Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн Өвөрхангай аймагт өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө. Зөвлөгөөнөөр газар зохион байгуулалт, хаягжуулалт, барилга угсралт, зураг төсөл, төсөв, үнэ бүрдэл болон сумын даамал зэрэг тулгамдаж байгаа асуудлаар БХБЯ, ГЗБГЗЗГ, БХТөв, аймаг орон нутгийн удирдлага холбогдох албан хаагчид, зөвлөгөөнд оролцогчдын дунд санал солилцож, нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд 21 аймгийн салбарын удирдах ажилтнууд оролцож тулгамдсан асуудлаар хэлэлцүүлэг өрнүүүлж шийдвэрлэх санал солилцов.
Зөвлөгөөний үдээс хойшхи хөтөлбөрийн дагуу Газрын багц хуулиудын шинэчилсэн найруулгын төслийг танилцуулж, зөвлөгөөнд оролцогчдын хүрээнд хуулийн төсөлтэй холбоотой нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа.Төсөлтэй холбоотойгоор одоо хэрэгжиж байгаа хуулийн хүрээнд тулгамдаж буй асуудлууд болон шинэчилсэн найруулгын төслийн хүрээнд шийдвэрлэх асуудал, саналыг гаргасан идэвхтэй хэлэлцүүлэг болсон юм. Монгол Улсын Засгийн газрын 100 хоногийн төлөвлөгөөнд Газрын багц хуулиудын шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөсөн юм.
Дундговь аймгийн ГХБХБГ-ын дарга Э.Чагнаадорж:“Орон нутагт тулгамдсан хэд хэдэн асуудал бий. Түүний нэг нь бэлчээрийн маргааны асуудал. Тиймээс бэлчээрийн маргааныг Газрын тухай багц хуулиар шийдвэрлэх нь зүйтэй. Түүнээс гадна аймгийн хэмжээнд нутгийн заагийг тогтоож өгөх хэрэгтэй байна. Иргэд маргаан гаргавал газар дээр нь очоод шийддэг байх хэрэгтэй” гэлээ.
Булган аймгийн ГХБХБГ-ын дарга Ү.Бямбасүрэн: “Булган хотыг байгальд ээлтэй барилгатай “Ногоон хот” болгохоор төлөвлөсөн. Орон нутагт олон асуудал бий. Ялангуяа манай аймаг ерөнхий төлөвлөгөөгөө шинэчлэх гэж байна. Анх удаа Ногоон хот төлөвлөлтийн дагуу шинэчилнэ. Азийн хөгжлийн банкны төслийн санхүүжилтээр хийнэ. Булган хот өөрөө эдийн засгийн чадавхи сайтай. Тиймээс аялал жуулчлалын бүс соёл урлагийг дагасан хот болгоно” гэв.
Өвөрхангай аймгийн ИХТ-ын дарга А.Ишдорж: “Манай аймагт төв цэвэрлэх байгууламж бий болсноор үйлдвэрүүд ашиглалтад орж, ажлын байр нэмэгдэх боломжтой. Манай аймаг иргэдээ ая тухтай амьдруулахын тулд орон сууцжуулах ажлыг эхэлсэн. Түүнчлэн гэр хорооллыг хөгжүүлэхээр инженерийн шугам хоолойг холбож дэд бүтцийн асуудлыг нь шийдвэрлэнэ. Мөн манай аймагт шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орсон. Түүхийн эдийн үйлдвэрүүд байгаа. Тэднийгээ түшиглээд хөгжих боломж бий” гэв.