Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан ажлын хэсэг 2020 оны 9 дүгээр сарын 5-15-нд Ховд аймгийн Буянт, Жаргалант, Баян-Өлгий аймгийн Буянт, Өлгий, Увс аймгийн Улаангом, Сагил суманд ажиллаж, хүүхэд хамгааллын хамтарсан багийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа.
Хүний эрхийн хяналт шалгалтын хүрээнд гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нөхцөл байдал, хүчирхийллийг таслан зогсоох, хариуцлага тооцож буй байдал, хохирогч хамгаалал, түр хамгаалах байр болон нэг цэгийн үйл ажиллагаа болон хамтарсан багийн ажлын үр дүнг шалгалаа.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4-д “Орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл болон төсөвт гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагаа түүнд шаардагдах зардлын төсөв, ойрын ба хэтийн төлвийг тодорхойлсон хөтөлбөрийн төсөл боловсруулж, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах”; 19.1.5-д ”Хохирогчид үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой зардлыг төсөвт тусгуулах саналыг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх, гүйцэтгэлийг тайлагнах” гэж заасан байдаг.
Гэвч Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн сумдын хүүхэд хамгааллын хамтарсан багийн үйл ажиллагааг хэвийн явуулах төсөв, зардлыг тусгалгүй, хууль зөрчиж, хэрэгжилтийг хангаж ажиллаагүйн улмаас хүүхдийн эрх ноцтой зөрчих нөхцлийг бий болгосон байна.
Мөн түүнчлэн цагдаагийн алба хаагч зөрчлийн арга хэмжээ авсан тохиолдол бүрийн талаарх мэдээллийг хамтарсан багийн гишүүдэд өгчдөггүйн улмаас хохирогч хамгааллын асуудал нь бодит нөхцөл байдлаас зөрүүтэй, тоон мэдээллүүд нь буруу, хамгаалагдах ёстой хүүхдүүдийн эрх зөрчигдөж байгаа дүр зураг нийтлэг болжээ. Энэ нь тухайн ажлыг хариуцсан төрийн холбогдох байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо муутайгаас шалтгаалан хүүхэд, хохирогч хамгааллын үйл ажиллагаа хуулийн дагуу явагдахгүй байгаа нь дээрх 3 аймгийн статистик тоон үзүүлэлт харуулж байна.
Эдгээр аймагт Хохирогчийг түр хамгаалан байрлуулах, үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага MNS 6040:2019 стандартын дагуу баригдсан хамгаалах түр байр байхгүй, бариулсан байр нь дээрх шаардлагыг хангаагүй зэрэг зөрчлүүд илэрлээ.
Хүний эрхийн зөрчлүүдийг арилгуулахаар холбогдох яам, аймаг, орон нутгийн удирдлагуудад Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасны дагуу шаардлага хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахаар шийдвэрлэлээ.