Архинаас гарсан нэгэн эмэгтэйн нийтлэлийг хүргэж байна.
Миний эл өчил олон хүнд хэрэгтэй байх гэж үзлээ. Архийг хэдий гашуун ч гэсэн асгадаггүй…, идээний дээж архи гээд одоо ямар “цэцэн” нь хэлчихсэн юм мэдэхгүй. “Аз жаргал нь ёроолдоо байдаг” гээд ямар “ухаантан” “эрдэмтэн” нь нээчихсэнийг мэдэхгүй. Гэхдээ ганцхан монголчууд ч биш газар газрынхан л зочдоо дайлах гэсэн, хүнийг архи уулгах гэсэн янз бүрийн хэлц үгс байдаг. Гэхдээ хундагатай архийг дуустал уугаад жаргал эдэлсэн хүнийг би л лав үзээгүй, сонсоогүй. Тэрхэн үедээ архинд халуурч, онгирч ёстой л жаргаж байгаа мэт боловч үнэн хэрэгтээ насны зовлонгоо тэр хундаганыхаа хэмжээгээр хутгаж байдаг юм. Би архичин байсан. “Гудамжаар нэг архичид байна. Сонин биш байна” гэж та хэлж магадгүй. Гэтэл таны хань ижил чинь, дүү чинь, хүү чинь архичин болчихвол яах вэ? Тэр тусмаа эмэгтэй хүн архинд орвол юу юунаас ч аймшигтай. Учир нь эмэгтэй хүн байгалиасаа аливаа юмны хамааралд орох нь эрчүүдээс илүү байдаг. Тийм ээ та зөв таалаа. Би эмэгтэй хүн. Би өөрийгөө эдгэрсэн архичин гэдэг юм. Архичин гэдэг чинь архины хамааралд орсон хүнийг хэлдэг. Нэг ёсны өвчин. Хүн архичин болъё гэж уудаггүй. Харин яагаад хүн архи ууж эхэлдэг вэ гэдэг олон шалтгаантай. Би багадаа даруу, ичимхий охин байлаа. Өөрийгөө царай муутай гэж боддог тул өөртөө итгэл муутай байсан юм уу даа. Ээж маань яагаад ч юм надад эмэгтэй хүн ямар байх ёстой, яаж хувцаслах ёстой, яаж хүнтэй харьцах ёстойг зааж сургасангүй. Гол нь л эрдэм номдоо сайн байхыг л номлоно. Анх удаа би 15 настай байхдаа архи ууж үзсэн юм. Ангийнхаа охидтой нийлж дарвиад л уусан хэрэг. Архи толгойд гарахад би гэнэт өөртөө дажгүй царайлаг санагдаж, өөртөө итгэлтэй болж, хөвгүүдтэй их л чөлөөтэй харьцаж, тэд ч намайг хүндлээд л ер бусын мэдрэмж төрсөн юм. Харин маргааш нь анхныхаа шарталтыг мэдэрлээ. Надаас өөр охин бол “Паа, энэ муухай архийг хэзээ ч амсахгүй” гэх байсан биз. Гэтэл миний анхны бодол юу байсан гээч. “Дараачийн удаа арай өөр юм уух хэрэгтэй юм байна. Тэгээд бага хэмжээгээр” гэж тэгнэгдсэнийг яана. Энэ нь мансуурал, согтуурлын сэтгэлгээ идэвхэжсэнийг илтгэж байгаа аж. Өөрөөр хэлбэл урьд мэдэрч байгаагүй тэр сэтгэлийн хөөрөл, нисэлтийг дахин дахин мэдрэхийг хүссэн хэрэг. Энэ бол занга гэдгийг би тэгэхэд мэдээгүй. Архины амт надад хэзээ ч таалагдаж байгаагүй. Хамгийн үнэтэй коньяк ч тэр. Ер нь архи уухын зорилго бол амталж тамшаалахдаа биш тархиа эргүүлэхдээ л юм. Архичин хүний зорилго бол ердөөсөө л өнөөх мөрөөдлийн ертөнцдөө хурдхан очих. Тэр мөрөөдлийн ертөнцөд бодит амьдралд нь зовоогоод байсан ганцаардал, гэр бүлийн таагүй уур амьсгал, ажил төрлийн бүтэлгүйтэл, өр зээл бүгд үгүй болно. Би бодит ертөнцөөс нийтдээ 20 жил тасарсан юм. Нөгөө мөрөөдлийн ертөнцөд л амьдраад байсан хэрэг шүү дээ. Сэтгэлээр сэргэж сайхан настртай