар оёдолын бэлдэцүүд ч их байлаа. Энэ үеэр хөгжлийн бэрхшээлтэй 5 хүүхдийн аавууд нэгдэн  “Ирээдүй төв” Төрийн бус байгууллагыг нээж өөрсдийн хөрөнгөөр үйл ажиллагаа явуулдаг талаараа дууллгалаа. “Ирээдүй төв” ТББ-ын гишүүн хуулийн зөвлөх Ж.Ганболд “Бид өнөөдрийг хүртэл бүх санхүүжилтээ өөрсдөө гаргаж ажиллаж байна.Энэ үйл ажиллагаагаа тогтвортой авч явахад маш хүндрэлтэй асуудлууд их.Тиймээс цаашид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тусгайлсан хөгжлийн төвүүдийг дүүрэг бүрт нээж өгөх, дэмжлэг туслалцааг үзүүлэх шаардлагатай байна. Тусгай сургууль 4, 2 цэцэрлэг байгаа боловч бүтэн цагийн, ганцаарчилсан болон бүлгийн тогтмол хөгжлийн төв зайлшгүй хэрэгтэй гэдгийг эцэг эхчүүд биеэрээ мэдэрч байна” гэв.Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа хүүхдүүдэд шаардлагатай эмийн жагсаалт болон албан хүсэлтийг УОК, ЭМЯ-д хүргэж, ажил хэрэг болгохыг дуулгаад цаашид тус төвийг стандарт шаардлагад нийцсэн статустай болгох, хувьсах зардлыг олгох асуудлуудыг судалж шийдвэрлэх ажлын хэсэг гаргахаар боллоо.

Хотын Захирагч С.Амарсайхан Багахангай дүүрэгт ажиллалаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нийслэлийн Багахангай дүүрэгт ажиллалаа. Эхлээд шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэх постын үйл ажиллагааг шалгав. Мөн энэ үеэр Хотын Захирагч тус дүүргийн Онцгой байдлын хэлтэст туулах чадвар сайтай автомашин гардуулан өглөө. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы санаачилгаар алслагдсан гурван дүүргийн Онцгой байдлын хэлтэст туулах чадвартай сайтай автомашины асуудлыг шийдвэрлэж өгч байгаа юм. Өмнө нь Налайх, Багануур дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэст шаардлагатай автомашины асуудлыг шийдвэрлэж өгсөн бол энэ удаа Багахангай дүүргийн Онцгой байдлынханд автомашиныг ийнхүү өгч байна. Ингэснээр тус дүүргийн онцгой байдлын хэлтсийн бие бүрэлдэхүүн ажил үүргээ түргэн шуурхай гүйцэтгэх нөхцөл боломжоор хангагдаж байгаа юм.

Ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл ажилласнаар ой хээрийн түймрийн дуудлага буурчээ

Нийслэлийн Засаг даргын А/487 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах хүрээнд нийслэлийн ногоон бүсэд 32 байгаль хамгаалагч, 32 морин эргүүл тогтмол эргүүл хийж ажиллаж байна. Мөн нийслэлийн Онцгой байдлын газар, Тээврийн цагдаагийн албад хамтран нийслэлийн хэмжээнд 5 чиглэлд хөдөлгөөнт эргүүл ажиллуулж ой хээрийн болон өнжмөл өвсний түймэр гарахаас урьдчилан сэргийлэх ажлыг хийж байгаа юм. Нийслэлийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл ажиллаж эхэлснээр өнгөрсөн сарын мөн энэ үетэй харьцуулахад ой хээрийн түймэр эрс буурсан үзүүлэлт гарчээ. Хуурайшилтын үед ой хээрийн түймрээс сэргийлэх хүрээнд нийслэлийн Байгаль орчны газраас цаг уурт зориудаар нөлөөлж үүл буудах хүсэлт явуулжээ. Мөн байгаль хамгаалагчид иргэн бүрт ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээллийг хүргэн ажиллаж байгаа талаар мэдээллээ.

Агаарын чанарын мэдээллийн хувьд өнгөрсөн оны мөн энэ үетэй агаарын чанарыг  харьцуулахад PM10 тоосонцорын хэмжээ 15 хувиар, PM2.5 тоосонцорын хэмжээ 46 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Түүхийн нүүрсийг хэрэглээнээс халж сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын чанарт эерэг үзүүлэлт гарч эхэлсэн. Сайжруулсан шахмал түлшний түгээлт нийлүүлэлтийн хувьд зуны улиралд 94 борлуулалтын цэг ажиллах юм байна. Харин түлшний хоёр дахь үйлдвэр Налайх дүүрэгт баригдаж эхэлсэн бөгөөд энэ онд ашиглалтад орно гэдгийг Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал мэдээллээ.

Хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах эрсдэлтэй хашааг буулгахыг холбогдох албаныханд даалгалаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй албаныхан Их Тэнгэрийн амнаас зүүн зүгт байрлах Туул голын хойд хэсэг дагуух нурж орхигдсон хашаатай газруудаар явж ажиллалаа.

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Зайсан толгойн зүүн хэсэгт туслах зам дагуух явган хүний замыг сүйтгэж, хашаа татсан барилгын хашааг буулгаж цэгцлэх үүргийг хотын Захирагч С.Амарсайхан Газар зохион байгуулалтын алба болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд үүрэг өглөө. Хотын Захирагч С.Амарсайхан хэлэхдээ “Нийтийн эзэмшлийн гудамж талбайг сүйтгэж барилгын хашаа татсан асуудлыг яаралтай цэгцлэх хэрэгтэй. Салхи шуурганд хийсч улмаар хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах эрсдэлтэй хашаануудыг буулгаж, холбогдох эзэдтэй нь холбогдож стандартын дагуу аюулгүй байдлыг хангасан хашаа татах ажлыг Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газар хариуцаж ажилла. Цаг агаарын аюултай үзэгдэл болохыг сануулж байхад иргэдийн аюулгүй байдлыг сайтар хангах хэрэгтэй. Зайсангийн туслах зам дагуух нурсан, далийсан, өнгө үзэмжгүй хотын стандарт хангаагүй эдгээр олон хашаануудыг аж ахуйн нэгжүүдтэй нь холбогдож яаралтай буулгаж стандартын шаардлагад нийцсэн хашаа хороо татах ажлыг яаралтай эхлүүл. Нийтийн эзэмшлийн талбайг сүйтгэж хашаа татсан аж ахуйн нэгжүүдийг явган хүний зам талбайг нөхөн сэргээх, тохижилтын ажлыг яаралтай хийлгэхийг үүрэг болго. Барилга барих нэрийдлээр явган хүний зам талбайг эвдэлж болохгүй” гэдгийг санууллаа.  Мөн барилгын ажлыг эхлүүлэхдээ норм стандартыг дагаж мөрдөөгүй аж ахуйн нэгжүүдэд стандартын дагуу хамгаалалтын хашааг татаж, нийтийн эзэмшлийн гудамж талбайг нөхөн сэргээж тохижуулах хугацаат үүрэг өгч ажиллахыг Захирагчийн Ажлын алба, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газрын дарга нарт даалгаж, хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо.

ХСҮТ-ын зүүн талд зөвшөөрөлгүй өргөтгөсөн барилгыг албадан буулгаж орц гарц нээв

Хавдар судлалын үндэсний төвд жилд 6000 гаруй иргэн хавдраар оношлогдож, өдөрт 1000 гаруй иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авдаг гэсэн судалгаа бий. Тус эмнэлгээр үйлчлүүлж буй иргэд яаралтай тусламж үйлчилгээ авахад ганцхан орц,  гарцтайн улмаас нэлээд хүндрэл учирдаг тул эмнэлгийн удирдлагууд нийслэлийн Засаг дарга С.Амарсайханд хандсан байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнгөрсөн дөрөвдүгээр сард Хавдар судлалын үндэсний төв эмнэлэгт очиж ажиллах үеэрээ эмнэлгийн удирдлагууд болон бусад холбогдох албаныхантай эмнэлгийн орц, гарцыг нэмэгдүүлж болохуйц байршлуудыг газар дээр нь үзэж танилцаад, эмнэлгийн баруун талд буй оршин суугчдын байр болон эмнэлгийн ажилчдын орон сууц хоорондох замыг чөлөөлж орц, гарц нээх үүргийг нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон нийслэлийн Автозамын хөгжлийн газарт өгч байв.

Хотын Захирагчийн өгсөн үүргийн дагуу Хавдар судлалын үндэсний төв эмнэлгийн баруун хойд талд таван автомашины гражийг буулгаж, газрыг чөлөөлсөн. Тухайн хэсэгт метрийн өргөнтэй явган хүний гарц, 7 метрийн өргөнтэй хоёр урсгалтай авто замыг  нийслэлийн Автозамын хөгжлийн газраас тавьж тохижуулжээ. Мөн эмнэлгийн баруун урд хэсэгт зөвхөн яаралтай түргэн тусламжийн автомашин орж гарах газрыг чөлөөлж тохижуулж эхэлсэн байна.

