Р.Булгамаа: Бага насны хүүхэд хүчирхийлэгчид 12-20 жилийн ялаас огтхон ч айхгүй байгаа учраас дахин хүчирхийлэл үйлдэж байна

Хуульч, судлаач Р.Булгамаатай ярилцлаа.


-Хүүхдийн эрх ноцтой зөрчигдөж байгаа тохиолдол сүүлийн үед гарах боллоо. Ялангуяа, бага насны хүүхдийн бэлгийн халдашгүй байдалд заналхийлж байгаа нь нийгэмд айдас түгшүүр бий болгож байна. Ер нь хууль тогтоомжийн хүрээнд хүүхдийн эрх, эрх чөлөө хэрхэн хангагдаж хамгаалагдсан байдаг юм бэ?

-Монгол Улсад хүүхдийн эрхийн харилцааг зохицуулсан арав гаруй төрлийн хууль тогтоомж, түүнийг дагалдсан 50 гаруй дүрэм журам, стандарт бий. Дан ялангуяа хүүхдийн эрх хамгааллын суурь харилцааг “Хүүхдийн эрхийн тухай хууль”, “Хүүхэд хамгааллын тухай хууль”-иар маш тодорхой зохицуулж өгсөн байдаг. Тус хуулийн хүрээнд хүүхэд хамгааллын тогтолцоо ямар байх, хүүхдийг эрсдэлт нөхцөл байдалд оруулахаас урьдчилан сэргийлэхийн тулд төрийн болон салбар дундын байгууллага, иргэдийн зүгээс ямар алхам хийх зэрэг харилцааг зохицуулсан. Гэр бүлийн түвшин, боловсролын салбар, эрүүл мэндийн үйлчилгээ, хэвлэл мэдээлэл цахим орчин, олон нийтийн арга хэмжээн дэх хүүхэд хамгааллын ерөнхий таван түвшинг хуульд заасан байдаг.

-Хүүхдийг хүчиндэх гэмт хэргийн 80 гаруй хувь нь ахуйн түвшинд үйлдэгдэж байна гэсэн судалгаа бий. Тэгэхээр гэр бүлийн түвшинд бага насны хүүхдийн эрх ноцтой зөрчигдөж байна шүү дээ?

-Хүүхдийн эрх хаана зөрчигдөж байгаатай улбаатайгаар тэдний эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг ар араасаа гарч байна.

Гэр бүлийн хүрээн дэх хүүхэд хамгааллын түвшинд тэдний эрх ихээхэн зөрчигдөж байгаа нь харамсалтай. Ахуйн түвшинд үйлдэгдэж буй гэмт хэргүүдээс хүүхдийн бэлгийн хүчирхийлэлд өртөх зөрчил буурахгүй байгаа нь асуудалд анхаарах цаг болсныг бэлхэн гэрчилж байна. Тодруулбал, эцэг эхчүүдийн хариуцлагагүй байдлаас үүдэн хүүхдийн эрх зөрчигдөх нь нийтлэг. Араатан амьтан хүртэл үр төлөө гишгэлдэггүй шүү дээ. Гэтэл бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэргийн хохирогч болгоно гэдэг насан туршийн хар толбо, сэтгэл зүйн маш том эмгэг өөрчлөлтийг өөрт нь үлдээдэг. Энэ нь хүүхдүүдийн ертөнцөд эдгэшгүй өвчин эмгэгийг бий болгож байна. Магадгүй өнөөдөр таны хүүхэд тань гэмт хэргийн хохирогч болоогүй байж болно. Тэгвэл хүүхэд аливаа төрлийн гэмт хэргийн хохирогч хүүхэдтэй тохой нийлүүлэн нэг ангид суралцаж байгааг мартаж болохгүй. Энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон хүүхдүүдийн ертөнцийг харах өнцөг, нийгмийг үзэх үзэл хандлага ямар их гомдол тээж явдгийг бид бүхэн анзаарах хэрэгтэй.

-Ямар ч үед хамгийн амар тайван, тав тухтай орчин бол гэр орон байдаг. Гэтэл ахуйн хүрээнд хүүхдийг садар самуунд уруу татаж, бэлгийн хүчирхийлэл үйлдэж байгаа нь эмзэглэмээр асуудал юм?

-Хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй хэргүүд дотроос хамгийн сэтгэл сэртхийлгэм, бодит амьдралд байж боломгүй үйлдэл бол бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг шүү дээ. Гэтэл бэлгийн хүчирхийллийн дийлэнх хувь нь ахуйн түвшинд үйлдэгдэж байна. Зарим тоон мэдээллийг авч үзвэл, 2017 онд 187 хүүхэд, 2018 онд 236, өнгөрсөн онд 253 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна. Цар тахлын үеийн эхний найман сарын байдлаар 160 гаруй хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болжээ. Цаашид энэ төрлийн гэмт хэрэг өсөх хандлагатай байна. Хүний ой санаанд багтамгүй зүй бус үйлдлийн араас зүгээр л тоо яриад орхиж боломгүй. Үүнийг жинхэнэ утгаар нь таслан зогсоох асуудлыг дэвшүүлж, шийдлийг тодорхой гаргах цаг нь болсон. Цагдаагийн байгууллагаас хүүхдийн хүчирхийллийн эсрэг “Сүүдэр бүү тусга” аяныг явуулж байгаа нь цаг үеэ олсон үр дүнтэй ажил гэж хувьдаа харж байгаа. Энэхүү аяны хүрээнд тодорхой шийдлүүд гарах учиртай. Гэмт хэргийн хохирогч болсон хүүхдүүдийн эрүүл мэнд, сэтгэл зүйн үйлчилгээнд дэвшилттэй бодлогууд хэрэгжээсэй гэж боддог. Эцэг эхчүүд үүрэг хариуцлагаа ухамсарлаж, үр хүүхдэдээ үзүүлэх хараа хяналтаа сайжруулахаас эхний алхам тавигдана.

-Эрүүгийн хуулийн тусгай ангид 14-өөс доош насны хүүхдийг“бага насны хүүхэд” гэж заажээ. Тэгвэл хүүхдүүд маань ямар төрлийн гэмт хэрэгт өртөгч, оролцогч болж хохироод байна вэ?

-Монгол Улсад жилд 1500 орчим хүүхэд гэмт хэрэгт холбогдож, шалгагддаг гэсэн тоо баримт бий. Тэдний хувьд залилан мэхлэх, дээрэмдэх гэмт үйлдэлд илүү холбогдож байна. Сүүлийн гурван жилийн байдлаар 3378 хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 5043 хүүхэд аливаа төрлийн гэмт хэргийн хохирогч болжээ. Хохирсон хүүхдүүдийн дийлэнх нь томчуудын буруутай үйлдэл, үйл ажиллагааны золиос болсон байдаг. Тиймээс насанд хүрэгчдийн зүгээс хүүхдийн эрхийг зөрчих асуудал буурахгүй байгаа энэ явдалд анхаарах зайлшгүй шаардлагатай.

-Магадгүй ядуурал, ажилгүйдэл, архидалт гэсэн нийгмийн суурь шалтгаанаас хүчирхийлэл үүдэлтэй болов уу?

-Гэмт этгээдүүдийн дийлэнх хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдад хүч хэрэглэдэг талаарх судалгаа ч бий.

Хүний зан, ёс суртахуунд нийцэмгүй буруу үйл, дадал хэвшилтэй нөхдүүдтэйгээ тулж ажиллах ажиллагаа нэн чухал. Гэмт хэрэг үйлдэж болзошгүй иргэдийн судалгаа бүртгэл, түүнд тавих хараа хяналтын асуудалд анхаарах хэрэгтэй гэсэн үг. давтан гэмт хэрэг үйлдэх хандлага байдаг учраас шоронгоос суллагдсан этгээдүүдэд тавих хяналтыг ч анхааралдаа авах хэрэгтэй байна.

-Бусдын хэрэгт хошуугаа дүрээд яахав, мөрөөрөө явсан дээр гэсэн хандлагаас болж хүний амь нас эрсдэх аюултай. Хүчирхийлэлтэй нүүр тулахад хэн ч туслахгүй бол яах вэ. Мэдээж үүний хажуугаар харахгүй, сонсохгүй мэт өнгөрч болохгүй шүү дээ?

-Одоо дутагдлын хажуугаар дуугүй өнгөрөх бус асуудлыг нуулгүй гаргаж, шийдлийг олох цаг хэдийнэ болжээ. Ер нь тулгамдаж буй асуудлыг ярих тусмаа, гэмт хэргийн талаар мэдээлэх тусмаа илүү өснө гэсэн хандлагаар хар аянга дэгдээсэн энэ нөхцөлдөө эвлэрч чимээгүйхэн өнгөрдөг байлаа. Хүчирхийллийн хажуугаар дуугүй өнгөрнө гэдэг бол өөрийгөө хамгаалж буй хэлбэр огтхон ч биш. Аливаа хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хүрээнд, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс иргэд мэдээлэх үүрэгтэй. Тийм учраас нийгмийн хариуцлагаа ухамсарлаж зөрчлийн талаарх мэдээллийг хугацаа алдалгүй өгөхөд илүү анхаараасай.

-Ковидын үеэр 160 гаруй хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртжээ. Тэдгээр харамсалтай тохиолдлоос нэг жишээг та өөрийн фэйсбүүк хуудсанд нийтэлсэн байсан. Өвөө нь зээ охиноо таван сарын турш хүчирхийлсэн хэрэг үнэхээр санаанд багтамгүй…?

-Хүүхдийн эрх зөрчигдөж, гэмт хэрэгт их өртөж байгаа тухай ганц би яриад байгаа юм биш. Үүнийг нийгэм даяараа л ярьж байна. Гол нь бид асуудлын шийдлийг зөв тодорхойлох нь нэн чухал. Миний хувьд хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн эрүүл мэнд, сэтгэл зүйд ямар эмгэг өөрчлөлт илэрч, хохирлууд бий болдог, тухайн хор хохирлыг яаж арилгах вэ гэдэгт байр сууриа илэрхийлсээр ирсэн. Нөгөөтэйгүүр энэ төрлийн гэмт хэргийн тоо буурахгүй байгаа асуудалд хууль тогтоогчид анхаарлаа хандуулах нэн шаардлагтай байна. Онц ноцтой гэмт хэргүүдийг тойроод нэг хэсэгтээ “цаазал, бууд, бүх насаар нь хорь, зургийг нь олон нийтэд түгээ” гэж шуугихаас илүү цаашид ийм бусармаг үйлдэл үүсэхгүй байх нөхцөлийг яаж бий болгоход илүү төвлөрмөөр санагдах юм.

-Хуульч Р.Булгамаа таван настай охиныг өвөө нь хүчирхийлсэн гэж насыг нь ил зарлалаа. Энэ чинь эргээд хүний эрх зөрчсөн асуудал боллоо гэсэн байр сууринаас зарим иргэн хандсан байна лээ?

-Би таван нас гэж бичээгүй, бага насны хүүхэд л гэсэн. Хамгийн гол асуудал бол гэмт хэрэгтэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг чангатгах тухайд янз бүрийн байдлаар сошиалд байр сууриа илэрхийлж байгаа. Миний дэвшүүлж буй асуудал бол гэмт хэргийн хохирогч болоод байгаа хүүхдүүдэд анхаарах хэрэгтэй байна гэсэн санаа.

-Тэгвэл хугацааны хувьд саяхан болсон хэрэг үү, эсвэл урьд нь ажиллаж байсан тохиолдлоо бичсэн юм уу?

-Асуудлыг дэвшүүлж тавихаар зарим хүмүүс тусгайлсан асуудлаар өөрийгөө тодруулах гэж байна гэдэг байдлаар хараад байгаа нь осолтой. Энийг ч яримааргүй байна.

Ерөөс эцэг эхийн хараа хяналт суларснаас болоод л хүүхэд гэмт хэрэгт өртөж, хохирогч болж байна гэдэг нь тодорхой. Хүүхдийг хайраар өсгөж, халамжаар дутаахгүй байх нөхцөлийг хуульд тусгаж өгөхгүй бол болохгүй нь ээ гэдэг нь нийгэмд үйлдэгдэж буй хэрэг зөрчлүүдээс тов тодорхой харагдаж байгаа юм.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүүхэд хамгаалагч” төслийг хэрэгжүүлсэн байдаг. Хүүхэд сургуульдаа очих, буцах замд нь олон нийтийн эргүүл гаргах нь хэр үр дүнтэй ажил байсан юм бол?

