Авто замыг хөгжүүлэх 2030 он хүртэлх мастер төлөвлөгөөнд багтсан дугуйн замыг шинээр тавих ажлын хүрээнд Яармаг-Зайсан-Маршалын гүүр гэсэн чиглэлд 52 км урттай дугуйн замыг найман байршилд байгуулах ажил үргэлжилж байна. Налайх-Яармаг чиглэлийн 16 км дугуйн замын барилгын ажлыг эхлүүлэх бэлтгэлийг хангаж, газар дээр нь хэмжилт хийх ажил эхэллээ. Хэмжилт хийх ажлыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, нийслэлийн Зураг төслийн хүрээлэн хийж байна. Харин өнөөдөр Хотын дарга дугуйн замын ажлын явцыг шалгаж, холбогдох албаныханд үүрэг чиглэл өглөө.
Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Индрагийн хэлснээр Налайх-Яармагийн чиглэлийн дугуйн замын хэмжилтийн ажлыг Налайх, Яармагийн болон Гачууртын салдаг уулзвар гээд гурван талаасаа хийхээр төлөвлөжээ. Дугуйн замыг төлөвлөсний дагуу машин, техник тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэн хугацаанаас нь өмнө хийж дуусгана гэдгийг хэлж байлаа.
Хотын дарга С.Амарсайхан хэлэхдээ “Дугуйн замын ажлыг төлөвлөгөөний дагуу чанартай хийж гүйцэтгэх шаардлагатай. Туслан гүйцэтгэгч компаниудыг яаралтай ажилд нь оруулж, ажлыг нь эхлүүлэх ёстой” гэлээ.