Усанд автсан төмөр замыг сэргээн босгоход 461 төмөр замчин ажиллаж байна

Төв аймгийн нутагт өчигдөр хүчтэй аадар бороо орж, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөр Улаанбаатар-Багахангай-Чойрын хоорондох төмөр замын 547-559 дахь км-ын 8 цэг үерийн усанд автсныг сэргээн босгож байна. Энэ талаар УБТЗ-ын Тээврийн хяналтын албаны дарга Н.Адьяагаас өнөөдөр тодрууллаа. 

Тэрээр, “6 дугаар сарын 21-ний буюу өчигдөр 16 цагийн үед Төв аймгийн Зуунмод, Алтанбулаг, Баян сумын нутгаар 15 минут орчим хүчтэй аадар бороо, мөндөр орсон. Байгалийн энэ давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр УБТЗ-ын гол төмөр замын Агуйт, Наран-Элгэн, Оорцог-Энгэр зөрлөгүүдийн хооронд, нийт 53 км хэсгийн 8 цэгт үерийн ус төмөр замыг давж ул шороо замыг угааж, хиймэл төхөөрөмж болон гүүр хоолойг гэмтээж эвдрээд байна. Одоогоор 3 цэгийн замыг засаж хэвийн болгон хөдөлгөөнийг нээгээд байна. Үлдэх 5 цэг нэлээн гэмтэлтэй байна” гэв. 

Төмөр зам болон гүүрийг сэргээн босгох ажил өчигдөр оройноос эхлэсэн бөгөөд нийт 500 гаруй хүн, 44 техниктэй ажиллаж байна. Үүнээс төмөр замын 460 гаруй ажилчин эвдэрсэн цэгүүдийг сэргээн босгохоор ажиллаж байгаа аж. Зам угаагдсан газраар явах боломжгүй болсон учир Замын-Үүдээс өчигдөр орой гарсан суудлын 275-р галт тэрэгний 164 зорчигчийг Чойр өртөөнөөс Улаанбаатар хот хүртэл том оврын 4 автобус гарган ямар нэг төвөг чирэгдэлгүй тээвэрлэн өнөө өглөө Улаанбаатар төв буудалд цагт нь авчирсан байна. 

Өнөөдрийн байдлаар төмөр замын цэгүүдийг сэргээн босгох ажилд туслахаар харилцагч байгууллага, ААН-үүдийн 40 гаруй техник нэмж иржээ. Тиймээс сэргээн босгох ажил эрчимтэй явагдаж байгаа аж.

Сэргээн босголтын ажлыг УБТЗ-ын нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных  удирдан, УБТЗ-ын орлогч 3 дарга, инженер техник, засварын ажилтнуудаас бүрдсэн баг бүрэн бүрэлдэхүүнээр газар дээр нь ажиллаж байгаа аж. УБТЗ-ын Тээврийн хяналтын албаны дарга Н.Адьяагаас зарим зүйлийг тодруулав. 

-Хэр их хохирол гарч байгаа вэ?

-Энэ удаагийн байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас иргэд, нийгэм олон нийт болон зорчигчдод учирсан ямар нэг хохирол гараагүй. УБТЗ-ын хувьд багагүй хохирол гарна. Хохирлыг хэмжээг сэргээн босголтын ажил дууссаны дараа тооцон гаргана. 

-Хэдий хугацаанд сэргээн босгож дуусах вэ?

-Хоёр өдөрт сэргээн босгох төлөвлөгөөтэй байна. Маргааш орой дуусгахаар ажиллаж байна. Ажлын багтаамж маш өндөр байгаа. 

-Үер бууж, гүүр болон далан усанд автах үеэр галт тэрэг явж байсан уу?

-Яг үер бууж ус давж орж ирэх үед төмөр замаар ачааны нэг галт тэрэг буюу 2657-р галт тэрэг 565 дахь км-т явж байсан. Уг галт тэрэгний машинист тухайн нөхцөл байдлыг онцгой сонор сэрэмжтэй харж, ажиллан эрсдэлтэй нөхцөлд зогсож холбогдох хүмүүстэй холбоо барьж ажилласан. Ингэснээр ачааны галт тэргийг төмөр замаас гаргаагүй, унагаагүй, хөдлөх бүрэлдэхүүнээс гэмтэж бэртсэн хүн байхгүй, галт тэргийг усанд автаагүй арай гайгүй газар тогтоож бэхэлж чадсан. Нэг ёсондоо онцгой нөхцөл байдалд машинчийн бригад сайн ажилласан гэв. 

Одоогоор уг галт тэргийг зөрлөг рүү оруулж, авч чадаагүй байна. Учир нь эргэн тойрон үерийн устай хонхрууд үүсээд байгаа аж. 

Эх сурвалж: Montsame.mn

http://credit-n.ru/offers-zaim/creditplus-online-zaimi.html http://credit-n.ru/offers-zaim/greenmoney-online-zaymi-za-20-minut.html

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …