Дорноговь аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Г.Эрдэнэцэцэг, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ц.Сансармаа, Хөдөлмөрийн аюулгүй байдлын олон улсын сургагч багш Д.Хатантуул нартай хамтран Комиссын орон нутаг дахь ажилтан Ч.Нандин-Эрдэнэ 2020 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Замын-Үүд суманд ажиллалаа.
Тус ажлын хэсэг Замын-Үүд сум дахь Шүүх, Прокурор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс, Цагдаагийн газар, Хилийн цэрэг, Гадаадын иргэн харьяатын газар, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж хүний эрхийг хангах, хамгаалах, хүн төвтэй хандлага, жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр мэдээлэл хүргэж орон нутгийн удирдлагын зүгээс тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэж, цаашид сайжруулах талаар чиглэл өглөө.
Мөн Замын-Үүд сумын сум дундын Цагдаагийн газрын дэргэдэх баривчлах, саатуулах байр, түр хамгаалах байрны нөхцөл байдалтай танилцлаа.
Комиссын Дорноговь аймаг дахь ажилтан Ч.Нандин-Эрдэнэ Хүний эрхэд суурилсан хандлага, Жендэрийн тухай ойлголт сэдвээр 40 гаруй төрийн албан хаагчдад мэдээлэл хүргэж, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19 дэх илтгэл, жендэртэй холбоотой гарын авлага, сэтгүүл түгээж, мэдээлэл солилцлоо.
Цаашид хамтын ажиллагаанд аймгийн хэмжээнд тулгуурлан иргэд, олон нийтийг соён гэгээрүүлэх, хүний эрхийн боловсрол олгоход чиглэсэн арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулахаар боллоо.