Экологийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Өсөхбаяртай ярилцлаа.
-Аялал жуулчлалын идэвхтэй улирал үргэлжилж байна. Экологийн цагдаагийн албанаас хоггүй цэвэр аялахыг уриалсан аян зохин байгуулсан. Аяны хүрээнд хийгдсэн ажил арга хэмжээний талаар тодруулахгүй юу?
-“Ковид 19”-ийн нөлөөгөөр дотоодын аялал эрчимжиж ирэх нь судалгаанаас харагдаж байсан. 560 мянга очрим аялагч Монгол Улсын түүхэн болон байгалийн өвөрмөц тогтоцтой бүс нутаг, хилийн зурвас газруудаар аялана гэсэн судалгаа гарсан. Үүнтэй холбогдуулаад Экологийн цагдаагийн албанаас Байгаль орчны яам, Жайака олон улсын байгууллагатай хамтраад байгальд “Ирлээ явлаа цэвэр” аяны арга хэмжээг хариуцлагатай аялцгаая уриалгатайгаар зохион байгуулж байна. Аян наймдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ. Арга хэмжээний хүрээнд Улаанбаатар хотоос гарч байгаа төв замуудад хоггүй цэвэр аялахыг уриалсан стикер наалтуудыг байршуулсан. Мөн дотоодын аялал жуулчлалын компаниудтай хамтарч ажиллаж байна. Нийслэл хотоос орж гарах замуудад хогийн том сав байршуулж өгсөн. Дүүрэг тус бүрийн тохижилт үйлчилгээний хэлтсийн компаниуд хогийг нь ачдаг.
-Энэ жилийн тухайд дотоодын аялал жуулчлал ачаалалтай байгаа гэж ойлголоо. Аялагчид руу хандсан нөлөөллийн ямар ажил арга хэмжээ зохион байгуулав?
-Тэгж болохгүй ингэж болохгүй гэхээс илүү үлгэр жишээ хүмүүс, аялалын багуудаар “Энд аялалаа. Цэвэр үлдээлээ” гэж уриалуулж ажилласан. Мөн үүрэн компанын оператор компаниудтай хамтарч зорилтот мессежийг хүргэж ажилласан. Мөн ФМ радионууд ч хамтарч хоггүй аялахыг сурталчилж хамтарч ажиллалаа.
-Аян хэрэгжээд сар орчмын хугацаа өнгөрсөн байна. Гарсан үр дүнг та хэрхэн харж байна вэ?
-Арга хэмжээний үр дүнд тодорхой хэмжээний өөрчлөлт гарсан гэж үзэж байна. Мэдээж өргөс авсан юм шиг бүх зүйл сайхан болчихгүй. Үр дүнд аялагч нар хогоо ачаад явах, хогийг зориулалтын саванд хийх ухамсартай болжээ.
-Та бүхэн шалгалтын ажиллагааг тогтмол явуулж ажиллаж байгаа. Аялагчдын гаргаж байгаа гол зөрчил юу байна вэ?
-Аялагчид түүх соёлын өв, дурсгалд хүндэтгэлтэй хандах тал дээр дутагдалтай байна. Сүг зурган дээр очоод л эрээчээд, янз бүрийн юм сийлсэн зөрчил олон бүртгэгдсэн. Мөн голын усанд тээврийн хэрэгслээ угаах асуудал их байна. Үүнээс гадна тарваган тахлын өндөр эрсдэлтэй нөхцөл байдал бүртгэгдээд байхад л эд эрхтэнг нь худалдаалах, зөөвөрлөх зөрчил тасралтгүй бүртгэгдэж байна. Ойн дагалдах баялаг самарыг бэлтгэсэн зөрчил хэд хэд бүртгэгдлээ. Аяны хугацаанд 11 удаагийн гэмт хэрэг, 164 зөрчил бүртгэгдээд байна.
-Экологийн цагдаагийн албанаас шалгалтын ажиллагааг ямар байдлаар явуулж байна вэ?
-Улаанбаатар хотын ногоон бүсүүдэд анхаарч ажилласан. Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газар, Туул голын ай сав газар, Нийслэлийн аврах 105 дугаар анги, Нийслэлийн цагдаагийн газрын морьт эргүүл гэх байгууллагуудтай хамтарч эргүүл шалгалтын ажиллагааг явууллаа. Илэрсэн зөрчлүүдэд тухай бүрт нь арга хэмжээ авч ажилласан.
-Гол усанд машин тэргээ угааж байгаа зөрчлийг илрүүлэхэд иргэдийн идэвх, оролцоо чухал байдаг байх.
