Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан наймдугаар сарын 26-аас эхлэн лавлагаа шатлалын эмнэлгүүдийн хөгжлийн хөтөлбөр, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх хамтарсан цуврал уулзалтуудыг зохион байгуулж байгаа билээ.
Өчигдөр буюу аравдугаар сарын 13-ны уулзалтаар Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга, АНУ-ны Доктор, Дэд профессор З.Балдандугар 2020-2024 онд авч хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөрөө танилцууллаа.
Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн Ерөнхий мэс заслын тасаг 20 гаруй төрлийн мэс заслыг тогтмол хийж, шинээр УНТЭ-тэй хамтран чих, хамар, хоолойн мэс засал, бөөр шээсний замын мэс заслыг хийж байгаа аж.
Мөн ХСҮТ-ийн хэвлийн хөндийн хавдрын мэс заслын тасаг тус төвд шилжин байрласантай холбогдуулан багаа сурган, чадавхжуулах, хамтарсан мэс заслуудыг хийгээд эхэлжээ. Ирэх арваннэгдүгээр сарын 01-ээс ГССҮТ-тэй хамтран гэмтлийн яаралтай тусламжийн үйлчилгээг нэвтрүүлэхээр бэлтгэл хангагдаж, ЭХЭМҮТ-тэй хамтран хүүхдийн эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн чиглэлээр дүүргийн эмч нараа сургаж, ажлын байран дээр нь чадавхжуулах ажлуудыг эрчимтэй хийж байгаа гэлээ.
Түүнчлэн БГДЭМТ өөрсдийн эмнэлэгийн цаг захиалгын 360312 дугаарын утас болон цаг захиалгын нэгдсэн дуудлагын 1800-0119 дугаараар давхар цаг өгч эхэлсэн байна. Дуудлагын утсаар дамжуулан цахимаар цаг өгдөг болсноор тус төв өглөөд 200 гаруй хүн амбулаториор үйлчлүүлэх гээд хүлээж байдаг байсан бол одоо захиалсан цагтаа бүртгэлээ баталгаажуулах гээд 10 гаруй хүн л байдаг болсон гэв. Ачаалал эрс багасч, хүлээгдэл тэр хэмжээгээр буурсан гэдгийг Баянгол дүүргийн ЭМТ-ийн дарга З.Балдандугар танилцуулгандаа онцоллоо.
Хамтарсан уулзалтын төгсгөлд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэлсэн үгэндээ “Өнөөдөр салбартаа хөгжлийн төлөвлөгөөгөө танилцуулсан БГД-ийн ЭМТ-ийн хамт олондоо баярлалаа. ХСҮТ-ийн мэс заслын хэсэг засварт орсонтой холбогдуулан хавдрын хэвлийн хөндийн мэс заслын тасаг БГДЭМТ дээр түр хугацаанд шилжин байршаад байгаа.
Төлөвлөгөөт мэс заслуудаа хуваарийн дагуу хийж, үйл ажиллагаа нь доголдолгүй үргэлжилж байна. Цаашид БГДЭМТ өөрсдөө хэвлийн хөндийн хавдрын мэс заслыг үргэлжлүүлэн эмнэлэг дээрээ хийнэ. ХСҮТ-ийн мэс заслын одоо ашиглагдаж буй тоног, төхөөрөмжүүдийг БГДЭМТ-д үлдээнэ. Ингэснээр тус төв өөрсдөө бие даан хэвлийн хөндийн хавдрын мэс заслаа хийгээд явах бүрэн боломжтой болно. ЭМЯ-аас энэ талын бүх дэмжлэгийг үзүүлж байгаа.
Төрөлжсөн төв эмнэлгүүдийн ачааллыг хуваалцах, төвлөрлийг сааруулахад бодит ажлууд хийгдээд эхэлсэн. Дүүргийн эмнэлгүүд бүгд төв эмнэлгүүдтэй уялдаа, холбоотой хамтран ажиллана. Эмнэлгүүдийн саналыг үндэслэн оновчтой хөрөнгө оруулалтуудыг хийнэ. Ирэх оны тоног төхөөрөмжүүдийн хангалтыг хийх нарийн төлөвлөгөөнүүд гараад явж байна. Дүүрэг, аймгийн нэгдсэн эмнэлгүүдээ лавлагаа шатлалын төв эмнэлгийн түвшинд очтол хөгжүүлэх, төрөлжсөн төв эмнэлгүүдээ дэлхийн жишигт хүрсэн үйлчилгээ үзүүлдэг байх ёстой гэсэн зарчмаар үйл ажиллагаагаа явуулж байна. Ялангуяа хавдрын тусламж, үйлчилгээн дээр санхүүжилтийн маш олон боломжууд нээгдэж байгаа учраас манай төрөлжсөн төв эмнэлгүүд энэ боломжийг зөв ашиглах хэрэгтэй” хэмээн онцоллоо.