ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө.
Тэрбээр“Долдугаар сарын 5-ны өдөр гурван лабораторид нийт 334 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирусийн халдвар илрээгүй. Тэдгээрийг задалж танилцуулбал, ХӨСҮТ-д тусгаарлагдсан тав, тандалтын зорилгоор хийсэн долоо, ажиглах байранд тусгаарлагдсан 26 хүний давтан, Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 262 хүний шинжилгээ, Алтанбулаг боомтоор орж ирсэн 32 жолооч, Сэлэнгэд тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.
Өнөөдөр гурван хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн шатны ажиглалт руу шилжлээ. Нийт батлагдсан 220 тохиолдлоос 188 хүнийг эмчилж эдгээлээ. Мөн ажиглах байранд тусгаарлагдсан байсан жирэмсэн эмэгтэйг ХӨСҮТ-д авчирч төрүүллээ. Эмэгтэй амаржиж охинтой болсон” гэв.