Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй макро эдийн засгийн гадаад болон дотоод орчин, эдийн засгийн цаашдын төлөв болон Төв банкнаас авч хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээний талаар ярилцлаа.
– Төв банкны гол зорилго үнийн тогтвортой байдлын талаар ярилцлагаа эхэлцгээе. Эдийн засаг агшиж, өрхийн бодит орлого буурч байсан 2016 онд дефляци үүсч, хямрал гүнзгийрсний илрэл болж байсан. Ковид-19-ийн хүндрэлээр инфляц зорилтот 8%-аас буурч 4% руу орж ирсэн нь эрсдэл дахин давтагдах дохио мөн үү?
– 2016 он нэлээд хүнд жил байсан. Зах зээл дээрх итгэлийг тогтворжуулж, бизнесийн идэвхжлийг сэргээхэд Валютын сангийн хөтөлбөр, эдийн засгийг тогтворжуулах бодлогууд чухал нөлөө үзүүлсэн. Эдийн засаг сайжирч, өрхийн орлого нэмэгдэн, хэрэглээ тэлснээр дефляциас гарч байв. Сүүлийн 2 жил гаруйн хугацаанд инфляц Төв банкны зорилтот түвшний орчимд хадгалагдлаа. Одоо харин үнийн түвшний өсөлт саарч инфляц 4% болсон нь эдийн засгийн идэвхжил эргээд суларсныг илтгэж байна. Мөнгөний бодлогын хорооноос бодлогын хүүг өнгөрсөн 3 болон 4 дүгээр сард тус бүр 1 нэгж хувиар буулгахад инфляцын цаашдын төлөв чухал байв. Үнийн түвшин өсөх дарамт бага байсан нь хүүг буулгах орон зайг олгосон гэсэн үг. Цаашид дэлхийн зах зээл дээрх нефтийн үнэ, цаг агаарын байдлаас шалтгаалж түр зуурын нийлүүлэлтийн шалтгаантай үнийн хэлбэлзэл үүсч болох ч, инфляцын зорилтыг хангах боломжтой.
– Ковид-19 дэлхийн эдийн засагт хүчтэй нөлөөлж, 2020 онд 170 оронд эдийн засаг агших төсөөллийг олон улсын шинжээчид хийгээд байгаа. Монголын эдийн засаг 1-р улиралд 10.7% агшлаа. Цар тахал эдийн засагт хэрхэн нөлөөлж байна вэ, эдийн засгийг сэргээх жор нь юу вэ?
– Юуны өмнө, Ковид-19-ийн шок ердийн эдийн засгийн хямрал хүндрэлээс үндсээрээ ялгаатай тул эдийн засгийг сэргээх арга нь өөр, ердийн тэлэх бодлого шийдэл нь биш гэдгийг онцлох нь зүйтэй. Вакцин, эмчилгээ хараахан бий болоогүй үед хөл хорио тогтоох нь вирусээс сэргийлэх арга зам болж, энэ нь олон улс оронд эдийн засгийн үйл ажиллагааг хумьж байна. Хэрэв өвчлөл өргөн тархаж, хүн амын эрүүл мэнд доройтвол эдийн засгийн талаар ярих аргагүй болно. Хөл хорионы үед бол иргэд аж ахуйн нэгжүүдэд мэдрэгдэх “санхүүгийн өвдөлт”-ийг зөөллөх бодлого чухал. Харин эдийн засгийг тэлэх бодлогын орон зайг хадгалах нь вирус намжсаны дараа эдийн засгийг сэргээхэд чухал. Монголын хувьд Ковид-19-ийн шок дараах гол 3 сувгаар дамжин эдийн засгийн эрэлт, нийлүүлэлт талд нөлөөлж байна. Нэгт, дэлхий гадаад орчинтой харилцах эдийн засгийн холбоос, ялангуяа экспортын үнэ, хэмжээн дээр сөрөг нөлөө нь хүчтэй мэдрэгдлээ. Хоёрт, дотоодод халдвар тархахаас сэргийлж зарим бизнес, эдийн засгийн зарим салбарын үйл ажиллагаа хязгаарлагдсан байна. Гуравт, цар тахалтай холбоотой тодорхой бус байдал зах зээлд оролцогчдын ирээдүйн хүлээлт, санхүүгийн шийдвэрт нөлөөлж байна. Шокын сөрөг нөлөөлөл уул уурхай, тээвэр, худалдаа үйлчилгээний салбаруудын бизнест хүчтэй мэдрэгдсэн. Эдгээр салбарт ажиллагсдад хүнд цохилт болсон ч, нэгдүгээр улиралд өрхийн орлого өсөлттэй, хэрэглээ тэлэлттэй байсан. Вирус тархаж бүх нийтийн карантин тогтоосон улсуудтай харьцуулахад манай дотоод эрэлт харьцангуй сайн байгаа нь бодлогын арга хэмжээний үр дүнг илэрхийлж байна гэж харж байна.
– Дэлхий нийтээрээ эдийн засаг агшсан ийм тохиолдол өмнөх том хямралууд, дайнтай жилүүдийн түүхэнд ч байгаагүй. Онцгой энэ нөхцөл байдлын үед Төв банкнаас ямар арга хэмжээг авч байна вэ?
-Төв банкууд сорилтын энэ үед санхүүгийн зах зээлийг тогтвортой байлгах, зах зээл дээрх хөрвөх чадварыг хадгалах, санхүүжилтийн нөхцөлийг зөөлрүүлэх, улмаар иргэд аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн ачаалал, дарамтыг багасгахад анхаарч байна. Монголбанк Ковид-19-өөс үүдэлтэй шокын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эдийн засгийн тогтвортой байдлыг зорин бодлогын бүх арга хэрэгслээ ашиглаж байна. Төв банк өнгөрсөн 3 сарын хугацаанд дараах 3 бүлэг арга хэмжээг авч хэрэгжүүллээ. Эхний ээлжинд банкны системийн хөрвөх чадварыг хадгалах, тогтвортой байдлыг хангах зорилгоор төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг бууруулах, зээлд бүтцийн өөрчлөлт хийх актив ангиллын журам дээрх тохиргоо, барьцаат зээлийн хэрэгслийн хүү болон хугацаан дээр таатай өөрчлөлтүүдийг оруулсан. Үүний зэрэгцээ зах зээл дээрх санхүүжилтийн нөхцөлийг зөөллөх зорилгоор бодлогын хүүг бууруулах, хэрэглээний зээл гарах орон зайг өсгөх, зохистой харьцааны шалгуур үзүүлэлтэд түр өөрчлөлт оруулсан. Түүнчлэн, өрхүүдийн санхүүгийн хүндрэлийг хөнгөвчлөх, төлбөр тооцоог хялбарчлах зорилгоор хэрэглээний болон ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах, цахим гүйлгээний шимтгэлийг бууруулах зэрэг арга хэмжээг авлаа. Төв банкны эдгээр арга хэмжээ нь санхүүгийн зах зээл, бодит эдийн засагт аль алинд нь эерэг нөлөөтэй. Харин хүндрэлийн үед нийгмийн зорилтот бүлгүүд, эдийн засгийн ирээдүйд чухал салбар, ажлын байранд чиглэсэн санхүүгийн дэмжлэг, зарцуулалтыг хийхэд сангийн бодлого чухал үүрэгтэй.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу