Бөөрний аяганцар тэвшинцэрийн хурц үрэвсэл өвчний талаар Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн эмч нар эмнэл зүйн конференц хийсэн. Тус өвчний талаар Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн Зүрх судас, дотрын их эмч Д.Найдантай ярилцлаа.
-Бөөрний аяганцар тэвшинцэрийн хурц үрэвсэл буюу Пиелонефрит өвч-ний шалтгаан, эмгэг жамын талаар ярихгүй юу?
-Шээс ялгаруулах эрхтний замаар болон цусаар дамжин халдварладаг бөөрний аяганцар тэвшинцэр, холтослог давхаргын эдийг гэмтээдэг хурц үрэвсэл юм. Бөөрний аяганцар тэвшинцэрт шээс хуримтлагддаг, шээсний сүв нээгддэг онцлогтой. Шалтгааны хувьд олон үүсгэгч байна. Хамгийн гол үүсгэгч нь Escherichia coli (E.coli) гэдэсний савханцар юм. Энэхүү өвчний шалтгаан нь 60 хувь нь, зарим ном дээр бүр 80 хувь нь E.coli савханцар гэж тэмдэглэсэн байдаг. E.coli-гоос гадна Proteus, Klebsiella, Serratia Pseudomonos, Enterbacter, Clostridium, Candida мөөгөнцөр хүртэл үүсгэгч нь болж өгдөг. Мөн химийн болон дааврын эмчилгээ хийлгэх, бөөр шилжүүлэн суулгах, давсагт бургуй тавих зэргээс шалтгаалж үүсэх нь бий.
-E.coli савханцрын талаар тодруулахгүй юу?
-Гэдэсний савханцар. Энэ нь гэдэсний өвчнүүд, ихэвчлэн бөөрний өвчин үүсгэдэг. Мөн энтерколит, энтерит өвчнүүдийг үүсгэхэд оролцдог. E.coli нь малаас хүнд сүү, цагаан идээгээр халдаж болно. Хүнсний ногоонд бас байдаг. Тиймээс хүнсний ногоог угааж хэрэглээгүйгээс, дутуу болгож идэх, сүү, цагаан идээг түүхийгээр нь хэрэглэх, өндгийг түүхийгээр нь идэх зэргээс шалтгаалж халдварлаж болно.
Мөн эмэгтэйчүүдийн шээсний сүв богинохон байдаг нь халдвар дамжих нөхцөл болдог. Төрөлхийн бөөр, шээсний замын гажгууд байж болно. Бөөрний чулуу үүссэн байж болно. Шээс дамжуулах сувагт уйланхай, чулуу, хавдар үүссэн, шээсний гаралт удааширч зогсонги үүссэнээс халдвар орох нөхцөл үүсдэг. Мөн эмэгтэйчүүд шээс нь хүрч байх үед шээдэггүй тэвчдэг нь маш буруу. “За одоо жаахан байж байгаад шээе” гэж тэвчсээр байтал сүүлдээ шээс хүрч байгаагаа мэдрэхээ больчихдог. Хуримтлагдсан шээс давсагны хананд зохих хэмжээндээ хүрэх үед давсагны хананд даралт үүсэж, мэдрэлийн судлаар дамжин тархинд сэрэл үүсгэн, тархинаас тухайн хүнд шээх шаардлагатай гэсэн мэдрэмж өгдөг. Тэр үед нь шээхгүй байх нь шээс задгайрч сөргөө үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг. Бидний оюун санаанаас ангид бие организм өөрийгөө зохицуулдаг хариу урвал юм. Шээс хуримтлагдчихсан байгаа үед халдвар үүсгэгч нянгууд дамжин орж үрэвсэл үүсгэнэ. Шээс дамжуулах сувгийн сөргөө гэж байдаг. Шээс бөөрөнд үүссэн үед тэвшинцэр өргөссөн тохиолдолд эргээд шээс дамжуулах суваг руу шээс сөргөж орно. Шээс дамжуулах суваг буюу бөөрнөөс давсагт хүрч байгаа суваг түрүү булчирхай томорсон тохиолдолд дарагдаж, дарагдсан хэсгээр эргээд шээс нь бөөр рүүгээ урсаж ороод бөөрөө томруулаад сөргөөг үүсгэдэг.
