Сэлэнгэ аймагт энэ сарын 27-ны өдрийн 20:00 цагийн байдлаар нийт 14 иргэн тусгаарлалтад байна. Сүхбаатар сумын Ахмадын сувилалд тав, аймгийн нэгдсэн эмнэлэгт есөн иргэн байгаа ажээ.
Мөн Алтанбулаг, Сүхбаатар, Мандал, Цагааннуур, Сайхан суманд 10 иргэн гэрийн ажиглалтад байна. “COVID-19” халдвараас сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр аймгийн ЭМГ-аас олон ажлыг хийж байна. Тухайлбал, зөвхөн нэг өдрийн дотор буюу 27-ны өдрийн байдлаар 19 байгууллага, 2526 хүнд сургалт сурталчилгаа хийж, 203 гарын авлага, материал тараан ажиллажээ. Мөн 23 байгууллага, аж ахуйн нэгжийн 3630 метр квадрат талбайд ариутгал халдваргүйтгэл хийсэн аж. Түүнчлэн эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлсэн 920 хүнд духны халуун хэмжигчээр үзэхэд халуурсан хүн байгаагүй байна. Мөн цахим орчинд 20 төрлийн урьдчилан сэргийлэх мэдээллийг байршуулж, 152 иргэнд мэдээлэл хүргэсэн байна.