болохын тулд жирийн хүн 150-200 гр архи уухад бүрэн хангалттай байдаг. Гэвч архины хамааралд орсон хүмүүст архи өөрөөр нөлөөлдөг бөгөөд 150-200 грамм чинь геометрийн прогрессоор өсдөг жамтай. Эхлээд 100 гр уучхаад сайхан настртай болсон бол цагийн дараа тэр настр чинь буугаад ирэхээр 150 граммыг уух хэрэгтэй болно. Яагаад гэвэл өмнөх 100 грамм чинь настрыг чинь өргөж дийлэхгүй. Ингээд л өсөөд байна даа. Би архины хамааралд оржээ гэдгээ огт ойлгохгүй удаан явж. Хорин дөрвөн нас хүрээд би амьдрал маань нэг л биш байна гэдгийг бага сага ойлгож эхэлсэн юм. Хоёр ч дээд сургууль орсон боловч удалгүй хаячихсан, хэд хэдэн ажил сольчихсон хүн байлаа. Бас шараа архиар тайлдаг болчихсон байв. Би архичин болчхож гэдгээ гуч гарсан хойноо ойлгосон. Ойлгосон хирнээ тэгтлээ их санаа зовоогүй нь хамгийн аймшигтай. Нэгэнтээ архичин болчихсон юм чинь ямар хамаатай юм. Дураараа болно. Ёстой л ууж байгаад үхнэ гэдэг болов. Ёс суртахууны төдийгүй хувь хүний доройтол болж байна шүү дээ. Миний энэ архидалтаас хамгийн их зовсон хүн бол ээж маань. Ер нь ойр дотнынхон гэр бүлийнхэн л их хохирдог шүү дээ.
Ямар азаар би агсан согтуу тавьж, тэр гэр бүлийн хүчирхийлэл гэдгийг чинь өдүүлдэггүй байв. Архичин хүнд тэр хүүхэд шуухад ээжий аав зовж байх нь огт хамаагүй болдог. Гагцхүү тэр бодит ертөнцөөсөө л салж байвал болох нь тэр. За тэгээд сүүл рүүгээ архи л уухгүй бол бие өвдөөд эхэлдэг. Саруул байх тэр хугацаанд хамаг бие шархирна, толгой эргэнэ, даралт ихэснэ, гар хөл салгалж зүрх дэлсэнэ, тасалдана. Ингээд сүүлдээ мөрөөдлийн ертөнцдөө очихын тулд биш өвдөлтөө дарахыг тулд л уудаг болов. Хэрэв чи амьтан биш хүн л бол ёроол гэж нэг мэдрэмж байдаг юм байна лээ. Нэг сэрээд чи нийгмийн шаар, эсвэл ёроолд орчихжээ гэсэн ойлголт төрдөг. Харин тэр ойлголт хэзээ төрөхийг хэн ч хэлж мэдэхгүй. Маш олон хүн ойлгож амжилгүй нас бардаг. Бас тэр “ероол” маш харьцангуй ойлголт. Зарим нэг нь траншейны нүхэнд сэрээд тэгж бодно, зарим нь “Би “бенз” машинаа архинаас өгчхөөд энэ муу “приус”-ыг унаж байна” ч гэх юм уу. Ямар ч байсан энэ ойлголт тухайн хүнд сэтгэлийн маш их зовлонг авчирдаг. Тэгээд хүмүүсийг амьдралаа өөрчлөхийг шаарддаг юм. Миний хувьд гэвэл би нэг орой хүүгээ арай гэж унтуулчхаад ариун цэврийн өрөөнд нуусан хагас шил архиа гаргаж ирээд шилнээс нь балгах гэтэл ард нэг хүн “Хонгор минь чи үүнгүйгээр амьдарч чадахгүй шүү дээ” гэдэг байгаа. Гар хөл салгалаад л зүрх амаар гарах шахав. Яахын аргагүй эрэгтэй хүний хоолой байсан даа. Ариун цэврийнхээ өрөөнөөс гүйхээрээ гараад хүүгийнхээ орны хажууд очоод суучихсан. Тэр шөнө би унтаж чадаагүй. Тэгээд ном уншдаг юм билүү гээд номын тавиур дээрх номуудыг харж байтал миний багын зургийн цомог нүдэнд туслаа. Ээж аавынхаа өвөр дээр суугаа арилгасан сонгино шиг булцгар цагаан охин, “1а” гэсэн бичигтэй пайз барьсан аавынхаа дэргэд зогсох том цагаан туузтай, инээмсэглэл тодруулсан охин. Энэ охин өнөөдөр архины “цагаан солио” тусаад сууж байна гэсэн бодол миний толгойд гэнэт гялбаа мэт ороод ирсэн. Миний дээр өгүүлсэн “ёроол” гэсэн ойлголт төрж байгаа нь тэр. Надаас хүмүүс яаж архинаас гарсан гэж асуудаг. Хүн ганцаараа бие даагаад архинаас гарч бараг чадахгүй. Асар их сэтгэлийн тэнхээтэй хүн л магадгүй. Зүгээр архи амандаа хүргэхээ болиод хамаарлаас гарсан гэж ойлгож болохгүй юм байна лээ. Өөрийнхөө сэтгэлгээг өөрчлөхгүй бол тэр хүн их муухай ааштай, хамт байхад хэцүү хүн болж хувирдаг. Энэ муу архийг хаяхад юухан байсан юм гэж бодох л юм бол таны тэмцэл ялагдлаар төгсөнө. Энэ бол өвчин, би өвчтөн гэж бодож өөрөө өөртэйгөө ажиллаж байж л та дээр нь гарна. Таны амьдралд ямар асуудал байна, юунд таны уур хүрч байна, юунд гомдож байна энэ бүгдээ та сайн ажиглаж түүндээ дүгнэлт өгч ажиллах хэрэгтэй. Өөрөө өөрийгөө хуурахгүй байх нь чухал. Ингэж архинаас гарсан хүмүүсийн таашаал, сонирхол, дадал зуршил хүртэл өөрчлөгддөг юм байна лээ. Бодит амьдралд өөрийгөө олж байна гэсэн үг юм уу даа. Ингэхэд танд тусламж дэмжлэг хэрэгтэй. Гэр бүл, ойр дотнынхон үүнд маш их үүрэгтэй байдаг. Би орос англи хэлтэй. Тэгээд Америкт байдаг дүү дээрээ очиж амрахдаа архины хамааралтай хүмүүсийн клубд очсон юм. Тэнд би гурван сар явсан. Надад асар их үр дүн өгсөн шүү. Тэгдгээр клубудыг өмнө нь ихэвчлэн архичин байсан хүмүүс алуулдаг аж. Манай улсын архичдын тоо ихсэж байгаа өнөөгийн нөхцөлд иймэрхүү клубууд ихээр байх хэрэгтэй юм гэж бодсон. Эхнээсээ бие болж байгаа сурагтай. Би архинаас гарсныхаа дараа 43 насандаа хүнтэй суусан. Анх удаа хайр дурлалаараа шүү. Архичин хүнд ямар юмных нь хайр байх вэ дээ. Согтуу хүн чинь хэн нэгнээс хамаарах, тачаадах, хардалт зэргийг л хайр гэж ойлгоно шүү дээ. Архины хамаарал гэдэг чинь хүний сэтгэл зүрхийг нэг ёсондоо хөлдөөчихдөг юм байна лээ. Би архинаас гараад 12 жил болж байна. Өөрийгөө архичин байсан гэж бодохоор одоо би гайхаад байдаг юм. Дурсамж маань танихгүй хүний тухай ном уншиж байгаатай адил байдаг. Энгийн нэг гарц олчхож чадаагүй сонин хүүхний тухай ном. Одоо би архи уудаг хүмүүс дээр эсвэл архи ууж байгаа газар очих дургүй.Уучихвал яанаа гэж айсандаа биш. Архи уусан хүмүүс сонин биш байдаг болчихсон. Хүн өөрийгөө хажуунаас харж чадах биш дээ. Архичин биш хүн хүртэл согтуугаараа хэчнээн өрөвдмөөр харагдана гээч. Манай нөхөр бас архи уудаггүй. Бид хоёрт архи ууж согтуурч бодит ертөнцөөс тасрах тийм шаардлага байхгүй. Харин би хүүгээсээ айдаг. Миний хүү одоо 17 настай. Намайг эд ууж байхад гарсан хүүхэд шүү дээ. Архичин ээж ааваас гарсан хүүхэд архины хамааралд орох нь бусдаас 3-4 дахин их байдаг аж. Гэхдээ гэр бүлийн уур амьсгал, хүмүүжил, хувь хүний үзэл бодол маш их үүрэг гүйцэтгэдэг. Би хүүдээ итгэж байгаа.