Фейсбүүк дахь “Үнэртэй усанд дурлагсдын клуб- Mongolian Fragrance Lovers” группийн эрхлэгч, үүсгэн байгуулагчдын нэг М.Энхбаярыг “Өглөөний зочин” ярилцлагын буландаа урилаа.
–Таны үнэртэй усанд дурлаж эхэлсэн үеийн түүхээс ярилцлагаа эхэлье?
–Өглөө.мн сайтын уншигчдад энэ өдрийн мэнд хүргэж анхилам сайхан бүхнийг хүсье.
Үнэртэй усанд дурлаж эхэлсэн үе гээд бодсон чинь цуглуулж эхэлсэн 2014-2015 оны үе юм болов уу. Цэцэрлэгт явдаг байхдаа аав ээжийнхээ түрхдэг үнэртэй уснаас нусныхаа алчууранд түрхээд гардаг байж билээ. Кремль гээд нэг шовгор тагтай сүрчиг толины урд их гоё цэмцийгээд байж байдагсан. Өдөржин халаасанд минь байх алчуураас үнэртэх тэр л сайхан үнэр одоо хүртэл хүчтэй хирнээ их л далдаас үнэртэж байгаа нь анх дурлаж эхэлсэн үе юм болов уу.
–Таныг “Үнэртэй усанд дурлагсдын клуб” фэйсбүүк группийн хүмүүс “ЭРХЛЭГЧ ”гэж хочилдог юм билээ. Энэ ямар учиртай хоч вэ?
–Энэ их учиртай. 2015 онд билүү яг оныг нь сайн санахгүй байна. Монгол ТВ (Mongol HD) телевизийн нэг нэвтрүүлэгт ороход заавал Монгол хэлээр бичих учиртай тул Үнэртэй усанд дурлагсдын бүлгийн “Эрхлэгч” гэж бичсэн байсан. Үүнийг л манай бүлгийн хэд хэдэн хошин шогийн мэдрэмжтэй гишүүд хараад “манай “ЭРХЛЭГЧ” гарч байна гээд” зураг тавьсан юм. Тэр цагаас хойш “ЭРХЛЭГЧ гэж дуудуулж явна даа. Өвөө нь өглөгч дандаа өгдөг, “ЭРХЛЭГЧ” нь харин эрхлэхээс өөрийг мэдэхгүй гэж наргиа болгож пост их оруулдаг. Манай бүлгийнхэн хошин шогийн мэдрэмж сайтай эерэг хандлагатай сайхан хүмүүсээр дүүрэн.
–Яагаад үнэртэнд дурлагсдыг нэг дор цуглуулах, ийм нэртэй клуб байгуулахаар болсон бэ?
–Анх 2013 оны арваннэгдүгээр 7-ний өдөр “Үнэртэй усанд дурлагсдын клуб”-ын үүсгэн байгуулагчдын нэг Н. Орчлон өөрийн найзуудын хүрээнд Үнэртэнд дурлагчдын хобби бүлэг байгуулсан. Дэлхийн соёлт хүн төрөлхтний хувьд хэрэглээгээр үл хязгаарлагдах урлаг бол сүрчиг. Маш олон улс оронд Үнэртэнд дурлагсдын янз бүрийн бүлгэм, олон нийтийн буюу сошиал бүлгүүд их бий. Манай бүлгийн гол зорилго нь үнэртний соёл түгээх. Бид ямар ч ашгийн үйл ажиллагаа явуулдаггүй, хөлс урамшуулал авдаггүй зүгээр л үнэртний соёл түгээх зорилготой бүлэг. Админ, модераторууд ямар нэг байдлаар үнэртний бизнес эрхэлдэггүй, үнэртэн борлуулдаг компани, хувь хүнтэй хамтран ажилладаггүй. Цэвэр хобби бүлэг бөгөөд улс төр, худалдаанаас ангид. Бид нийгэмд эерэг хандлага түгээхийг зорьдог.
-Таны цуглуулгад хэчнээн нэр төрлийн үнэртэн байгаа талаараа сонирхуулаач?
– Манай бүлгийн зарим хөгжилтэй гишүүд надаас илүү миний сүрчигнүүдийг мэддэг. Заримдаа пост нь дор “тэр сүрчиг хаачив ”гэх зэрэг хөгжилтэй комментууд их бичдэг. Миний цуглуулгад Монголд зарагдаж байгаагүй үнэртэй уснууд олон байгаа. Цуглуулга 2014 онд 10 хүрэхгүй байсан бол одоо зуу гаруй болсон байгаа. Гаднаас захиалж авсан эсвэл гадаадад явж байхдаа ихэвчилэн худалдаж авдаг. Надад хүмүүсийн ярьдгаар эрэгтэй төрлийн ус их таалагддаг. Тиймээс миний цуглуулгын бараг 90 хувь нь модлог, дорнын гээд их ч хүчтэй сүрчигнүүд эзэлдэг. Би сүрчиг цуглуулахдаа бортого сав баглаа боодол бас их хардаг. Өвөрмөц хөөрхөн онцгой бортоготой эсвэл хөөрхөн мини, цүнхний сүрчигнүүд цуглуулдаг ч одоогоор бүлэг дээрээ зургийг нь тавьж амжаагүй л байна. Одоогоор 50 орчим жижиг хөөрхөн бортоготой цуглуулга байна. Миний хамгийн хайртай коллекци бол Оман улсын Amouage. Өрөөд тавихад ямар сүрдэм сайхан харагддаг гээч.Бас Nasomotto сүрчигнүүд маань хамгийн бардам цуглуулгын нэг хэсэг. Бүх цуврал нь байхгүй ч надад байгаа 4 нь хамгийн сайхан. Сүрчиг цуглуулахдаа брэнд, үнэртний ордноор нь цуглуулахаас гадна тухайн үнэртний давамгайлах ноотоор нь цуглуулдаг. Хув буюу амбер ноот бүхий цуглуулга минь миний хамгийн шилдгүүд. Бас агар модны ноот бүхий сүрчигнүүд ховор цуглуулгад тооцогддог.
– “Үнэртэй усанд дурлагсдын клуб” фэйсбүүк групп байгуулагдаад 7 жил болсон байна. Энэ хугацаанд дан ганц үнэртний соёлын талаар мэдээ, мэдээлэл өгөхөөс гадна нийгмийн сайн сайхны төлөө нэгдэж олон сайхан буянтай үйлс зохион байгуулсан. Жишээ өнгөрсөн наймдугаар сард #MiracleForKhishigee сайн үйлсийн аянд фэйсбүүк группийн гишүүд идэвхтэй оролцсон. Хэзээнээс эхлэн сайн үйлсийн аяныг зохион байгуулж эхэлсэн бэ.?
–Манай бүлэг анх нэг жилийн ойн баяраа 2014 онд тэмдэглээд тасалбарын мөнгөөрөө асрах газрын хүүхдүүдэд шинэ жилийн баярын бэлэг авч өгснөөр сайн үйлсийн төлөө дуу хоолойгоо тодорхой хэмжээнд илэрхийлсээр ирсэн.
Мөн бүлгийн зарим идэвхтэй гишүүдийн хандиваар Төв аймгийн Батсүмбэр дэх Ахмадын асрах газар, Баянхошуунд байрладаг байсан Хөгжлийн бэрхшээлтэй ахмадуудын асрах газар, Хүүхдийн Өнөр бүл төвд хэд хэдэн удаа хүмүүнлэгийн арга хэмжээ тусламж явуулж байсан. Мөн Нийслэлийн Онцгой байдлын газарт, Лантуу дохио ТББ- д идэвхтэй гишүүдийн санаачлагаар тодорхой хэмжээний мөнгөн хандив хүргүүлж байсан гээд жил бүр сайн үйлсийн аян зохион явуулсаар ирсэн. Энэ жил гурав дахь хавдартайгаа тэмцэж байсан ээжид туслах аян явуулснаас гадна өнгөрсөн наймдугаар сард бяцхан охин Хишигээд зориулж хандивын аян өрнүүлээд 7 сая гаруй төгрөгийн мөнгөн хандив цуглуулж хүлээлгэж өгсөн.
–“Үнэртэй усанд дурлагсдын клуб”-ын гишүүд “Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төв”-ийн үйл ажиллагааг дэмжин жил бүр цусаа бэлэглэх аяныг зохион байгуулдаг шүү дээ. Энэ жил цусаа бэлэглэх аяныг зохион байгуулах уу?
–Цусаа бэлэглэх аяныг зохион байгуулж эхлээд таван жил болсон байна. Бид нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, иргэний үүргээ биелүүлдэг сайн иргэд байхыг үлгэрлэдэг олон гишүүдтэй. Манай бүлгээс зохион байгуулдаг цусаа бэлэглэх аянд оролцсоор хүндэт донорын болзол хангасан маш олон гишүүд бий. Цусаа өгөх арга хэмжээг санаачилна хамтран зохион байгуулсаар ирсэн идэвхтэй гишүүддээ талархаж явдгаа хэлмээр байна. Ирэх аравдугаар сард цусаа бэлэглэх аяныг зохион явуулахаар төлөвлөж байгаа.
-Үнэртний соёл Монголын нөхцөлд одоогоор ямар түвшинд байгаа вэ?
-2014 оны хавар Монголдоо ирээд л үнэртэн борлуулдаг албан ёсны дэлгүүрүүдийн тоо нэмэгдэж хэрэглэгчид их олон болсон байгааг хараад их баярласан. Сүрчиг бол соёлтой хэрэглээ. Бүхэл бүтэн урлагийн бүтээлийг бид баруун оронд байдагтай адилхан тансаг сайхан дэлгүүрээс худалдан авах боломжтой болсон байна. Дэлхийн хэмжээнд нээлтээ хийж байгаа сүрчигнүүд ч бас Улаанбаатар хотод нээлтээ хийж байна. Энэ бол үнэхээр бахархам санагддаг. Монголд алдартай брэндүүдийн албан ёсны борлуулагч компаниуд улсдаа татвараа төлөөд, хүмүүсийг ажлын байраар хангаад ажиллаж байна гэдэг их сайхан зүйл шүү дээ. Манай бүлэг албан ёсны борлуулагч компаниудаа дэмжиж ажилладаг бөгөөд хамтдаа үнэртний соёлыг түгээж байгаа гэдэгт итгэлтэй байна. Манай бүлэг тэдгээр компаниудаас ямар нэг төлбөр шан харамж авдаггүй. Хэрэв бидэнд гарын бэлэг болгон үнэртний дээж бэлэглэвэл бид шууд ямар нэг сайн үйлсийн аянд эсвэл бүлгийнхээ гишүүддээ азтан шалгаруулаад өгдөг.
Монголд дэлхийн хэмжээний үнэртний хоёр ч мастер манай бүлгийн үүсгэн байгуулагч Н.Орчлонгийн урилгаар ирсэн гээд бодохоор бид чинь азидаа бүү хэл дэлхийн үнэртэнд дурлагч хүмүүсийн анхаарлын төвд аль эрт орсон гэж хэлж болно. Манай бүлэг дэлхийд байдаг хамгийн олон дурлагч гишүүдтэй бүлэг. Үүнийг сонсоод дэлхийд алдартай үнэртэн бүтээгч мастер дурлагч цуглуулагчид үнэхээр бахархахаас гадна гайхдаг гээч.
–Үнэртэй усыг сайн, муу гэж хэрхэн ялгах вэ. Ихэнх хүмүүс үнэрээ удаан барьдаг ус авахыг хүсдэг. Гэвч энэ чанартай сайн ус байж чадах уу?
-Үнэртэй ус бол хамраар таашаах урлаг. Хөгжмийн аялгууг бид чихээрээ сонсоод таашаадаг, уран зургийг нүдээрээ. Тэгвэл хөгжмийн аялгуу үндсэн 7 ноот, гайхамшигт уран зураг үндсэн гурван өнгөнөөс л бүтдэг. Яг үүнтэй адил сүрчиг үндсэн гурван ноотноос анхилан аялгуулж өвөрмөц сайхан зохицол аккордыг бий болгодог. Тиймээс сайн, муу урлагийн бүтээл гэж хэлэх боломжгүй. Бас сайн, муу үнэр гэж сүрчигний үнэрийг тодорхойлох боломжгүй. Харин зарим хүнд таалагддаг ба таалагддаггүй үнэртэн байж болох юм.
Үнэрээ удаан барих гэдэг ойлголт ч өөрөө харьцангуй юм. Сүрчигний найрлагад орсон үнэт тосны хэмжээнээс шалтгаалаад үнэрээ барих хугацаа өөр өөр байна. Жишээлбэл хүмүүсийн ярьдаг парфюм буюу Parfume нь үнэт тосны хэмжээ нь 30 орчим хувь байдаг тул үнэр барилт арай удаан байж болно. Гэвч Eau de Parfume(EDP) тэмдэглэгээтэй сүрчиг 20 орчим хувь үнэт тос агуулсан байдаг ч парфюмтайгаа адил хугацаанд үнэр барьдаг ч байдаг. Бас 15 орчим хувь үнэт тос агуулдаг Eau de toilette (EDT) зарим ус нь EDP уснаас удаан барих нь бий. Сүрчиг бүтээж буй мастерын уран сэтгэмж мэдрэмж бүтээлч байдлаас шалтгаалж сүрчиг бүр өөр өөр бас давтагдашгүй нэгэн урлагийн бүтээл болж хэрэглэгч бидний гар дээр ирдэг. Мөн тусгай сонирхлын ниш уснууд гэж бий. Энэ талаар манай бүлэг дээр мэдээлэл их байгаа.
– Монголчууд маань үнэртний соёлд улам ихээр нэвтэрч, дэлхийн шинэ нээлт бүхий үнэртэнг хэрэглэх болсон билээ. Гэхдээ үнэртэй ус хэрэглэгч бүр үнэртэй усны ноотны талаар төдийлөн сайн мэддэггүй байх, энэ талаар уншигчдад мэдээлэл өгвөл?
–Үнэртэй ус үндсэн гурван өнгөнөөс буюу толгой ноот, зүрхэн ноот, суурь ноотноос бүрддэг бөгөөд үүнийг үнэртний пирамид гэж дурлагчид үздэг. Гэвч зарим сүрчиг үнэртний пирамидгүй байх нь ч бий. Үнэртний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл бүхий https://www.fragrantica.mn/notes/ сайт байдаг бөгөөд манай бүлгийн идэвхтэй гишүүн Наран энэхүү сайтыг Монгол хэлээр та бүхэндээ хүргэхэд маш их үнэтэй хувь нэмэр оруулсан. Нарандаа бүх дурлагчдынхаа өмнөөс дахин талархаж байгаагаа энэ ялдамд дамжуулъя. Үнэртэй усыг хүмүүс ихэвчлэн зөөлөн эсвэл хурц гэж ярьдаг бөгөөд энэ нь тийм ч зөв тодорхойлолт биш санагддаг.