-Туршилтаар 2018 онд ахмад настнуудын оролцоотойгоор хүүхэд эрсдэлд өртөж болох тодорхой цэгүүдэд олон нийтийн эргүүл гаргасан байдаг. Гол төлөв цэрэг, цагдаа, боловсролын байгууллагад ажиллаад тэтгэвэрт гарсан ахмадуудын оролцоотойгоор хэрэгжсэн. Ингээд улсын хэмжээнд 1550 цэгт хүүхэд хамгаалагчид ажилласан байдаг. Улмаар хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргүүд 20 гаруй хувиар буурсан гэдгийг албаны хүмүүс тухайн үед мэдээлж байсан. Тэгэхээр хүүхэд хамгааллын асуудалд олон нийтийн эргүүл, олон нийтийн оролцоо ихээхэн чухал юм байна. Тиймээс хүүхэд хамгааллын асуудалд олон нийтийн оролцоог хандуулах маш чухал гэсэн байр суурьтай байдаг.

-Хүүхдүүд ихэнх цагаа сургуулийн орчинд өнгөрүүлдэг учраас мэдээж боловсролын салбар дахь хүчирхийллийн асуудлыг ярих нь чухал байх?

-Тухайн ангийн сурагч хүчирхийлэлд өртөөд байна уу, эрх нь зөрчигддөг үү гэдэгт дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргаж мэргэжлийн байгууллагад мэдээлэх үүргийг хуулиар өгсөн байдаг. Хүүхэд хамгааллын тухай хуулиар боловсролын байгууллагын нийгмийн ажилтан, боловсон хүчин ямар эрх үүрэгтэйг тодорхой заасан. Гэвч бодит амьдрал дээр энэ үүргийн биелэлт учир дутагдалтай. Тиймээс ЕБС-иудад хүүхэдтэй ажилладаг, тэдний дуу хоолойг сонсдог, сэтгэлийг мэдэрч харьцдаг сэтгэл зүйчид хэрэгтэй байна.Сургуулийн нийгмийн ажилтан л сэтгэл зүйчийн үүргийг гүйцэтгэдэг. Тэгэхээр сэтгэл зүйчийн орон зай ямар чухлыг хууль тогтоогчид маань олж харж дэмжээсэй гэж боддог. Монгол Улсын үндсэн хуульд, гэр бүл эх нялхас төрийн хамгаалалтад байна гэж заасан. Тэгвэл төрийн гэр бүлд хүрч үйлчилж буй үйлчилгээ маань яаж дамжиж хүрэх ёстой юм бэ. Гэр бүлд төрийн бодлого хүрэхгүй байгаа учраас тухайн орчинд хүчирхийлэл бий болж, хүүхэд эндэж гэмт хэргийн хохирогч болоод байна. Сүүлийн гурван жилийн байдлаар гэмт хэргийн ертөнцөд 5000 гаруй хүүхэд хохирогчоор, 3400 орчим хүүхэд гэмт хэрэг үйлдэж орж ирж байгаа нь яахын аргагүй анхаарал хандуулах ёстой асуудал болсныг нотолж буй.

-Гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүдэд ямар хариуцлага хүлээлгэх вэ гэдгийг маш тод ярих ёстой байх. Ер нь насанд хүрэгчид яагаад хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдээд байна вэ?

-Нэгдүгээрт, монгол хүний ёс заншил, зан суртахуунд үр хүүхдээ хүчиндэх гэдэг үйлдэл хэзээ ч байж болохгүй шүү дээ. Хоёрдугаарт, ийм төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд гэр бүл, төр, хүүхдийн хамгааллын байгууллагуудын түвшинд юу хийх ёстойгоо анхаарах шаардлагатай. Гуравдугаарт, гэмт хэрэг үйлдсэн субьектэд ямар хариуцлага хүлээлгэх юм бэ гэдэгт анхаарлаа илүү хандуулах ёстой гэж бодож байгаа. Хамгийн гол асуудал бол энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон хүүхдүүдийн нийгмийн хамгааллын асуудал, үзүүлэх үйлчилгээ, гэмт хэргээс учирсан хор хохирлыг хэрхэн барагдуулахад анхаарах ёстой.

-Бага насны хүүхэд хүчиндэх гэмт хэрэгт холбогдсон этгээдэд эрүүгийн хариуцлагын хүрээнд ямар ял оноодог вэ?

-Энэ тохиолдолд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг Эрүүгийн хуулийн тусгай ангид тодорхой зааж өгсөн байдаг. Тодруулбал, 0-14 насны хүүхдийг бага насны хүүхэд гэж үзнэ. Бага насны хүүхэд хүчиндсэн бол эрүүгийн хуулийн тусгай ангийн 12 дугаар зүйлийн 1.4-д зааснаар 12-20 жилийн хугацаатайгаар хорих ял, энэ хэргийн улмаас хүүхэд нас барсан бол бүх насаар нь хорих ял оногдуулдаг. Хүчиндэх гэмт хэргийн хохирогч нь бэлгийн халдашгүй байдал нь зөрчигдсөн аль ч хүйсийн хүүхэд байж болно.

-Тэгвэл улсын хэмжээнд бага насны хүүхдийг хүчиндсэн этгээдэд бүх насаар нь хорих ял оноосон хэдэн тохиолдол байдаг вэ. Монголын хууль тэдний зүй бус үйлдэлд тохирсон ял оноож чаддаг уу?

– Улсын дээд шүүхээс бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэгтэй холбоотой шүүхийн байгууллагаас хүлээлгэсэн хариуцлагын талаар тодорхой судалгаа гарсан. Тодруулбал, Очир төвд амь насаа алдсан 13 настай охины хэрэг дээр би өмгөөлөгчөөр ажиллаж байлаа. Энэ гэмт хэргийг үйлдсэн хоёр этгээдэд бүх шатны шүүхээр бүх насаар нь хорих ял оногдуулсан байдаг. Тэгэхээр миний судалж үзсэнээр манай улсад бүх насаар нь хорих ял оногдуулсан хоёрхон гэмт хэрэг байдаг юм билээ. Ихэнхдээ хэрэгтнүүдэд 12-20 жилийн хооронд ял оногдуулдаг практик байдаг юм билээ. Судлаачийнхаа хувьд бага насны хүүхдийг хүчирхийлсэн тохиолдолд 12-20 гэсэн сонголтгүйгээр бүх насаар нь хорих ялын бодлого баримталбал яасан юм бэ гэдэг байр суурьтай байдаг. Яахав гэмт хэргийн нөхцөл, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх, хохирол төлбөрийг барагдуулсан зэрэгт ял хөнгөрүүлэх нөхцөлийг харгалзан үзэж 12-20 гэсэн жилээс шүүх сонгож хариуцлага хүлээлгэдэг. Хүүхдийг хүчирхийлсэн үйлдэл нь мөн байна уу гэдэг нь шүүх эмнэлгийн дүгнэлтээр тов тодорхой нотлох баримтаар тогтоогддог учраас заавал 12-20 жилийн хооронд интервал тогтоох шаардлагатай юу. Нэг талаасаа ялын бодлого нь тухайн төрлийн гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх, үйлдэгч болон үйлдэхээр төлөвлөж буй хүмүүст ийм хариуцлагатай шүү гэж айдас төрүүлэх ач холбогдолтой. Гэтэл 12-20 жилийн хорих ялаас чинь гэмт этгээдүүд огтхон ч айхгүй байгаа учраас л үйлдээд байна шүү дээ. Энэ нь хууль тогтоогчид ялын бодлого дээрээ анхаарах цаг болсныг гэрчилж байна.

-Дэлхийн бусад улс орнуудад бага насны хүүхдийг хүчиндсэн этгээдэд ямар ял оноож, хариуцлага тооцдог вэ. Мэдээж энэ тал дээр хатуу дэг жаяг хууль журамтай болов уу?

-Гэмт этгээдэд хүлээлгэх хариуцлагын асуудал улс орнуудад харилцан адилгүй. Зарим нь цаазаар авч, эсвэл бүх насаар нь хорих ял оногдуулж байгаа бол зарим нь химийн тариа тарих хэлбэрээр тайган болгох зэргээр хуулийн хариуцлага хүлээлгэдэг жишээ ч бий. Магадгүй бүх насаар нь хорих, эсвэл бусад улсын жишгээр химийн тариа тарих хариуцлагын тухайд болохгүй гэх газаргүй.

Хүлээлгэх хариуцлага, ялын бодлогын асуудлыг хөндөхөөр “Хуульч р.Булгамаа эрэгтэйчүүдийг тайган болгох гэж байна. Хүний эрхийг зөрчлөө” гэж элдэв янзаар дайрах оролдого ирдэг. Би чинь эх хүн, эмэгтэй хүн шүү дээ. Бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон охидууд, ээжүүдийн сэтгэл зүйтэй ойрхон ажилладаг хүний хувьд тэдний зовлон бэрхшээлийг шүүмжлэгч нөхдүүд ойлгож, мэдэрдэг ч болоосой гэж боддог доо. Ойрын төрөл садан, ах дүү, хойт эцэгтээ хүчирхийлүүлж олон жил зовсон хүүхдийн сэтгэл зүйг ойлгож, илааршуулна гэдэг үнэхээр амаргүй. Тэр зовлон бэрхшээлийг мэдэхгүй байж “Бусдыг тайган болгохын төлөө дуугарч байна, хүний эрх гэдэг ойлголт энэ хүнд алга, зүй бус санал санаачилга гаргалаа” гэх мэтчилэн элдвээр л сошиал ертөнцөд дайрах юм. Гэвч энэ доромжлолоос би огтхон ч айхгүй.

-Ялын бодлого хөнгөдөж байна гэсэн үг үү?

-Ялын бодлого хөнгөдөөд байгаа учраас гэмт этгээд удаа дараа зүй бус үйлдлээ давтаад байна шүү дээ. Одоо өөр шийдэл эрэлхийлэх хэрэгтэй гэдэг нийгмийн захиалга яваад байна гэж үзэхээс өөр арга алга. Хүчиндэх гэмт хэргийн хохирогч болсон охид хүүхдүүдийг төрийн хамгаалалтад авмаар байна. нуулгүй хэлэхэд, гэр бүлээс нь хүртэл тусгаарлах шаардлага үүсээд байна шүү дээ. Бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн 80 гаруй хувь нь ахуйн түвшинд үйлдэгдэж байна. ийм учраас тухайн хүүхдийг анхны мэдүүлгээсээ буцах хүртэл шахалтуудыг гэр бүлийн гишүүдийн зүгээс үзүүлдэг. “Ах дүү, хамаатан садан, аав, өвөөгөө шоронд оруулж яах гэж байгаа юм” гэдгээс эхлээд эцэстээ удам угсааны асуудал болж босно гэдгээр хүүхдийг хүнд байдалд оруулдаг. Тиймээс мөрдөн байцаалтын ажиллагаа эхэлсэн цаг мөчөөс эхлээд хүүхдийг хамгаалалтад авмаар байна. Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд ямар хүнд шаналалтай байдаг гэж бодно оо. шоронд орсон гэмт хэрэгтэн хэдхэн жилийн дараа гарч ирээд нөгөө аймшигт халдлагууд дахиад эхлэх вий гэхээс тэдний зүрх дагжин чичирч байдаг.

-Бага насны хүүхэд хүчирхийлсэн хэрэгтэн өршөөлийн ялаар суллагдах тохиолдол байсан уу?

-Хүүхэд хүчиндчихээд өршөөлийн хуульд хамрагдана гэдэг чинь өөрөө байж болохгүй зүйл гэдгийг хуульд тусгаж өгөөч ээ. Тийм ч учраас би өөрийнхөө нүүр номд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон хүүхдүүд ямар их айдас хүйдэст автаж байдгийг хууль тогтоогчид олж хараасай. Зөвхөн гэмт хэрэгтнийг яллах тухай асуудал биш, гэмт хэргийн хохирогч болсон хүүхдүүдээ цаашид яаж анхаарах вэ гэдэгт нэг удаа байр сууриа илэрхийлсэн. Асуудлын шийдлийг олохын тулд асуудлаа гаргаж тавих ёстой юм аа. Зовуурь нь эндээ байна, одоо оношоо тодорхойлоод түүнээс эхлээд эмчилгээгээ хийх хэрэгтэй гэсэн санаа юм шүү дээ.

П. САЙНЖАРГАЛ

Эх сурвалж:Өдрийн сонин

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …