Нийслэлийн долоо хоногийн тойм

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2020 оны наймдугаар сарын 10-наас 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна.

Дугаарын хязгаарлалтын үйлчлэл хэвээр үргэлжилнэ

НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал: Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт орсонтой холбогдуулан НИТХ-аас тогтоож байсан дугаарын хязгаарлалтыг нийслэлийн Засаг дарга тогтоодог болсон. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан даваагаас баасан гарагт үйлчилдэг байсан дугаарын хязгаарлалт хэвийн үргэлжлэх захирамжийг гаргалаа. Өмнөх захирамжийн бүсчлэл, дугаарын хязгаарлалтад орох өдрүүд хэвийн үргэлжилнэ.

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Энхболд: Замын хөдөлгөөний дүрэмд “Бүс” хязгаарлалтын тэмдэгийг 2019 оноос эхлэн шинээр оруулсан. Дугаарын хязгаарлалтын эхлэл рүү “Бүс” тэмдэгээр нэвтэрч орсон тохиолдолд “бүсчлэлийн төгсгөл” гэсэн тэмдэгийг зөрж өнгөрөөгүй л бол жолооч нар дугаарын хязгаарлалттай бүс дотроо зорчиж байна гэж ойлгох хэрэгтэй.

Зөвшөөрөлгүй барилгын ажлыг албадан зогсоолоо

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан өнгөрсөн мягмар гаригт Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ажиллаж, тус төвийн эзэмшил газар руу хувийн хэвшлийнхэн халдсан хууль бус үйлдлийг таслан зогсоох үүргийг холбогдох албаныханд өгсөн. Тодруулбал, Монголын Үндэсний их сургууль хичээлийн өргөтгөлийн барилга барихдаа  ЭХЭМҮТ-ийн газар руу түрж, хашааг нь буулгаж зөвшөөрөлгүй орц, гарц хийгээд байсан юм. Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчийн өгсөн үүрэг  даалгавар, шийдвэрийн биелэлтийг НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргалаар ахлуулсан ажлын хэсэг шалгаж, газар дээр нь ажиллалаа. ус сургууль нь хичээлийн өргөтгөлийн байраа барихдаа эмнэлгийн эзэмшил газар руу  түрж, 4.5-4.8 метр.кв талбайг илүү гарган барьсан учраас сургуулийн баруун талын эзэмшил газраас эмнэлэгт алдагдсан газрыг нөхөн олгох үүргийг НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд үүрэг болголоо. Ингэснээр ЭХЭМҮТ-ийн газрын маргаан шийдвэрлэгдэж буй юм.

Өвөлжилтийн бэлтгэл хангах нэг сарын аяныг дүүрэг хороо бүрт хэрэгжүүлнэ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн хуралдлаа. Хуралдаанаар нийслэлийн 2019-2020 оны өвөлжилтийн дүн, 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай захирамжийн хэрэгжилт, үр дүнг хэлэлцлээ.

Нийслэлийн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд цахилгаан дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 1356 арга хэмжээг төлөвлөснөөс өнгөрсөн долдугаар сарын 20-ны өдрийн байдлаар 80%-ийн гүйцэтгэлтэй байна. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 189 дүгээр тогтоолоор агаарын чанарыг сайжруулах бүсэд өөрчлөлт оруулан Баянзүрх дүүргийн 20, Сонгинохайрхан дүүргийн 21, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулж байгаа 100 кВт/ц-аас дээш хүчин чадалтай 47 аж ахуйн нэгж болон 15 сургууль цэцэрлэгийн нийт 343 зуухыг халаалтын зуухтай холбожээ. Өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар  Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр цахилгаан хангамж, үерийн далан суваг хөрс, автозам, орон сууц нийтийн аж ахуйн чиглэлээр болон нийслэлийн хүн амын өвөл, хаврын улирлын махны хангамж, үнийн тогтвортой байдлын хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээллээ. Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд инженер, хангамжийн чиг үүргийн байгууллагууд өвлийн улиралд иргэдийг дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад онцгой анхаарах, шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг авах шуурхай ажиллагааны бэлтгэлийг  хангахыг Захирагчийн ажлын алба болон харьяа байгууллагууд дүүргүүд болон хэрэгжүүлэгч агентлагуудад үүрэг болголоо. Мөн өвөлжилтийн бэлтгэл хангах нэг сарын хугацаатай аянаар иргэддээ сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх, угаарын хйий мэдрэгчийг ашиглах заавар, зөвлөгөө, сэрэмжлүүлгийг өгч, айл өрх бүрийн зуух яндангийн битүүмжлэл, аюулгүй байдлыг хангаж ажиллах үүргийг нийт нутгийн захиргааны болон дүүрэг хороодын албан хаагчдад өгөв.

Эмнэлэг, цагдаагийн байгууллагуудад парк шинэчлэл хийгдлээ

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, УИХ-ын гишүүн С.Амарсайхан нарын холбогдох албаныхан туулах чадвар сайтай автомашиныг нийслэлийн Эрүүл мэндийн газар, ХӨСҮТ, ЗӨСҮТ болон нийслэлийн Цагдаагийн удирдах газарт гардуулан өглөө.

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийслэлийн Эрүүл мэндийн газарт бүрэн тоноглогдсон 40 автомашин, нийслэлийн Цагдаагийн удирдах газарт 110 автомашинаар парк шинэчлэлт хийгдэж байна. Ийнхүү туулах чадвар сайтай автомашинаар бүрэн хангаснаар гэмт хэрэг, зөрчлийн газар болон түргэн тусламж шаардлагатай газарт 3-5 минутад түргэн шуурхай очиж, иргэдийн амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгийг хамгаалах, нийслэлийн иргэдийн аюулгүй байдал хангах нөхцөл боломж бүрдэж байгаа юм. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Иргэдэд түргэн шуурхай үйлчлэхэд энгийн автомашинаас гадна туулах чадвар сайтай, шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон автомашин хэрэгтэй. Энэ ч үүднээс нийслэлийн төсвийн хөрөнгөөр иргэдийн аюулгүй амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх ажлын хүрээнд эрүүл мэнд, цагдаагийн газруудад парк шинэчлэлтийг хийж байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах асуудлыг тусгасан. Нийслэл хотод нийт хүн амын 50 хувь нь амьдарч байна. Иймд бид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлд онцгойлон анхаарч ажиллаж байгаа. Нийслэлийн хувьд олон эх үүсвэрээс хөрөнгө оруулалтын ажлуудыг хийдэг. Тодруулбал, НИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хүрээнд тодорхой хөрөнгө оруулалтыг хийж байгаа. Мөн улсын төсөв, бусад зээл тусламжаар хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр салбарын яамдуудтай хамтарч ажиллаж байна” гэдгийг онцоллоо.

Орон нутгийн сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэлээ

Ирэх аравдугаар сард орон нутгийн сонгууль улс орон даяар зохион байгуулагдахаар товлогдсон.  Монгол Улсын аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хуулинд заасны дагуу улс төрийн нам эвсэл НИТХ-ын  2020 оны нийслэл дүүргийн ИТХ-ын сонгуульд оролцохоо илэрхийлж буй. Энэ дагуу нийслэлийн Сонгуулийн хороо хуралдаж, нам эвсэлээс ирсэн баримт бичгүүдийг  нягталж, сонгуульд оролцох намуудыг  бүртгэхээр тогтоол гаргажээ. НИТХ-ын 2020 оны сонгуульд бүртгэсэн тухай тогтоолыг өнөөдөр нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд гардуулав.

Нийслэлийн Сонгуулийн хорооны тогтоолоор НИТХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Ногоон нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл, Хөдөлмөрийн үндэсний нам, Дэлхийн монголчууд нам, Монгол ардын хувьсгалт нам, Хөгжлийн хөтөлбөр нам, МАН, Ардчилсан нам, Зүй ёс намуудыг оролцохыг албан ёсоор  бүртгэлээ.

Хотын дарга цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлын явцыг шалгаж, үүрэг чиглэл өглөө

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан болон холбогдох албаныхан нийслэл хотод хийгдэж буй тохижилтын ажлын явцыг шалгалаа. Юун түрүүнд Блю Скай зочид буудлын зүүн талд хийгдэж буй цэцэрлэгт хүрээлэнд очлоо. Нийтийн эзэмшлийн нийт 1250 метр.кв талбайд ногоон байгууламж бүхий тохижилтын ажил хийгдэж дууссан бөгөөд Улсын филармоний хөшөөг байрлуулснаар бүрэн дуусах юм байна. Улсын комисс өнгөрсөн даваа гарагт ажилласан гэдгийг нийслэлийн Хот, тохижилтын газрын дарга Г.Эрдэнэбаяр хэлэв.  “Зогсоолын бордюрыг хамгаалж хязгаарлалт тавих шаардлагатай, үүнд анхаарч ажиллах хэрэгтэй. Цаашид цэцэрлэгт хүрээлэнг цэвэр байлгах, арчлалт, хамгаалалтын ажлыг авч явах шаардлагатай” хэмээн нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч онцлон хэлсэн юм.

Богд хааны ордон музейн орчимд түүх, соёлын дурсгалт цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын явцыг Хотын дарга болон холбогдох албаныхан шалгав. Богд хааны ордон музейн дэргэдэх нийт 1.4 га, 8600 метр.кв ногоон байгууламж бүхий талбайг тохижуулах ажлын явц 95 хувьтай байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны тохижилтын ажил хариуцсан мэргэжилтэн Г.Билгүүн “120 мянгатын уулзвараас тус цэцэрлэгт хүрээлэн рүү борооны ус ихээр орж ирдэг байсныг Богдын музейн урд хэсгээс эхлэн ус зайлуулах шугамыг холбож, худаг руу гаргаж өгсөн. Уг худаг усыг Дунд гол руу зайлуулах байдлаар асуудлыг шийдвэрлээд байна. Одоогоор 200 метр ногоон байгууламж, мөн гэрэлтүүлгийн ажил үлдээд байна. Энэ сарын 20-ны дотор тохижилтын ажлыг хийж дуусгахаар төлөвлөн ажиллаж байгаа” гэв.     Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Богд хааны музейг үзээд гарч ирсэн хүүхэд, залуус, иргэд, жуулчид талбай дээрх түүхэн олдворуудыг үзэж сонирхох боломжтой болж байна. Энэ сайхан бүтээлүүдийг ирээдүй хойч үеийнхэндээ хүлээлгэж өгөх хэрэгтэй. Богд хааны 150 жилийн ойд зориулсан энэхүү цэцэрлэгт хүрээлэнг бий болгож байгаа та бүхэнд талархаж байна. Цаашид хийж бүтээсэн тохижилт, хөшөө дурсгалыг арчилж, хамгаалах, хяналт тавьж камержуулахад анхаарах хэрэгтэй” гэдгийг холбогдох албаныханд хэллээ.  

“Натур”-ын замыг Нарны замтай холбоно

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан болон холбогдох албаныхан түгжрэлийг бууруулах, замын хөдөлгөөний эрчмийг сулруулах зорилгоор орон сууцны дундах орц гарцыг нэмэгдүүлэх, явган хүний зам талбайг хааж нийтийн эзэмшил талбайг дур мэдэн ашигласан байршлуудад өнөөдөр ажиллаж, холбогдох шийдвэрийг гаргалаа. Баязүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Миний хапермаркет” дэлгүүрийн зүүн талаар автозам гаргаж, Нарны замтай шууд холбох боломжтой байршилд албаныхан ажиллав. Тухайн хэсэгт 12метрийн өргөнтэй, 108 метрийн урттай автозамын ажил хийгдэхээр төлөвлөгдсөн бөгөөд замын трасст зөвшөөрөлгүй баригдсан сэндвичин барилгыг нурааж газрыг чөлөөлжээ. Тодруулбал, “Шинэ Монгол” сургуулийн хажуугаар өнгөрөх автозам “Миний хапермаркет” дэлгүүрийн зүүн талаар өнгөрч Нарны замтай шууд холбогдох юм. Олны хэлж заншсанаар “Натур”-ын замыг Нарны замтай шууд холбосноор “Нарантуул” ОУХТ-ын уулзварын хөдөлгөөний эрчим 30 хувиар буурах боломжтой аж. Хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан яаралтай автозамыг холбох ажлыг эхлүүлэх үүргийг холбогдох албаныханд өгөөд, хөдөлгөөний эрчмийг бууруулахын тулд шууд холбож болохуйц байршлуудын судалгааг дахин гаргахыг үүрэг болголоо.