-Тэгэхээр энэ өвчин эрэгтэй хүнд ч тохиолдож болох нь ээ?
-Эрэгтэй хүнд тохиолдож болно. Бөөрний хурц үрэвсэл түрүү булчирхайн үрэвсэлтэй холбоотойгоор үүсэж болно.
-Гол шинж тэмдэг хэрхэн илрэх вэ?
-Хэсэг газрын шинж тэмдгүүд илэрнэ. Бөөрний хэсэгт байрласан үед үрэвслийн ерөнхий шинж тэмдэг илрэхээс гадна шээсний сүв дагаж өвдөх, хорсох, ойр ойрхон шээх, шээсний талаас өөрчлөлт гарч өнгө нь өөрчлөгдөх, үнэртэй, булингартай болохоос гадна цустай гарна. Манай эмнэл зүйн конференцэд оруулсан үйлчлүүлэгч эмэгтэй шээс нь цустай гараад, 38, 39 хүртэл халуурч, бөөр нуруугаар нь өвдсөн шинж тэмдэгтэй ирсэн. Энэ өвчний үед хоёр гол шинж тэмдэг илэрдэг. Нэгдүгээрт, бөөр нуруугаар өвдөнө, хоёрдугаарт, шээсэнд өөрчлөлт гарна. Ерөнхий шинж тэмдэг нь халуурна, ядарна, хоолны дуршил муудна, дотор муухайрна. Хордлогын шинжүүд гарна.
-Эдгээр шинж тэмдэг илэрч байгаа хүмүүс ямар шинжилгээ өгөх ёстой вэ?
-Нэгдүгээрт, зовуурийг нь асуух хэрэгтэй. Нурууны өвдөлт, шээсний талаас гарах өөрчлөлт, ерөнхий хордлогын шинж байгаа эсэхийг асууж тэмдэглэнэ. Цусны ерөнхий шинжилгээ, шээсний бактериологийн шинжилгээ авч тодорхой тэжээлт орчинд өсгөврийг ургуулан үүсгэгчийг нь тодорхойлон, антибиотикийн мэдрэг чанарыг үздэг. Мөн ЭХО оношилгоогоор бөөрний хэмжээ, бөөрний аль тал нь гэмтсэн эсэх, аяганцар тэвшинцэр өргөссөн байдал, паренхим зузаарсан эсэхийг үзнэ. Рентген шинжилгээгээр бөөрний хэмжээ, зах ирмэг, хөөж томорсон эсэх, аяганцар тэвшинцэр дарагдсан, эсвэл хэлбэр нь өөрчлөгдсөн эсэх, бөөрний паренхимд хаван байгаа эсэхийг тодорхойлно.
-Энэхүү өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Хавар, намрын улиралд бөөрний өвчин сэдэрдэг тул дулаан хувцаслаж, доороосоо даарч болохгүй. Ихэвчлэн охид, залуу насны эмэгтэйчүүдэд тохиолддог. Бүр жаахан хүүхэд бол өвчлөх магадлал ховор. Дүлж шээх, тасалдаж шээх, умдаг ясны дээгүүр өвдөх үед заавал эмчид хандах хэрэгтэй. Мөн охид, залуу эмэгтэйчүүд бие зассан үедээ хэрэглэж буй ариун цэврийн цаасыг урдаас нь арагш чиглэлтэй арчих нь өгсөх замын халдвар дамжихаас сэргийлж чадна. Шээс хүрч, шээх мэдрэмж төрөнгүүт шээж байх нь шээс задгайрахаас сэргийлнэ.
-Ямар эрсдэл үүсэж болох вэ?
-Эмгэг төрөгч буюу гэдэсний савханцар E.coli нь өөрийн цацагт тэмтрүүлээрээ уроэпитель эсэд бэхлэгдсэнээр үрэвслийн процесс явагдаж, нэг буюу хоёр бөөрийг гэмтээдэг. Үрэвслийн улмаас бөөрөөр эргэх цус, хүчилтөрөгч дутагдан, цус өтгөрнө. Гэдэсний савханцар E.coli нь хоруу чанар их байвал олон эрхтний хүндрэл өгч, цусан халдвар авах болон шокод оруулдаг.
-Ярилцсанд баярлалаа.