-Экологийн цагдаагийн албаны фэйж хуудас, групуудэд иргэдээс мэдээлэл авч байгаа. Тээврийн хэрэгслийн дугаар, эзэмшигч нь тодорхой бол дуудаад холбогдох арга хэмжээг авч ажилладаг. Зөвхөн тээврийн хэрэгслээ голд угаасан 132 зөрчил бүртгэгдээд байна. Үүнд 6.4 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч ажилласан. Мөн голын ай сав газарт том миксэр машинууд цементний үлдэгдэл хогоо асгах ноцтой зөрчил гарч байна. Тухай бүрт нь арга хэмжээ аваад явж байна.
-Хөдөө хээр талд замгүй газраар зорчиж экологид хохирол учруулах тохиолдол их гардаг. Үүн дээр ямар хяналт тавьж ажиллаж байна вэ?
-Хяналт тавьж ажиллаж байгаа. Бидний зүгээс анхааруулна, шаардана. Яг зүлгэн дээгүүр зөрчиж байгаа тохиолдол бүрт цагдаа зогсож, хяналт тавих боломжгүй шүү дээ. Энд хувь хүний ухамсар чухал. Зүлгэн дээгүүр зорчиход байгаль экологид учрах хор хөнөөлийг иргэн ухамсарлах ёстой.
Энд нэг зүйлийг анхааруулахад замгүй газраар зорчино гэдэг өөрсдийн эрүүл мэнд, эд хөрөнгийг эрсдэлд оруулж байгаа хэлбэр. “Би энэ газрыг мэддэг” гэж бардам зан гаргаад осолдсон, машин тэргээ голд урсгасан тохиолдол бий. Баталгаагүй зам талбайгаар зорчиж амь насаа алдсан зургаан ч хэрэг бүртгэгдсэн. Мөн хүнд, хөнгөн байдлаар бэртсэн найман тохиолдол байгаа. Энэ асуудалд анхаарч баталгаат замаар анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.
-Байгаль орчинд хамгийн ойр байдаг улс бол ойн цагдаа, байгаль хамгаалагч нар. Тэдэнтэй хэрхэн хамтарч ажиллаж байна вэ?
-Экологийн цагдаагийн албаны гол хамтрагчид нь байгаль хамгаалагч, ойн байцаагч нар байдаг. Бид аймаг сумын байгаль орчны газруудтай тогтмол хамтарч ажиллаж байна. Ойн байцаагч нар уулын аманд гарч буй зөрчил дутагдлын талаар бидэнд мэдээлж нүд чих болж байдаг. Дээрх улсуудын дэмжлэгтэйгээр бидний ажил хурдацтай явдаг юм.
-Иргэдийн олноор аяладаг газруудад хог их байна лээ. Энгийн жишээ татахад л Хяргас нуурын эрэг орчимд зарим хөл хөдөлгөөнтэй хэсэг хогонд дарагдсан байгаа харагдсан. Хариуцлалагүй аялагч нарын хогийг хэн цэвэрлэх вэ. Энэ асуудлыг ямар байгууллага хариуцах вэ?
-Хяргас нуурын захиргаа хариуцах ёстой. Тухайн байгууллага иргэдийг соёлтой аялахыг сануулж байх үүрэгтэй. Үүргээ биелүүлээгүйгээс хог хуримтлагдсан газрууд байгаа. Мөн өмнөх жүлүүдийн хог хаягдлууд ч байгаа. Энэ асуудалд санаа зовсон иргэд зохион байгуулалттайгаар цэвэрлэж, бусаддаа уриалга гаргасан байна лээ. Үүнээс иргэдийн хандлага өөрчлөгдсөн нь харагдаж байгаа юм.
-Аялагчдад юуг уриалж байна вэ?
-Аялал жуулчлалаар явахдаа байгаль орчинд ээлтэй байхыг л хүсээд байгаа юм. Бусад аялагч нарын эрх ашгийг хамгаалах нь аялалын гол дүрэм. Аялал жуулчлалаар явахдаа төлөвлөх нь чухал. Аялахдаа “Fail Mongolia” апликейшн хэрэглэхийг санал болгож байна. Үүнд аялал жуулчлалын зам маршрутаас гадна кэмпүүд бүртгэлтэй байдаг. Апликейшнаасаа захиалга өгөх бүрэн боломжтой. Төгсгөлд нь байгалийн сайханд аялсан бол цэвэр үлдээхийг уриалж байна.