Нээлттэй Засгийн түншлэлд Монгол Улс нэгджээ

6 Нээлттэй, ил тод, хариуцлагатай засаглалыг дэмжих, энэ чиглэлээр улс орнуудын Засгийн газруудад тодорхой үүрэг хүлээлгэх зорилготой Нээлттэй Засгийн түншлэлд Монгол Улс нэгдэн орсныг УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг сэтгүүлчдэд дуулгалаа.

Өнгөрсөн сарын 31-нээс энэ сарын 2-ны өдрүүдэд Лондон хотноо болсон уг түншлэлийн дээд хэмжээний хуралдаанд Монгол Улс Үйл ажиллагааны Үндэсний төлөвлөгөөгөө танилцуулж, гишүүнчлэлээ баталгаажуулсан байна. Төрийн үйл ажиллагааг ил тодболгож, иргэдийн оролцоог хангах, хүнд суртлыг халж, үйлчилгээг сайжруулах, авлигыг бууруулж шударга ёс тогтоохгэсэн үндсэн 3 чиглэлээр үүрэг амлалтаа тодорхойлсон 11 зорилт, 30 гаруй хөтөлбөрийг энэ төлөвлөгөөнд тусгасан юм.

Хуралдааны үеэр нээлттэй засаглалын чиглэлээр 7 орон өөр өөрсдийн шилдэг туршлагуудыг хуваалцсан бөгөөд манай улсын “11 11 төв”, ТҮЦ машин, шилэн данс, шилэн тендер зэргийг түншлэлд нэгдсэн 61 орны төлөөллүүд ихээхэн сонирхож, нэмэлт мэдээлэл солилцжээ. “Шинэчлэлийн Засгийн газар олон улсын хэмжээнд жишиг болох ажлууд хэрэгжүүлж байгаа нь энэ хуралдаанаас харагдлаа. Ирэх жил Индонезэд болох дараагийн чуулганд манай улс шилдэг туршлагынхаа талаар тусгайлсан танилцуулга хийхээр болсон” гэж Монгол Улсын  сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг онцоллоо.

Манай төлөөлөгчид Лондонд ажиллах үеэрээ Дэлхийн эдийн засгийн форум, Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран Монгол Улсын 2040 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцжээ. Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн эдийн засагчидтай хамтран Монгол Улсын цаашдын хөгжлийн гурван гол загварын талаар гурван шатны яриа, хэлэлцээ хийж байгаагийн эхнийх нь энэ оны 9 дүгээр сард Улаанбаатар хотноо, дараагийнх нь ийнхүү Лондон хотноо, сүүлчийнх нь ирэх нэгдүгээр сард Швейцарийн Давос хотноо болох Дэлхийн эдийн засгийн чуулганы нэг сэдэв болж хэлэлцэгдэнэ. Монгол Улсын хөгжлийн бодлогыг танилцуулж, байр сууриа илэрхийлж, гадны хөрөнгө оруулагчдын сонирхсон асуултуудад хариулт өгч буй эдгээр уулзалт манай гадаад бодлогод чухал ач холбогдолтойг Ч.Сайханбилэг сайд тэмдэглэсэн юм.

Үүнээс гадна Монголд хөрөнгө оруулалт хийх сонирхолтой дэлхийн томоохон компаниудтай манай төлөөлөгчид Лондонд бизнес уулзалт хийж, хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчны шинэчлэлийн талаар мэдээлэл өгч, санал солилцсон байна. Мөн Лондон хотын захирагч, Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал, Гадаадын банкуудын холбооны удирдлагууд, Гадаад хэргийн төрийн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын сайд зэрэг холбогдох албаныхантай ажил хэргийн уулзалт хийж, хэвлэл мэдээллийн сувгийн шууд нэвтрүүлэгт оролцон мэдээлэл өгчээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …