Ч.Мөнхжаргал: Хариуцлагыг эрхэм болгох сэтгэлтэй залуус энэ албанд ажилладаг

Аврагчийн хөрөг” булангийн энэ удаагийн дугаарт НОБГ-ын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн салааны захирагчаар ажиллаж байсан бэлтгэл дэслэгч Ч.Мөнхжаргалыг урилаа. Тэрээр Онцгой байдлын байгууллагад 24 жил үүрэг гүйцэтгэсэн, гүйлтийн спортын мастер цолтой тамирчин юм.

Албандаа 24 жил үүрэг гүйцэтгээд гавьяандаа гарлаа. Анхны ажлын гараагаа хаанаас эхэлж байв?
-Миний хувьд 1997-1998 онд Хилийн цэргийн 0131 дүгээр ангид цэргийн алба хааж ирээд, тэр ондоо Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангид гал сөнөөгчөөр ажилд орж байлаа.
Дэврүүн хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн он жилүүдийн минь 19 нь Гал түймэр унтраах, аврах 56, 81 дүгээр ангитай холбоотой.
Улмаар 2017-2018 онд Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангид, 2019 оноос Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангид салааны захирагчаар ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гараад удаагүй байна.


-Энэ хугацаанд бусдад амьдрал бэлэглэсэн олон ч дуудлагаар үүрэг гүйцэтгэж байсан байх?
-Тэгэлгүй яахав. Нэг бүрчлэн тооцож үзээгүй юм байна. Багцаагаар 200 гаруй хүний амь аварсан. Гал түймэр, гамшиг ослын дуудлагаар очоод хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалж, ар гэр, аав ээж, ах дүүд нь хүлээлгэж өгөх үе хамгийн сайхан байдаг. Энэ л албаны минь бахархал юм даа. Бахархалтай бас эрсдэлтэй хэдий ч албандаа хоёргүй сэтгэлээр зүтгэж, эх орон, ард иргэдийнхээ төлөө өргөсөн тангаргаа биелүүлсэндээ баяртай байдаг.
-Онцгой алба хаагч байх хамгийн том шалгуур нь юу гэж боддог вэ?
-Бие бялдар болоод сэтгэл зүйн тэсвэр хатуужил. Мөн хариуцлагыг эрхэм болгох сэтгэлтэй залуус энэ албанд ажилладаг гэж боддог. Тийм учраас тасралтгүй суралцаж, спортоор хичээллэж, өөрийгөө байнга сорьж байх ёстой. Энэ ч үүднээсээ гүйлтийн спортоор 28 жил хичээллэсэн.
-Гүйлтийн спортоор гаргасан амжилтуудаасаа хуваалцвал?
-Миний спортод холбогдсон түүх нагац ах хурдан н.Гомбо гэдэг хүнтэй холбоотой. Ахыгаа бэлтгэл сургуулилт хийх бүрт дагаж гүйнэ, хамт бэлтгэл хийнэ. Гаргасан амжилтаар нь бахархана. Ингэж яваад л гүйлтийн спортод дурласан даа.
Тэгээд 1992 онд Эрдэнэт хотын Хангарьд Спорт Хорооны дасгалжуулагч цанын спортын мастер н.Ганбаатар багшийн удирдлагад бэлтгэл сургуулилт хийж эхэлсэн. Түүнээс хойш албаны хэмжээний болон улсын, олон улсын чанартай олон ч тэмцээн, уралдаанд оролцож, 2008 онд “Спортын мастер” цол хүртсэн.
Мөн хурандаа Ц.Баттулга багшийнхаа удирдлагад 2013 оны Ерөнхийлөгчийн нэрэмжит “Марш тактик, тусгай бэлтгэлийн тэмцээн”-д амжилттай оролцож, багаараа мөнгөн медалийн эзэд болж байлаа.


-Ингэхэд таны бага нас хаана өнгөрөв. Хүүхэд насны мартагдашгүй дурсамжуудаасаа хуваалцаач гэвэл?
-Би Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумынх. Ах, дүү долуулаа. Сургуулийн амралтаараа ахындаа очиж мал хариулах дуртай хүүхэд байлаа. “Сайн төлчин хүүхэдээр хүртэл шалгарч байсан түүхтэй. Эргээд бодоход хүүхэд насны минь сайхан дурсамж юм даа.
-Тэгвэл одоо таны хүүхдүүд аавынхаа ажил, албыг хэр сонирхож байна даа?
-Эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Хүүхдүүдтэйгээ өнгөрүүлэх цаг хугацаа бага ч гэлээ аль болох цаг зав гарвал тэдэнтэйгээ хамт байж, хичээл сурлагын хажуугаар спортоор хичээллэхийг нь дэмждэг дээ. Манай хүүхдүүд бүгдээрээ спортод сонирхолтой. Ирээдүйд аавынхаа мэргэжлээр Онцгой байдлын албанд орж ажиллах эрмэлзэлтэй байгаагаа ярьцгаадаг. Хүүхдүүд сонирхоод хүсэл тэмүүлэлтэй байвал энэ албандаа зүтгүүлнэ гэж боддог . Хэн нэгэнд хэлэх үгтэй, хийсэн бүтээсэнтэй явна гэдэг сайн ханийн түшиг тулгуур учраас ханьтай маш их баярлаж явдаг даа.
-Таны хувьд албаныхаа юугаар нь илүү бахархдаг вэ?
-Үйлс, зорилго, өргөсөн тангараг нэгтэй үе, үеийн аврагчдаараа маш их бахархана. Бид үүргээ хэр сайн биелүүлнэ, тэр хэмжээгээр энэ байгууллагыг төр, түмэн олон минь тодорхойлно шүү дээ. Тийм учраас алдах эрхгүй. Алдсан ч алдаагаа давтахгүй байхыг л чухалчилж ажилладаг байлаа.
-Дан залуусаас бүрдсэн хамт олныг удирдахад анхаарах хамгийн чухал зүйл нь юу вэ?
-Олон хүнийг нэг зорилго дор нэгтгэж ажиллуулна гэдэг ур чадвар. Хамгийн чухал нь зөв харилцаа, хандлага. Бас алба хаагчдын сэтгэлзүйг ойлгож, дэмждэг байх нь чухал. Ар тал амар тайван байвал ажлын бүтээмж мэдээж өндөр байна шүү дээ.


-Тэгвэл шинэ залуу алба хаагчдадаа юу гэж зөвлөх бол?
-Аливаа ажлыг чин сэтгэлээсээ хийж, хариуцсан ажилдаа эзэн нь байж, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж явахыг зөвлөдөг. Залуу хүүхдүүдийнхээ санаа бодлыг дэмжиж, эрч хүчтэй хамтарч ажиллаад явна гэдэг сайхан.
Гал сөнөөгчдийн хувьд байнгын бэлтгэл сургуулилттай, сурч боловсрох тал дээр өөрийгөө дайчилж ажиллах ёстой.
ОБЕГ, НОБГ-ын удирдлагуудаас гал сөнөөгч нарынхаа мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд анхаарал тавьж, ОХУ, Япон, Солонгос улсуудын галын ангиудтай уялдаа холбоотой ажиллаж, шинэ залуу боловсон хүчнүүдийг бэлтгэж байгаа нь сайшаалттай санагддаг.
Албаныхаа нэр хүндийг өндөрт өргөж, өөрөө хичээвэл амжилт ойрхон шүү гэж хэлмээр байна.
-Ярилцсан танд баярлалаа. Ажлын болоод спортын их амжилт хүсье?
-Та бүхэндээ ч гэсэн баярлалаа. Энэ дашрамд НОБГ, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн удирдлагууд болон мөр зэрэгцэн ажиллаж байгаа дайчин нөхөд, тэдгээрийн гэр бүлийнхэнд эрүүл энх, сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …