М.Баасанцэнд: Хуурай замын цэргийн командлал хэмээх их айлаар овоглож, барилдсандаа баяртай байна

Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Бялдаржуулах танхимын дасгалжуулагч М.Баасанцэнд Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар Төв аймагт урамтай сайхан барилдаж, аймгийн начин цол хүртсэн билээ. Аймгийн начин М.Баасанцэндийг Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар хүлээн авч уулзаж, баяр хүргэсэн юм.

 М.Баасанцэнд ҮБХИС-ийг 2015 онд төрийн захиргааны удирдлага мэргэжлээр төгссөн бөгөөд 2019 оноос Хуурай замын цэргийн командлалын Бялдаржуулах танхимын дасгалжуулагчаар ажиллаж байгаа юм.

Түүний баярын сэтгэгдлийг хуваалцахад “Үнэхээр их баяртай байна. Тэр дундаа Хуурай замын цэргийн командлал хэмээх их айлаар овоглож, нутгийнхаа зон олны өмнө алдар сууг нь дуудуулан барилдсандаа маш их баяртай байгаа. Миний хувьд анх арван жилийн сурагч байхаасаа чөлөөт бөхөөр хичээллэсэн. Тухайн үедээ өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд хэд хэдэн жил дараалан амжилттай оролцож, мөнгө, хүрэл медалийн эзэн болж байлаа. Харин үндэсний бөхөөр хожуу буюу 2016 оноос хойш хичээллэж байна. Анх өөрийн төрсөн нутаг Төв аймгийн Баянцагаан сумынхаа наадамд түрүүлж сумын заан цол хүртсэн. Түүний дараа аймгийнхаа наадамд хоёр жил дараалан гурав давж, улсын баяр наадмын хоёрын даваанд улсын аварга Ч.Санжаадамбад өвдөг шороодож байлаа. Харин энэ жил аймгийнхаа хүчит 128 бөхийн барилдаанд их шөвөгт үлдэж, аймгийн начин цол хүртлээ. Цаашдаа үндэсний бөхөөрөө улам их бэлтгэл, сургуулилт базааж, улсын цолонд хүрэх хүсэл мөрөөдөлтэй” гэв.

Тэрээр өөрийнхөө амжилтаас гадна ЗХЖШ-ын даргын тушаалаар батлагдсан “Биеийн тамирын бэлтгэлжилтийн норм, норматив”-ыг командлалын бие бүрэлдэхүүнд мөрдүүлэх, биеийн жингийн зохистой харьцааг нь хангуулах чиглэлд тус командлалын биеийн тамирын офицер, хошууч С.Энхтайваны удирдлага дор нэлээдгүй амжилт гаргажээ. Тухайлбал, түүний заавар, зөвлөмжийн дагуу спортоор хичээллэсэн командлалын хэд, хэдэн офицер, ахлагч биеийн тамирын шалгалтад тэргүүлэн, норм, нормативыг болзолыг бүрэн хангаж, бие бялдар нь илтэд хөгжиж, чийрэгжсэн байна. Дашрамд сонирхуулахад тэр бас ихэр ажээ. Түүний ихэр М.Баасан мөн л үндэсний бөхөөр хичээллэдэг, сумын начин цолтой. ҮБХИС-ийн Ахлагчийн сургуулийг төгсөөд Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлд алба хааж байсан бөгөөд өдгөө хувийн хэвшилд ажилладаг байна. Тэднийг гэр бүл, ойр дотнын найз нөхдөөс бусад нь барагтаа ялгадаггүй гэнэ. Энэ тухай ярихдаа “Төв аймгийн наадмын бөхийн барилдааныг командлалынхан маань гэр бүлээрээ очиж  үзсэн юм. Тэгсэн манай нэг хурандаа “Чи одоо ямар удаан барилддаг юм бэ, даваа бүртээ л удчих юм” гэж билээ. Манай ихрийг надтай андуурсан нь тэр. Энэ жил ногоон дэвжээнээ дэвээд гараад ирэхэд үзэгчдийн уухай намайг их хурцалж, огшоосон. Тэр эрчэээрээ их шөвөгт үлдэж, учраа бөхтэйгөө тунаж барилдсан” гэсэн юм.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …