Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Налайх дүүргийн хоёрдугаар хорооны ашиглалтын шаардлага хангахгүй хоёр давхар цагаан байрнуудыг үе шаттай дахин төлөвлөлтөд оруулахаар шийдвэрлэсэн.
2020 оны 04 дүгээр сарын нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан холбогдох байгууллагын удирдлагуудтай газар дээр нь ажиллаж, иргэд оршин суугчдын төлөөлөлтэй уулзан, яаралтай эхлүүлэх үүрэг даалгавар өгсөн.
Энэ хүрээнд хоёрдугаар хорооны ашиглалтын шаардлага хангахгүй 26, 27 дугаар байрнуудыг эхний ээлжинд буулган 126 айлын хоёр блок 9 давхар орон сууц барихаар боллоо.
1950-аад оны үед баригдсан эдгээр орон сууцнуудыг дахин төлөвлөлтөд оруулж, иргэд оршин суугчдын аятай тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэх эхлэлийг тавьж байна.
126 айлын хоёр блок 9 давхар орон сууц баригдсанаар хоёрдугаар хорооны 24, 25, 26, 27, 29, 30 гэсэн 6 байрны 70 гаруй айл өрх орон сууцтай болох юм.
Цаашид Налайх дүүргийн төвийн уг хэсэгт үе шаттайгаар орон сууцны шинэ хороолол баригдахаар төлөвлөгдөж байна.