Монгол Улсын санхүүгийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх зорилтын хүрээнд Монголбанк төрийн бусад байгууллагуудтай хамтран “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг 2016 онд батлан, хэрэгжүүлж байгаа.
Тус хөтөлбөр нь хүүхэд, залуус санхүүгийн зах зээлд ухаалгаар оролцох оролцоог нэмэгдүүлэх, оновчтой шийдвэр гаргалтыг дээшлүүлэх зорилготой билээ.
Тэгвэл өнөөдөр Гэр бүл, хүүхэд, залуучуудыг хөгжлийн газар энэхүү хөтөлбөрийн хүрээнд Монголбанктай хамтран залууст санхүүгийн боловсрол олгох зорилтот үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр санамж бичигт гарын үсэг зурлаа.
Уг арга хэмжээнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амар, Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван нар оролцлоо .
Уг санамж бичгийн хүрээнд хувь хүний санхүүгийн боловсрол олгох амьдрах ухааны хөтөлбөрийг хамтран боловсруулах, санхүүгийн сургагч багш нарыг бэлтгэх, олон талт сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, санхүүгийн мэдлэг олгох гарын авлага, багшийн ном, сургалт явуулахад ашиглагдах материал, видео хичээл болон бусад цаг үеийн хэрэглэгдэхүүнийг боловсруулж, түгээх зэрэг ажлууд хийгдэх юм.
Энэ үеэр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амар “Монгол Улс түүхэндээ анх удаа 15-34 насны залуучуудын хөгжил оролцоог дэмжих хуультай болж, мөн зөвхөн залуучуудын талаарх мэдээллийн санг би болгох эрх зүйн орчинг бүрдүүлж, түүнийг хөтлөх журам, арга зүй аргачлалтай болж, монгол улсад анх удаа залуучуудын сайн дурын ажлыг хөгжүүлэх талаар төрөөс анхаарч сайн дурын ажлыг бүртгэж баталгаажулах журам, залуучуудын уран бүтээл сонгон шалгаруудах журам, оюутан залуучуудын цагийн ажлын журам, залуучуудын хөгжлийн үндэсний хөтөлбөр зэргийг батлан гаргаж хэрэгжүүлээд байна.
Залуучуудыг хөгжлийн төвийн үйл ажиллагааг илүү хүртээмжтэй, үр дүнтэй хүргэх залууст амьдрах ухааны боловсрол олгох чиглэлээр манай хоёр байгууллага санамж бичиг үйлдэн хамтран ажиллах болсонд баяртай байна” гэв
Харин Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван “Монголбанк Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийг 2016 онд батласан. Бид тус хөтөлбөррийн хүрээнд сургуулийн насанд, залуу үе, хөдөө орон нутгийн иргэд болон олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр дамжуулан санхүүгийн мэдлэг олгох ажлыг төрийн болон мэргэжлийн байгууллагуудтай хамтран гүйцэтгэж ирсэн. Өнөөдөр бид хөтөлбөрийн чиглэл болох Залууст санхүүгийн боловсрол олгох ажлын хүрээнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай санамж бичиг байгуулж байна” гэлээ.
Талуудын хамтын ажиллагааны үр дүнд залуусын санхүүгийн мэдлэгийг дээшлүүлснээр тэдний санхүүгийн зохистой шийдвэр гаргах чадварыг хөгжлүүлэх, хуримтлал болон санхүүгийн хөрөнгө оруулалт хийх мэдлэг, чадварыг дэмжих шинэ боломж бүрдэх аж.