ГХ-ны сайд Н.Энхтайван Энэтхэгт саатаад буй монгол иргэдийг эх оронд нь буцаан авч ирэхэд дэмжлэг хүсэв

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингхийг 7 дугаар сарын 21-нд хүлээн авч уулзав. Элчин сайд М.П.Сингх Гадаад харилцааны сайд Н.Энхтайванд үүрэгт ажилдаа орсонд нь баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсэв.

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Монгол Улсад элэгсэг дотно ханддаг Элчин сайдтай уулзаж буйдаа баяртай буйгаа тэмдэглээд Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд С.Жайшанкараас халуун дотно үгтэй захидал ирүүлсэнд талархал илэрхийлж, Элчин сайд М.П.Сингхээр дамжуулан хариу мэндчилгээ дэвшүүлэв.

Талууд Энэтхэгийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг амжилттай хэрэгжүүлэх, Энэтхэг Улсад зарим бараа бүтээгдэхүүнийг экспортлох туршилтын тээвэрлэлтийг хийх чиглэлд үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаар тогтов.

Мөн дээд, өндөр түвшний харилцан айлчлалуудыг “COVID-19” цар тахлын нөхцөл байдал намжсаны дараа хэрэгжүүлэхээр ярилцав. Энэ онд тохиож буй Монгол, Энэтхэгийн хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд тодорхой арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулахаар тохиролцов.

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах чиглэлд онцгой ач холбогдол өгч байгаагаа мэдэгдээд Энэтхэгт саатаад буй монгол иргэдийг эх оронд нь буцаан авч ирэхэд дэмжлэг хүсэв.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …