Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатараар ахлуулан Улсын онцгой комиссын ажлын хэсэг Дундговь аймагт ажиллалаа.
Энэ үеэр говийн бүсийн аймгуудын удирдлагуудтай өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлд уулзалт хийж, зарим үүрэг даалгавар өгсөн юм.
Хүнс хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн мэдээллээр Монгол орны бэлчээрийн усан хангамжид хийсэн судалгааны тайлангаас үзэхэд усаар хангагдаагүй 58 сая га /52 хувь/ бэлчээр байна. Дундговь, Дорноговь, Өмнөговь, Говьсүмбэр аймгийн хувьд бэлчээрийн 30-50 хувь нь усаар хангагдсан ерөнхий дүгнэлт гарчээ. Түүнчлэн тус яамнаас Хөдөө аж ахуйн салбарын 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах талаар нарийвчилсан төлөвлөгөө гарган ажиллаж, хэрэгжилтийг хангуулах, биелэлтэд хяналт тавих зэрэг арга хэмжээг авч хамтран ажиллахыг Засаг дарга нарт зөвлөмж болголоо.
Өнгөрсөн өвөл нийт нутгийн 70 орчим хувьд олон жилийн дунджаас ахиу, 30 гаруй хувьд нь олон жилийн дундаж орчим цас орж, агаарын температур олон жилийн дунджаас дулаан байсан боловч цас их орсон 8 аймгийн 36 суманд цагаан зуд, 16 аймгийн 58 суманд цагаанаар зудархуу нөхцөлтэй өвөлжсөн сургамжид энэ жил дүгнэлт хийж өвөл, хаврыг өнтэй давах ажлыг бүх түвшинд хамтран зохион байгуулж, зохицуулалт хийж ажиллах шаардлагатай байгаа аж.
Аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн тооцоо хийхэд 60.2 мянган тн өвс,15.9 мянган тн тэжээл бэлтгэх хэрэгцээтэй байна.
Говийн бүсийн аймгуудад өвөлжилт хүндрэх төлөвтэй байгааг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж, өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангахыг Монгол Улсын Шадар сайд үүрэг болголоо гэж Монгол Улсын Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.