Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Элейн Конкевичийг өнгөрсөн даваа гаригт хүлээн авч уулзсан.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай олон чиглэлд хамтарч ажилладаг бөгөөд энэ удаагийн уулзалтаар Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх болон дэлхий нийтэд дэгдээд буй ковид-19 цар тахалд хариу үйлдэл үзүүлэх арга хэмжээний талаар онцлон ярилцлаа.
Сайд А.Ариунзаяа НҮБ-ын ХХ-тэй хамтран Тогтвортой хөгжлийн зорилт болон цар тахалд үзүүлэх хариу үйлдлийн чиглэлээр идэвхтэй хамтарч ажиллахаа илэрхийлээд “Энэ оны эхний улирлын өрхийн орлого, зарлагын судалгааны дүнгээр цар тахал өрхийн түвшинд төдийлөн сөрөг нөлөөлөөгүй гэдгийг харуулсан нь Засгийн газраас нийгмийн хамгааллын хариу арга хэмжээг цаг алдалгүй авсны үр дүн юм. Тухайлбал, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 5 дахин нэмж 100 мянган төгрөг болгосон.
Хүнсний талоны мөнгөн дүнг 2 дахин нэмсэн, аж ахуйн нэгжүүдийг нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөс чөлөөлсөн. Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэхэд НҮБ-ын дэмжлэг туслалцаа тун чухал байсан. Ерөнхий байдлаараа цар тахлын айл өрхүүдэд үзүүлэх сөрөг нөлөө харьцангуй бага байсан ч аж ахуйн нэгжүүд илүү өртөж үйл ажиллагаа нь доголдох, зогсох, орлого буурах зэргээр эдийн засгийн хувьд хохирол амссан.
Ялангуяа аялал жуулчлал, үйлчилгээний салбар илүү өртсөн байна. Нөгөө талаас хөдөө аж ахуйн салбарт дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт ажиглагдсан нь эерэг үзүүлэлт юм. Бид Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуультай. Уг хуулийн дагуу богино, дунд, урт хугацааны бодлоготой байх ёстой бөгөөд “Алсын хараа 2050” бодлогын баримт бичгийг баталсан” хэмээсэн. Тэрбээр мөн Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллахаа ч илэрхийлэв.
Элейн Конкевич Европын Холбоо Монгол Улсад өргөн хүрээтэй төсвийн дэмжлэг үзүүлэхээр болсон бөгөөд уг дэмжлэгийн хүрээнд 7.4 сая еврогийн техникийн туслалцааг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих болон Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр олгохоор болсныг дуулгаад “Монгол Улс дотооддоо цар тахлыг алдаагүй нь олзуурхууштай байна. Ковид туссан хүмүүс нь тусгай нислэгээр эргэж ирсэн байгаа. Тэдэнд нийгэм, олон нийтийн зүгээс ямар нэг байдлаар сөрөг хандлага үүсгэх вий гэдгээс болгоомжлох хэрэгтэй юм. Мөн гадаадад ажиллаж, сурч байгаад ковидын улмаас буцаж ирсэн хүмүүст нийгмийн хамгааллын болон хөдөлмөр эрхлэлтийн дэмжлэг үзүүлэх шаардлага гарах байх. Цар тахлын хариу арга хэмжээний хүрээнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр арга хэмжээ авч, жижиг дунд бизнесийг дэмжих чиглэлээр хамтран ажиллаж байна” гэсэн юм. Мөн Хөгжлийн хөтөлбөрийн зүгээс гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, Тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад залуусын оролцоог хангахад анхаарахаа хэлсэн.
А.Ариунзаяа сайд “Өмнө нь бид охид эмэгтэйчүүдийн эрхийг хангах, хамгаалахад ихээхэн анхаарч байсан. Харин одоо хөвгүүд, эрчүүдийг нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах, тэдний хандлагыг өөрчилж хөгжүүлэхэд чиглэсэн бодлогын арга хэмжээг авах шаардлага байгаа” гээд энэ тал дээр хамтарч ажиллахыг санал болгов. Түүнчлэн цар тахлын улмаас гадаадад гацсан 11 мянган монгол хүн эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан ч нислэг болон тусгаарлалтын төлбөрийн улмаас асуудал үүсч буйг хэлээд энэ тал дээр дэмжлэг хүслээ.