Нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Байгаль орчны газраас цаг үеийн асуудлаар болон Үндэсний их баяр наадмын үеэр ямар зохион байгуулалттай ажиллах талаараа мэдээлэл хийлээ.
Мэдээллийг НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш, НБОГ-ын Ойн хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Тэмүүжин нар хүргэв.
НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Ойрын өдрүүдэд бороотой байна гэж ЦУОШГ-аас мэдээлсэн. Тиймээс иргэддээ үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.
Зургаадугаар сарын 10-наас есдүгээр сарын 10 хүртэл завьт эргүүлүүд Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу ажиллаж байна. Завьт эргүүлүүд өнгөрсөн долоо хоногт голын усанд унасан 10 хүний амь насыг аварсан. Голын түвшин нэмэгдсэн үед хүний амь нас секундаар хэмжигддэг. 17 хоногийн хугацаанд 12 хүн Туул голд унаж осолдсон ба тэдгээрийн нэг нь гурван настай хүүхэд байна. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдүүдээ хараа хяналтгүй орхихгүй байхыг анхааруулья. Долдугаар сарын 10-16-ны өдрүүдэд нийслэлийн Онцгой байдлын газраас 2046 албан хаагч, 56 автомашинтай хүч нэмэгдүүлэн бэлэн байдалд ажиллана. Энэ удаагийн баяр наадамд олон хүн цуглахгүй. Холбогдох байгууллагууд чиглэлийнхээ дагуу өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж ажиллана” хэмээлээ.
НБОГ-ын Ойн хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Тэмүүжин “Ойрын өдрүүдэд усархаг бороо орж усны түвшин нэмэгдэх хандлагатай байгаа учир нийслэлийн Байгаль орчны газраас 18 байршил бүхий газарт үер, уснаас сэрэмжлүүлэх самбар байршуулсан. Хоёр байршилд түймрийн зурвасыг сэргээсэн” гэв.