эмнэлгийн баруун хойд талд орц гарцыг нээсэн байдал

ХӨСҮТ-ын зүүн талд зөвшөөрөлгүй өргөтгөсөн цайны газрыг албадан буулгаж орц гарц нээж байна. Тус хэсэгт өргөтгөсөн цайны газар нь барилгыг өргөтгөх газрын зөвшөөрөлгүй, зөвхөн газар эзэмших эрхийн гэрчилгээтэй аж.

Тус цайны газрыг өргөтгөсөн аж ахуйн нэгжид газрыг чөлөөлж өгөхийг удаа дараалан тавьж байсан ч хувийн өмчид халдах эрхгүй гэх хуулийн заалтаар хаацайлуулан амжилт олоогүй талаар Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал, Анагаах ухааны доктор, дэд профессор Н.Эрдэнэхүү тайлбарлаж байлаа. Тэрбээр хэлэхдээ “Хавдар судлалын үндэсний төвөөр үйлчлүүлж байгаа иргэд автобусны зогсоолын хэсгээр л орж гардаг ганцхан гарцтайн улмаас яаралтай тусламжийн автомашин хүртэл орж гарахад хүндрэлтэй, цаг хугацаа алддаг. Хотын Захирагч С.Амарсайхан холбогдох албаныханд хугацаат үүрэг даалгавар өгсний үндсэн дээр таван байршилд газар чөлөөлөлт хийгдэж, орц гарцыг нэмэгдүүлж байгаад эмнэлгийнхний зүгээс болон өвчтөнүүдийн ар гэрийнхний өмнөөс гүнээ  талархаж байна. Олон нийтийн эрх ашиг, иргэдийн эрүүл мэндтэй холбоотой чухал асуудлыг шийдэж өгсөн хотын Захирагч С.Амарсайханд баярлалаа” гэв.

Цэвэрлэх байгууламжуудын эрүүл ахуйн болон энгийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтооно

Нийслэлийн Засаг даргын хуралдаанаар нийслэлийн нутаг дэвсгэр дэх орон нутгийн өмчит цэвэрлэх байгууламжуудын эрүүл ахуйн болон энгийн хамгаалалтын бүсийг тогтоож баталгаажуулах тухай асуудлыг хэлэлцэв.

“Орон нутгийн өмчит цэвэрлэх байгууламжуудын эрүүл ахуйн болон хамгаалалтын бүсийг Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль, Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм дүрэм, холбогдох стандартад заасан дээд хязгаарын хэмжээгээр тогтооход 723 нэгж талбарт 1173.2 га газарт өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг нийслэлийн Засаг дарга болон дүүргийн Засаг даргын захирамжаар олгосон байна. Нийт 723 нэгж талбарыг газар ашиглалтын төрлөөр авч үзвэл 184 өмчлөгч, 521 эзэмшигч, 18 ашиглагч эрхтэй иргэн, аж ахуйн нэгж байгууллага байна. Ажлын хэсгээс цэвэрлэх байгууламжийн хамгаалалтын бүсийн хэмжээг тодорхой хэмжээнд өөрчлөх саналыг оруулж байна. Тодруулбал, Төв цэвэрлэх байгууламж болон алслагдсан дүүрэг, хороодод байрлах цэвэрлэх байгууламжийн эрүүл ахуйн болон энгийн хамгаалалтын бүсийг барилгын норм стандарт заасан дээд хязгаараар 150-500 метраас тус тус тогтоож, нийслэлийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж, баталгаажуулах саналыг оруулж байна” гэж Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр зөвлөлийн гишүүдэд танилцуулав.Хотын Захирагчийн зүгээс орон нутгийн өмчит цэвэрлэх байгууламжуудын эрүүл ахуйн болон энгийн хамгаалалтын бүсийн газрыг баталгаажуулах тухай танилцуулгын төсөлд зөвлөлийн гишүүдийн саналыг тусган газрын нөхөн олговрыг тооцож, нийслэлийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж, газрыг баталгаажуулахыг холбогдох албаныханд үүрэг болгов. Мөн шинээр төлөвлөн ашиглалтад орох цэвэрлэх байгууламж, ариутгах татуургын насос станцын эрүүл ахуйн болон энгийн хамгаалалтын бүсийг холбогдох хууль, норм дүрмийн дагуу тогтоон төлөвлөж байхыг Хот байгуулалт, хөгжлийн газарт үүрэг болгосон юм.

http://credit-n.ru/kredity-online-blog-single.html http://credit-n.ru/microzaymi-blog-single.html

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …