УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир, БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга нарын холбогдох албаныхан Налайх дүүргийн 109 дүгээр сургуулийн өргөтгөлийн шинэ барилга болон 279 дүгээр цэцэрлэгийн нээлтэд оролцлоо.
Налайх дүүргийн 109 дүгээр сургуульд өмнө нь 1-5 дугаар ангийн 300 гаруй хүүхэд суралцдаг байсан. Харин Жайка олон улсын байгууллагын буцалтгүй тусламжаар 109 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилгыг барьж, ашиглалтад орууллаа. Өргөтгөлийн шинэ барилгатай болсноор 1-12 дугаар ангийн нийт 900 гаруй хүүхэд бүрэн дунд боловсролыг эзэмших боломж бүрдэж байна.
Нээлтийн үйл ажиллагааны эхэнд Налайх дүүргийн 109 дүгээр сургуулийн захирал Д.Цэрэндолгор хэлсэн үгэндээ “Сургуулийн өргөтгөлийн барилгыг ашиглалтад оруулснаар 1-12 дугаар ангид суралцагчдыг авахаас гадна 40 гаруй шинэ боловсон хүчин ажлын байраар хангагдаж байна. Нэг анги дүүргэлт 38 хүүхэдтэй байх юм. Жайка олон улсын байгууллага сургуулийн барилгаас гадна тоног төхөөрөмж, анги танхимын сургалтын орчныг иж бүрнээр нь хангаж байгаад баярлаж байна” хэмээн онцолсон.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Амарсайхан хэлэхдээ “Үнэхээр их баяртай байна. Энэ сургуулийг бий болгох, сайхан орчныг бүрдүүлэх бүхий л үйлсэд зүтгэсэн, дэмжиж ажилласан Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кобаяаши Хироюки, Жайка олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Тамура Эрико болон гар бие оролцсон бүх хүнд эцэг, эхчүүд болон хүүхдүүдийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Миний хувьд энэ хороонд төрж, өссөн. Бага насандаа шороон шуурга, салхи, бороо, цастайд ч хичээл рүүгээ 2, 3 км газар алхаж явдаг байлаа. Ингэж явна гэдэг хүүхдүүдийн хувьд хүндрэлтэй байдаг байсан. Энэ бүгдийг мэддэгийн хувьд хороондоо бүрэн дунд сургуультай болж, гэртээ ойр, тэр дундаа дэлхийн стандартад нийцсэн сайхан орчинд сурч боловсрох боломж бүрдэж байгаад баяртай байна” хэмээсэн юм.
Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга “Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар таван үе шаттай боловсролын салбарын барилга тоног төхөөрөмжийг сайжруулах хөтөлбөр хэрэгжсэн. Үүний үр дүнд нийслэлийн хэмжээнд 45 сургууль ашиглалтад орсон. Тавдугаар үе шатны хүрээнд дөрвөн сургууль энэ онд ашиглалтад орж байна. Нийслэлийн удирдлагууд боловсролын салбарын сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах талд анхаарч ажиллаж байгаа. 2016 оноос өнөөг хүртэл Монгол Улсын боловсролыг салбар дахь хөрөнгө оруулалтууд маш эрчимтэй хийгдэж байна. Энэ хугацаанд 100 орчим сургууль, 37 цэцэрлэг ашиглалтад орлоо. Энэ хэмжээгээрээ сургууль, цэцэрлэгийн хүртээмж сайжирч байгаа юм” гэв.
Мөн өдөр Налайх дүүрэгт 279 дүгээр цэцэрлэгийн барилга ашиглалтад орж, үүдээ нээлээ. 130 хүүхэд хүлээж авах хүчин чадалтай энэхүү цэцэрлэг нь хоёр бэлтгэл, нэг ахлах, нэг дунд бүлэгтэй, 22 багш, ажилтнуудтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. 279 дүгээр цэцэрлэг нь нийслэлийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн А/1024 тоот захирамжаар байгуулагдсан юм.
Нээлтийн үйл ажиллагааны үеэр УИХ-ын гишүүн С.Амарсайхан “Налайх дүүргийн хувьд цэцэрлэгийн хамрагдалт 85 хувьтай байна. Цаашлаад 1, 3, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй сургууль, цэцэрлэг ашиглалтад орохоор дүүргийн хүүхэд багачууд 100 хувь хамрагдах боломж бүрдэнэ. Налайх дүүрэгт сүүлийн хоёр гаруй жил бүх салбарт хөрөнгө оруулалт хийж байгаа иргэд мэдэж байгаа. Орчныг нөхцөлийг сайжруулахаас гадна одоо чанартай боловсрол эзэмшүүлэх, сургалтын чанарыг сайжруулахад анхаарч ажиллаж байна” хэмээлээ.