СЕХ-ноос шинээр бүрдэх парламентын 76 гишүүнд үнэмлэхийг нь өнөөдөр гардууллаа. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд сонгуулийн санал авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Монгол Улсын Ерөнхийлөгч Анхдугаар чуулганыг хуралдуулах зарлиг гаргана хэмээн заасан байдаг.
Анхдугаар чуулганы дэгийн талаар УИХ-ын дэгийн тухай хуулийн нарийвчлан заажээ. Тус хуулийн 11.1.1-д Ерөнхийлөгч чуулганы хуралдааныг даргалж түүнийг нээж үг хэлнэ гэсэн байна. Түүний дараа 11.1.2-т зааснаар УИХ-ын ээлжит сонгуулийн дүн, сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай илтгэлийг СЕХ-ны дарга тавих бөгөөд илтгэлтэй холбогдуулан асуулт асууж болох аж.
Ийнхүү Дэгийн тухай хуулийн 11.1.3-т зааснаар СЕХ-ны дарга илтгэл тавьсны дараа насаар хамгийн ахмад гишүүн гишүүний тангараг уншиж бусад гишүүд нь давтан хэлж тангараг өргөх, насаар хамгийн ахмад гишүүн гишүүний тангараг унших боломжгүй бол насаар ахмад дараагийн гишүүн гишүүний тангаргийг уншиж бусад гишүүд нь давтан хэлж тангараг өргөнө гэсэн байна.
Гишүүд тангараг өргөсний дараа гишүүд цагаан толгойн үсгийн дарааллаар төрийн сүлдэнд мэхийн ёсолж тангарагийн хуудсанд гарын үсэг зурах бөгөөд тангараг өргөх ёслол үйлдэж дуусмагц гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай тогтоол батлагдах юм байна.
Ийнхүү УИХ-ын дэгийн тухай хуулийн 11.2-т зааснаар Шинээр сонгогдсон гишүүдийн тангараг өргөх ёслол үйлдэж дуустал Ерөнхийлөгч, УИХ-ын даргыг сонгож дуустал чуулганд оролцсон гишүүдийн насаар хамгийн ахмад гишүүн чуулганы хуралдааныг зохион байгуулж даргална. Насаар хамгийн ахмад гишүүн даргалах боломжгүй бол насаар ахмад дараагийн гишүүн даргална гэжээ.
Энэ удаагийн парламентын хамгийн ахмад гишүүн нь УИХ-ын сонгуулийн 2 дугаар тойрог буюу Баян-Өлгий аймагт МАН-аас нэр дэвшин сонгогдсон Х.Баделхан юм. Тэрбээр энэ жил 66 настай. Х.Баделхан нь өмнөх парламентад сонгогдон ажиллаж байсан бөгөөд өдгөө Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байгаа билээ.