Хариуцлагатай Бизнес ба Хүний эрхийн асуудлаарх бүс нутгийн цахим форум “Шинэ сорилт. Шинэ хандлага” сэдвийн дор 2020 оны 6 дугаар сарын 9-12-ны өдөр болж байна.
Форумын хүрээнд болох “Бизнес ба Хүний эрхийн удирдах зарчмыг хэрэгжүүлэх үндэсний төлөвлөгөө боловсруулж байгаа бүс нутгийн зарим улсын туршлага” салбар хуралдаанд Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын Хүний эрхийн хэлтсийн дарга В.Оюу, “Ковид-19 цар тахлаас хөдөлмөр эрхлэгч болон тэдгээрийн гэр бүлд үзүүлж байгаа нийгмийн үр дагаврыг бууруулахад бизнесийн гүйцэтгэх үүрэг” салбар хуралдаанд Мобиком корпорацийн Гүйцэтгэх захирал Т.Хамада, мөн ЮНИСЕФ-ийн Монгол Улсад дахь Суурин төлөөлөгч А.Хэйкэнс болон “Уур амьсгалын өөрчлөлт: 1.5С хэмийн төлөөх бизнесийн үйл ажиллагаа” салбар хуралдаанд Монгол Улсын барилгын салбарт нөөцийг үр ашигтай ашигласан, цэвэр үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр төсөл хэрэгжүүлж байгаа БНЧУ-ын Каритас төрийн бус байгууллагын захирал х.Яна Жилкова нар тус тус илтгэгчээр оролцоно.
Монгол Улсын Засгийн газраас НҮБ-аас 2011 онд баталсан Бизнес ба Хүний эрхийн удирдах зарчмыг хэрэгжүүлэх үндэсний төлөвлөгөө боловсруулах ажлыг 2019 онд эхлүүлсэн бөгөөд 2021 онд батлахаар ажиллаж байна.
Энэ удаагийн форумын хүрээнд болох 21 салбар хуралдаан мөн бусад арга хэмжээнд 4500 гаруй хүн оролцохоор бүртгүүлжээ. 2016 оноос хойш болж байгаа энэ форумыг НҮБ-ын Бизнес ба Хүний эрхийн Ажлын хэсэг, НҮБХХ, ЮНИСЕФ, НҮБ-Эмэгтэйчүүд, ОУХБ болон АНДЭЗНК-оос хамтран зохион байгуулж байгаа юм.