Хотын дарга нийтийн эзэмшлийн талбайд олгосон газрын зөвшөөрлийг цуцлана гэж мэдэгдлээ 

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал болон нийслэлийн холбогдох мэргэжилтнүүд  Баянгол дүүргийн 14, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт ажиллалаа. Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны 4, 14, 16 дугаар байрны дунд буюу Ачлал их дэлгүүрийн хойд талд байрлах нийтийн эзэмшлийн талбайг хувийн компани авсан асуудлыг иргэд, оршин суугчид шүүмжилж, асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн юм. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлайгийн хэлж байгаагаар “Ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай байхаар төлөвлөгдсөн энэ газар дээр нийслэлийн Засаг даргын захирамжаар 2009-2018 онд гурван нэгж талбайн газрыг олгосон байгаа юм. 2009 онд олгосон газрыг 2015 оны захирамжаар хүчингүй болгосон. Мөн “Булган гэмпил” ХХК-нд олгосон газрыг 2015 онд нийслэлийн Засаг даргын захирамжаар цуцалсан боловч компани шүүхэд хандаснаар шүүх 2016 онд газрын эрхийг сэргээх шийдвэрийг гаргасан байдаг. Газрын албаны зүгээс газрыг эрхийг нь өөрчилж, тохижилт хийх асуудлыг тухайн эзэмшигч компанид удаа дараа тавьсан. Түүнчлэн гуравдахь хэсэг газрыг “Батган импекс” компани эзэмшдэг бөгөөд уг компани газар эзэмших эрхийг шилжүүлж өгөхөөр болоод байгаа. Энэхүү талбайн газрыг нийтийн эзэмшлийн эдэлбэр газраар бүртгэн авч, хамгаалалтад авна” гэв.

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан мэргэжлийн байгууллагуудын тайлбар, оршин суугчдын үгийг сонссоны дараагаар “Үүсээд буй газрын асуудлыг нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, Монгол Улсад мөрдөгдөж буй хууль тогтоомж, стандартын дагуу газраа нийтийн эзэмшлийн талбайгаар нь ашиглана. Мөн газар эзэмшиж буй аж ахуйн нэгж, иргэний эрхийг хөндөхгүйгээр талуудад хохиролгүй байх үүднээс асуудлыг шийдвэрлэж ажиллана. Энэ талбайд ямар нэгэн барилга байшин бариулахгүй гэдгийг иргэддээ хандаж хэлье. Д.Мөнхжаргал төлөөлөгч иргэдийн саналыг нэгтгэж, уг талбайд орон нутгийн хөгжлийн сангаас тохижилт хийнэ гэж НИТХ-аар хөрөнгө батлуулсан. Нийслэлийн хэмжээнд газрын маргааны асуудал хамгийн ихээр хөндөгддөг. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын дэргэд Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхийн тулд стандартыг мөрдүүлэх нь хамгийн чухал байна. Амьдрах орчныг сайжруулахын төлөө бид ажиллаж байна. Хотын стандартын баримт бичгүүд батлагдан гарсан. Энэ дагуу хотын стандартыг дагаж мөрдөх, стандарттай хотыг бий болгохын тулд анхаарч ажиллаж байгаа. Ногоон байгууламжид халдаж байгаа зөрчил, нийтийн эзэмшлийн талбайг хэвээр ашиглахгүй байгаа гэх зэрэг асуудлыг иргэдийнхээ оролцоотойгоор шийдвэрлэнэ” гэдгийг онцолж байлаа.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Санал болгох мэдээ

Эмийн үйлдвэрийн газрыг дуудлага худалдаанд оруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах, хуучнаар …