Нийслэлийн ОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, НМХГ-ын дэд дарга Б.Батшагай, НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, НБОГ-ын Биологийн олон янз байдлыг хамгаалах, минж нутагшуулах хэлтсийн мэргэжилтэн Ц.Цолмонбаатар нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн ОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Нийслэлийн Онцгой комиссоос гаргасан албан даалгаврыг бид чиглэл чиглэлдээ хэрэгжүүлж ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Үер, усны ослын аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/800 дугаар захирамж гарсан. Энэ дагуу нийслэлийн Онцгой байдлын газраас Туул, Хэрлэн, Тэрэлж голын эрэг дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүлийг зохион байгуулж байна. Мөн нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын албан хаагчидтай хамтран гол, усны ослын аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг өдөр бүр зохион байгуулан иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж, 269 иргэний амь насыг авран хамгаалсан” гэв.
НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр “2020 оны гуравдугаар сарын 24-өөс гэрийн ажиглалт хийж эхэлснээс хойш 8346 хүнийг оруулсан ба 6981 нь гэрийн ажиглалтаас гарсан 1233 хүн гэрийн ажиглалтад байна. Тарваган тахлын сэжигтэй тохиолдол болон эмнэлзүйн шинж тэмдгийг хэрхэн яаж таних талаар Зооноз өвчин судлалын үндэсний төв, нийслэлийн Эрүүл мэндийн газар хамтран хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад цахимаар сургалт хийлээ. Сургалтад 32 эрүүл мэндийн байгууллагын 62 хүн, нийслэлийн харьяа 16 байгууллагын 148 хүн хамрагдаж, эмч нарынхаа мэдлэг, ур чадварыг дээшлүүлж ажиллалаа” хэмээлээ.
НБОГ-ын Биологийн олон янз байдлыг хамгаалах, минж нутагшуулах хэлтсийн мэргэжилтэн Ц.Цолмонбаатар “Улаанбаатар хотын суурьшлын бүс тэлсэнтэй холбоотойгоор Монголд тарваганы тархац нутаг хумигдаж улмаар айлын хашаанд орж ирэх тохиолдлууд сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа. ЗӨСҮТ-өөс Улаанбаатар хотын суурьшлын бүсэд тарваган тахал өвчин гарах өндөр эрсдэлтэй гэсэн зөвлөмж ирүүлсний дагуу 2017 оноос эхлэн суурьшлын бүсийн монгол тарвагыг нүүлгэн шилжүүлэх ажлыг мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулж эхэлсэн. Энэ жилийн хувьд байгаль хамгаалагчдын дунд “Хавхгүй нийслэл 2020” уралдааныг зохион байгуулаад хяналт, шалгалтын ажлыг эрчимжүүлж байна. Амьтны тухай хуульд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт тарвага, амьтан агнахыг хориглосон байдаг. Гэвч иргэд хавх, урхи ашиглаж тарвага агнах явдал мэр сэр гарч байна. Энэ нь тарваган тахал гарах өндөр эрсдэлтэй юм. Энэ долоо хоногт нийслэлийн суурьшлын бүс рүү зэрлэг амьтан орж ирсэн зургаан удаагийн дуудлага НБОГ-т ирсэн” гэв.