Үнэртэй ус буюу сүрчигний үнэртний хүрд гэж байх бөгөөд үндсэн 4 бүлэг ба үүнээс салбарласан дэд бүлгүүдтэй. Анх 1986 онд Майкл Эдуардсын гаргасан энэ хүрд нь цэнгэг ноот, цэцэглэг ноот, дорнын ноот, модлог ноот гэж үндсэн 4 бүлэгтэй бөгөөд бүлэг тус бүрдээ дэд бүлүүдтэй. Үүнд цэцэглэг ноот бүлэгт цэцэгс, зөөлөн цэцэгс, гээд Дорнын бүлэг рүү эргэхдээ дорнын цэцэгс ноот гэснээ дорнын зөөлөн, дорнын гэж цааш үргэлжилдэг. Тэгээд модлог дорнын ноот гэснээ модлог, хөвдлөг, хуурай модлог, анхилам гэснээ ситруслаг ноот гэж эргэхдээ Цэнгэг бүлэг рүү очно. Ингээд усархаг ноот, ногоон ноот, жимслэг ноот гээд эргэлдэнэ дээ. Энэ бүгд ноот пирамид хүрд гээд сонсохоор ямар сүрчиг авах талаар бодохоос ч толгой эргэм байгаа биз. Тэгвэл та зөвхөн хамартаа л найд. Сүрчиг сонгохдоо та дэлгүүрт ороод 3-5 сүрчиг үнэрлэж үзээд бас арьсандаа түрхэж үзээд хэсэг хугацаанд амарч эсвэл явж байгаад буцаж ирээд дахин үнэрлэхэд таалагдаж хамарт чинь дахин дотно бууж байгаа үнэртэн бол таных л гэсэн үг.
-Намар, Өвлийн улиралд ямар төрлийн үнэртэй ус тохиромжтой вэ?
-Хүн бүхэн үнэртэнг өөр өөрөөр бас хувьчилна сонгодог. Миний хувьд Хув, Модлог ноот бүхий дорнын ангиллын сүрчиг сэрүүн улиралд их таатай санагддаг. Гэвч зарим нэг өдөр тухайн өдрийн сэтгэл санаа ажлын ачаалал зэргээс шалтгаалаад хөнгөн эсвэл цэцэг жимс анхилсан сүрчиг бас сонгодог.
–Баярын цэнгүүнд бүсгүйчүүд, залуучуудад ямар төрлийн үнэртэй ус тохиромжтой вэ?
–Ер нь олон нийтийн газраар явахдаа бусдад эвгүй сэтгэгдэл төрүүлэхээргүй сүрчиг сонгох нь соёлтой хэрэглээ гэж боддог. Мэдээж түгээмэл болсон бараг хүн бүрийн түрхдэг сүрчиг түрхээд очвол бүгдээрээ адилхан үнэртээд тун эвгүй байх бий гэж бас бодолцох хэрэгтэй. Нэг хөгжилтэй зүйл хэлэх үү. “Хэдэн жилийн өмнө нэг арга хэмжээнд очсон чинь бараг тэнд байсан бүсгүйчүүдээс нэг л төрлийн сүрчиг үнэртэж байсан шүү”. Зөрсөн гурван эмэгтэй бүрийн хоёроос нь шүү дээ. Гэхдээ хувь хүний арьсны онцлог зэргээс шалтгаалаад жаахан ялгаа байсан ч бүгд төстэй үнэртэж их сонин санагдаж билээ. Сүрчигэнд хүйс гэж байхгүй тул танд таалагдаж байгаа бол бас хэт түгээмэл биш сүрчиг сонгоод үдэшлэг арга хэмжээнд очвол та өөртөө илүү итгэлтэй онцгой байх болно гэж би боддог.
-Монголд Оригинал үнэртэй усыг хаанаас худалдаж авах нь зөв бэ?
-Зөвхөн албан ёсны эрхтэйгээр борлуулдаг компаниудын дэлгүүрээс аваарай л гэж зөвлөе.
–Үнэртэй ус , үнэртэн хоёр юугаараа ялгаатай вэ?
-Үнэртэй ус, сүрчиг бол адилхан байх. Энэ зөвхөн нэршил л болов уу. Харин хатуу тосон сүрчиг, аттар буюу шингэн тосон сүрчиг, мөн төрөл бүрийн эфирийн тоснууд гэж байх бөгөөд эдгээр нь шингэн буюу үнэртэй ус сүрчигнээсээ ялгаатай.
-Цаг зав гарган бидний урилгыг хүлээн авч, ярилцсанд баярлалаа.
-Сайхан бүхнийг ардаа мөр болгон үлдээж, Анхилам үнэр эргэн тойрондоо түгээж байхыг хүсье.
Г.Нараа