Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, политехник коллежид ажиллалаа.
Ражив Гандийн нэрэмжит үйлдвэрлэл, урлалын политехник коллежид энэ хичээлийн жилд 2000 оюутан суралцаж байгаа аж. Тус политехник коллеж нь 27 төрлийн мэргэжлээр сурагчдыг бэлддэг бөгөөд 144 багш, ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн үсчин гоо сайхан, автомашины засварын ангийн элсэлт илүү эрэлттэй байдаг бөгөөд үсчин гоо сайхнаар Дэлхийн ур чадварын тэмцээнд амжилттай оролцжээ.
Тус сургуульд элсэн суралцахаар олон аймаг, сумдаас шинээр элсэгчид ирсэн байна. Тухайлбал, Н.Одсүрэн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 9-р ангийг төгсөөд Үсчин гоо сайханч болохоор Ражив Гандийн нэрэмжит үйлдвэрлэл, урлалын политехник коллежид суралцахаар элсжээ.
Монгол-Солонгосын Политехник коллеж хичээлийн хоёр байр, 240 хүүхдийн оюутны байр, номын сан, урлаг заал, спорт заал, цайны газар, сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон 38 лаборатори, дадлагын газруудтай. БНСУ-ын засгийн газраас хэрэгжүүлсэн төслийн хүрээнд ЗАГВАР ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ болон өргөжиж, сургуулийн шинэ өргөтгөл 2016 онд ашиглалтад орсон байна. Хөнгөн үйлдвэрлэл-дизайн, Авто тээвэр, Мэдээллийн технологи, Уул уурхай, Эрчим хүч, Барилга зэрэг салбарын 100 гаруй байгууллагатай нийгмийн түншлэл, хамтын ажиллагаатай ажилладаг.
2020-2021 оны хичээлийн Мэргэжлийн Боловсрол олгох сургалтыг 13 мэргэжлээр, Техникийн боловсрол олгох сургалтыг 8 мэргэжлээр, Захиалгат болон насанд хүрэгчдийн сургалтад 6 мэргэжлээр нийт 27 мэргэжлээр 870 орчим суралцагч элсүүлжээ. Өнөөдрийн байдлаар хичээл сургалтыг түр журамд тусгагдсаны дагуу цахим болон танхимын сургалтыг хосолсон хэлбэрээр зохион байгуулж байгаа юм.
Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа оюутан, суралцагчдыг мэргэжлээ сайн эзэмшээд мэдлэг чадвартай боловсон хүчин болж улс эх орноо хөгжүүлэхийн төлөө хичээн суралцахыг онцолсон юм.
“Хүнс, технологийн политехник коллеж” нь шаталсан сургалтын тогтолцоог хэрэгжүүлж, мэдлэг-чадвар-хандлагын цогц чадамж бүхий мэргэжилтэй ажилтан, мэргэжилтэн бэлтгэж байгаа аж.
Тус сургууль нь өнгөрсөн хугацаанд нийт 35 мянга гаруй мэргэжилтэй ажилтан бэлтгэж төгсгөсөн байна. 2019-2020 оны хичээлийн жилд 500 орчим суралцагч төгсөж тэдгээрийн 80 орчим хувь нь хүнсний салбарын хүний нөөцийг бүрдүүлж ажлын байртай болжээ.
2020-2021 оны хичээлийн жилд тус сургуульд нийт 1300 орчим суралцагч элссэн бөгөөд мэргэжлийн анхан шатны 15, техникийн дунд шатны 8 хөтөлбөрөөр суралцах юм байна. Мөн сургуулийн багш, оюутнууд патент, ашигтай загварын гэрчилгээ авч баталгаажуулах, шинэ бүтээл, бүтээгдэхүүнээ сургуулийн дэргэдэх үйлдвэрлэлд нэвтрүүлж хүнсний хэрэгцээнд нийлүүлж байгаа аж.
Барилгын политехник коллежид энэ хичээлийн жилд 870 орчим суралцагч шинээр элсэж нийт 2100 орчим оюутан мэргэжил эзэмшихээр суралцаж байна. Тус сургууль сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий лаборатори, дадлагын газартай бөгөөд 300 оюутныг хүлээн авах оюутны дотуур байртай. Мөн хос мэргэжил эзэмшин герман хэлний сертификат олгох сургалтад хамрагдах боломжтой юм. Үүнээс гадна ОХУ, БНХАУ, БНСУ-ын сургуулиудтай багш, оюутан солилцооны хөтөлбөртэй. Хамтын ажиллагааны хүрээнд гэрээгээр ажиллуулах боломжтойгоор онцлог давуу юм. 200 гаруй аж ахуйн нэгж байгууллагатай хамтран ажиллаж суралцагчдын үйлдвэрлэлийн дадлагыг зохион байгуулалттайгаар хийлгэдэг байна.
Дэлхийн ур чадварын тэмцээнд Барилгын өрөг угсрагч, токарын мэргэжлээр амжилттай оролцож байгаа политехник коллежийн нэг юм.
Улсын хэмжээнд 2019 онд Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, политехник коллежид 40 мянга гаруй суралцагч сурч 19 мянга нь төгссөн. Харин энэ хичээлийн жилд суралцагчдын элсэлтийн квот 29 мянга бөгөөд наймдугаар сарын 25-ны байдлаар элсэлт 70 хувьтай байна.