“Японы хүүхдийг ивээх сан”-аас Онцгой байдлын ерөнхий газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд 5 сая төгрөгийн өртөг бүхий зөөврийн компьютер, өнгөт принтер, GPS төхөөрөмжийг өнөөдөр гардуулан өглөө.
Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд гамшгаас хамгаалах сургалт, сурталчилгааны ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор хандивлаж байгаагаа энэ үеэр онцолсон юм.
Онцгой байдлын ерөнхий газар нь Японы Хүүхдийг Ивээх сантай 2018 онд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан бөгөөд гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, гамшгийн дараах хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг дэмжих, гамшгийн өмнө болон гамшгийн үед, гамшгийн дараа хүүхдийн сурч боловсрох аюулгүй орчныг бүрдүүлэхэд нэн тэргүүнд анхаарч ажиллах тал дээр хамтран ажилладаг гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.