Их Монгол улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан 2020 оны долоодугаар сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Баяр наадмын өдрүүдэд бороо, хур их орж, зам талбай халтиргаа үүссэнээс гадна хүйтэн, шуургатай бороо орж байгаа нь морь халтирч, хүүхэд унаж бэртэх, бороонд даарч осгох, замаас гарч төөрөх зэрэг эрсдэл үүсч болзошгүй байгаа.
Иймд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амар аймаг, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга нарт чиглэл хүргүүллээ.
Чиглэл хүргүүлэх тухай
Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан 2020 оны долоодугаар сарын 10-12 ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Баяр наадмын өдрүүдэд бороо, хур их орж, зам талбай халтиргаа үүссэнээс гадна хүйтэн, шуургатай бороо орж байгаа нь морь халтирч, хүүхэд унаж бэртэх, бороонд даарч осгох, замаас гарч төөрөх зэрэг эрсдэл үүсч болзошгүй байна.
Иймд Хүүхдийн эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.3, 14.1.4 дэх заалтууд, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 9 дүгээр зүйл, 18 дугаар зүйлийн 18.1.5 дахь заалт, Үндэсний морин уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага MNS 6264:2018 стандарт, “Коронавируст (Ковид-19) цар тахлын үед үндэсний их баяр наадмыг зохион байгуулах түр журам”-ыг үндэслэн дараах чиглэлийг хүргүүлж байна.
- Аймаг, нийслэл, сумын Засаг дарга, Нийгмийн бодлогын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн байгууллага, сумын хамтарсан багтай хамтран ажиллаж, холбогдох хууль, дүрэм, журам, стандартын хэрэгжилтэд хяналт тавьж, эрсдэлийг урьдчилан тооцож, арга хэмжээ авч ажиллах;
- Хэт их бороотой, зам халтиргаатай үед хурдан морь уралдах замын зайг (км) богиносгох талаар хэлэлцэн шийдвэрлэх;
- Дуу цахилгаантай, хүчтэй аадар бороо орж байгаа нөхцөлд хүүхэд осгох, замаас гарч төөрөх зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хурдан морины уралдааны товыг хойшлуулах;
- Уралдаанч хүүхдийг өдөрт 2-оос дээш удаа уралдаанд оролцуулахгүй байх, эсвэл 2-оос дээш удаа уралдаан зохион байгуулахгүй байх;
- Хурдан морины уралдааныг автомашинтай дагах зөвшөөрөл авч, хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулж ажиллах;
- Баяр наадам зохион байгуулах комисст уралдааны зам талбайг засаж, уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах зөвлөмж өгч, шаардлагатай арга хэмжээг тухай бүр авч ажиллах;
- Уралдаанч хүүхдийн бүртгэлийн хяналтыг карт уншигч ашиглаж хянах, сумдад цаасан суурьтай бүртгэл хийсэн аймгууд 2020 оны долдугаар сарын 20-ны дотор программд бүртгэлийг бүрэн шивж оруулах;
- Хууль тогтоомж зөрчсөн, удаа дараа шаардлага зөвлөмж биелүүлээгүй байгууллага, наадам зохион байгуулагчид болон уяач, эцэг эхчүүдэд холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцох;
- 2020 оны тавдугаар сараас хойш хурдан морины үсэргээ, сунгаа, уралдааны үед хүүхэд мориноос унасан, бэртэж гэмтсэн тохиолдол бүрийг бүртгэж, морины эзэн, уяач болон эцэг эх, асран хамгаалагчид зөвлөгөө өгч, хүүхдийн эрүүл мэндэд хяналт тавих, арга хэмжээ авах;
- Аймаг, сумын баяр наадам зохион байгуулах комисс, Морин спорт, уяачдын холбоогоор дамжуулан хурдан морины эзэн, уяачдад хүүхдийн эрхийг хүндэтгэн харьцах, хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд онцгой анхаарах тухай зөвлөмжийг хүргэх;
Үндэсний их баяр наадмын арга хэмжээний үед зохион байгуулсан ажлын тайланг 07 дугаар сарын 16-ны дотор ирүүлэхийг үүрэг болгож байна.