У.Хүрэлсүх: Дүү нар минь Монгол Улсынхаа тусгаар тогтнол, түүх, соёлын баталгаа болсон төрөлх монгол хэл, бичгээ сайн сураарай

Өнөөдөр есдүгээр сарын 1-ний өдөр. Сургуулийн өмнөх боловсролын 1475 цэцэрлэг, ерөнхий боловсролын 834 сургууль, дээд боловсролын 93 их, дээд сургууль, коллеж танхимын болон танхимын бус хэлбэрээр сургалтаа эхлүүлж, нийтдээ нэг сая дөчин мянга гаруй суралцагч хичээлдээ орлоо.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 147 дугаар сургууль болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сувиллын 10 дугаар цэцэрлэг, яслийн цогцолборын хичээл, сургалтын үйл ажиллагаатай танилцав. Ерөнхий сайдыг дагалдан Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, Ерөнхий сайдын нийгмийн бодлогын зөвлөх Я.Төмөрбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нар тус сургууль, цэцэрлэгт ажиллалаа.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдсан нэг ээлжиндээ 960 хүүхдийн суудалтай 147 дугаар сургууль нь 89 багш, 22 ажилтан, 1135 сурагчтайгаар хичээлийн шинэ жилийн сургалтаа эхлүүлээд байна.

Энэхүү сургууль ашиглалтад орсноор Баянзүрх, Амгалан цогцолбор, 14, 44, 53, 92 зэрэг зургаан сургуулийн ачаалал буурч, хүүхдийн сурч, хөгжих боломж сайжирсан. 147 дугаар сургууль бол өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ашиглалтад ороод буй 30 сургууль, 45 цэцэрлэгийн нэг гэдгийг салбарын сайд Л.Цэдэвсүрэн онцолж байлаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх багш, сурагчтай уулзах үеэрээ “Өнөөдөр есдүгээр сарын нэгэн төдийгүй эх хэлний өдөр. Дүү нар минь Монгол Улсынхаа тусгаар тогтнол, түүх, соёлын баталгаа болсон төрөлх монгол хэл, бичгээ сайн сураарай. Монгол бичгээрээ заавал уншдаг, бичдэг болоорой” гэдгийг эрхэмлэн захив.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн Сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолбор нь 0-3 хүртэлх насны хүүхдийг асарч, хүмүүжүүлдэг 42 дугаар ясли нэртэйгээр Эрүүл мэндийн яамны харьяанд анх 1964 онд байгуулагдсан түүхтэй.

2018 онд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх цэцэрлэгийн шинэ барилгын хөрөнгийг шийдүүлснээр 5.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгөөр хүүхдийн сэргээн засах зориулалт бүхий, олон улсын стандартад нийцсэн цэцэрлэгийн барилга 2020 оны зургадугаар сард ашиглалтад орсон юм. Шинэ барилга ашиглалтад орсноор тархины саажилттай болон тулгуур эрхтний бэрхшээлтэй хүүхдийг боловсролд хамруулах, сэргээн засах эмчилгээ, нийгмийн хөгжил, хамгааллын үйлчилгээ үзүүлэх боломж нэмэгдэж байгаа юм.

Ерөнхий сайд цогцолборын багш, сурагчдад хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүлээд амаргүй энэ албанд эцэг, эхийн хайр, багшийн сайхан сэтгэлээр хандаж ажилладагт нь талархал илэрхийллээ.

Энэхүү цэцэрлэг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэ хичээлийн жилд 165 хүүхдийг хамруулан ажиллаж байна. Цэцэрлэг цаашид хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах ердийн цэцэрлэгийн багшид арга зүйн дэмжлэг үзүүлэх, эцэг эхчүүдийг зөвлөгөө, мэдээллээр хангах, дэмжлэг үзүүлэх төв болон хөгжинө.

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …