Т. Доржханд: Хувцсанд бус эх орноо хөгжүүлэх, бодлого шийдэлд түлхүү анхаарна

Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр /2020.06.29/ Төрийн ордонд УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд ялалт байгуулсан 76 гишүүнд үнэмлэхийг нь гардуулан өглөө.

Тэгвэл УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Хан-Уул дүүргийн 29-р тойрогт Зөв хүн Электорат эвсэлээс нэр дэвшиж, ард түмний итгэлийг аван УИХ-ын гишүүн болж буй Т.Доржханд өнөөдөр үнэмлэхээ гардаж авахдаа пүүзтэй ирсэн нь цахим сүлжээнд олны анхааралд өртөөд байна.

Энэ талаар Т.Доржхандаас тодруулахад “Өмнө нь Сангийн яаманд ажилладаг байхдаа ажлын хувцастайгаа ирдэг байсан. Өнөөдөр тойргийн иргэдтэй уулзан, талархал илэрхийлж байгаад шууд ирсэн. Ер нь ийм л хувцастай яваад байгаа. Өнөөдөр пүүз өмслөө гэж нэлээд шүүмжлүүлж байх шиг байна.

Монгол хүн төрөө хүндэтгэдэг. Би ч бас төрөө хүндлэлгүй яах вэ. Бусдын шүүмжлэлийг хүлээж авч байна. Төр маань монголчуудад ээлтэй, дурын хүн ордог байгаасай. Бусад оронд хувцасны хязгаарлалт гайгүй байдаг шүү дээ.

Өнөөдөр яараад байгаагаараа хүрээд ирлээ. Түүнээс биш ямар нэгэн шоу, PR биш шүү. Ямар ч тийм юм байхгүй. Энэ гутлыг надад эхнэр маань бэлэглэсэн. Хувцаслалтдаа нэг их анхаардаггүй, болхидуу хүн. Уг нь цагтаа ирсэн. Хувцаснаасаа болоод үнэмлэхээ сүүлд авлаа. Цаашдаа хувцсанд бус эх орноо хөгжүүлэх, бодлого шийдэлд түлхүү анхаарна” гэлээ.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …