Төрийн албаны зөвлөл (ТАЗ)-ийн гишүүн Д.Баатарсайханаас ирэх сарын 4-ний өдрөөс зохион байгуулагдах төрийн албаны шалгалтын талаар ярилцлаа.
-Энэ жил төрийн албаны шалгалтад хэчнээн хүн бүртгүүлэв?
-Есдүгээр сарын 14-ний өдрөөс улс орон даяар цахимаар төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл эхэлсэн. Онлайнаар явуулж буй учраас 24 цагийн турш цахим сүлжээ байгаа л бол хаана байгаагаас үл хамааран тасралтгүй бүртгэлээ. Аравдугаар сарын 14-ны 14.00 цагт бүртгэл хаахыг олон нийтэд байгууллагын цахим хаяг, фэйсбүүк чатаар мэдээлсэн. Энэ жилийн ерөнхий шалгалтанд өнгөрсөн нэгдүгээр сарын бүртгэлтэй нийлээд 16013 хүн шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Төрийн албаны шалгалтын бүртгэл хаагдсаны дараа төлбөрөө төлж чадаагүй, бүртгэлээ хагас хийсэн, баталгаажуулах холбоосын дараагүй хүмүүс хэл ам хийх магадлалтай. Бид үнэхээр бүртгүүлсэн, эсэхийг нь Үндэсний дата төвөөс лавлаж, бүртгэлд хамруулах эсэхээ тогтоож шийдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл 2020 аравдугаар сарын 14-ний 13.59 цагт өөрийн бүртгэлийн мэдээллээ бүртгэх системд илгээсэн хирнээ тэр нь сүлжээний худаас шалтгаалан 14.05 цагт ирсэн байх магадлалтай. Тиймээс 14.00 цагаас өмнө материалаа илгээсэн тэр нь бүртгэлийн санд хожим ирсэн байна гэсэн үг. Ингээд нэмэгдлээ гэхэд үсрээд 100 орчим хүний бүртгэлийг баталгаажуулах байх. Ирэх сарын 4-нөөс эхлээд аймаг, нийслэлд ерөнхий шалгалтууд эхэлнэ. Говь-Сүмбэр аймагт нийтдээ 1000 орчим төрийн алба хаагчтай хэрнээ 93 иргэн л бүртгүүлсэн байна. Өнгөрсөн жил улсын хэмжээнд 8860 гаруй хүн бүртгүүлж, шалгалтанд орсон иргэдээс 1116 нь тэнцэж нөөцөд орсон.
-Шалгалтын программ гацсан зэрэг гомдол гардаг. Энэ жил тоног төхөөрөмжийн найдвартай байдлаа хэрхэн хангасан бэ?
-Ерөнхий шалгалтын программын хөгжүүлэлт хийж байна. Өөрөөр хэлбэл, найдвартай байдлыг ханган ажиллаж буй. Өнгөрсөн жил үүссэн зарим асуудалд дүгнэлт хийсэн. Энэ жил программд гацах, сүлжээ унах зэрэг техникийн асуудал гарахгүй гэдэгт найдаж байна.
-Ерөнхий шалгалтаас гадна өөр шалгалт авч байгаа юу?
-Ерөнхий шалгалт өгсөн хүн төрийн ажил, албанд томилогдохдоо албан тушаалын буюу тусгай шалгалт өгдөг. Улс даяар долоо хоногт дөрвөн удаа тусгай шалгалтыг авч буй. Жишээ нь, маргааш буюу баасан гарагт Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны зарим ажлын байранд шалгаруулалт явуулна. Тусгай шалгалтын программыг ч хөгжүүлж байна. Энэ ондоо багтаан шалгалт авах танхимын компьютер, тоног төхөөрөмж, шалгалтын агуулга, сорил даалгаварт шинэчлэл хийгдэнэ.
-Жил бүр төрийн албаны шалгалт авах тестийн номыг шинэчилдэг. Номоо нэг мөр хэвлүүлчиж болдоггүй юм уу?
-Энэ жилийн онцлог нь шалгалтад ирэх бүх сорил даалгавар /тест/-ыг номд хариутай оруулсан. Номд 4300 гаруй тест бий. Өнгөрсөн жил хэвлүүлсэн номын тестийн 40 хувь нь хариутай, 60 хувийг нь нууцлагдмал байсан юм. Тиймээс зарим талаар гомдол гарч байсан. Энэ жил номд бүх тестийг хариутай оруулсан. Ном авах боломжгүй иргэд ТАЗ-ийн www.csc.gov.mn цахим хаяг руу нэвтэрч цахим номыг сонирхоорой. Бид эхний ээлжид өөрсдөө бэлдэг хэмээн тестүүдийг хариугүй тавьсан. Одоо хариутай нь байршуулсан. Мөн залуусыг мэдлэгийг сорихоор өдөрт 35-50 тестийг дадлага болгон оруулж буй. Өнгөрсөн долоо хоногийн нэг даалгаварт зориудаар нэг даалгавын хариуг зориуд алдаатай оруулж иргэд ерөнхий шалгалтын бэлтгэл хир хийж буйг сорьж үзлээ. Энэхүү алдааг олсон нэг иргэнд төрийн албаны шалгалтын шинэ ном бэлэглэсэн.
-Энэ жилийн төрийн албаны шалгалтын онцлог ямар байх вэ?
-Өнгөрсөн жил зарим хүн “Түүх, монгол хэл, бичгийн мэдлэгээр шалгалт авлаа, биднийг зориуд унагах гэлээ” хэмээн гомдол гаргасан. Монгол хэлний тухай хуульд төрийн албаны шалгалтын асуултын монгол хэлний сорил даалгаврын гурав хүртэлх хувь нь заавал үндэсний босоо монгол бичиг байна гэж заасан. Тиймээс энэ жил ч монгол хэл, бичгийн мэдлэг сорих тест оруулна. Монгол Улсын түүх, нийгэм, эдийн засаг, соёл, монгол хэл, бичгийн тест боловсруулахдаа Шинжлэх ухааны академийн болон салбарын эрдэмтэн, мэргэжилтнүүдийн баг ажиллуулсан.
-Ер нь төрийн албан хаагчдыг чадавхжуулахаар ямар ямар ажил зохион байгуулж байна вэ?
-Гар утасны аппликейшн бүтээж байна. Шалгалтад бэлтгэж буй иргэд ирэх жилээс Монгол Улсын түүх, сэтгэхүйн шалгалт зэргээ аппликейшнээс хараад бэлдэж болно. Төрийн албаны тухай ойлголтыг подкаст, видео, текст хэлбэрээр оруулж буй. Энэ ондоо багтаан ашиглалтад оруулна. Мөн ТАЗ-ийн цахим хуудсыг шинэчлэхээр ажиллаж байна. Цахим номын буюу мэдлэгийн санг шинээр суулгаж байгаа. Тиймээс ном хайж гүйлгүй цахимаар бүх мэдээллээ авч болно. Ур чадвар сорих даалгаварыг боловсронгуй болгох ажлын тендерт Удирдлагын академи шалгарсан. Мөн Английн нэг зөвлөх ажиллаж удирдан зохион байгуулах, манлайлах, багаар ажиллах, дүн шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх ур чадваруудыг олон улсын арга туршлага хосуулан шалгах үндэсний сорил даалгавар боловсруулж байна. 2021 онд авах төрийн албаны шалгалтад энэ маягаар бэлтгэл хийж байна. “Ковид-19”-ийн халдвар гайгүй бол 2021 онд хавар дөрөвдүгээр, намар аравдугаар сард төрийн албаны ерөнхий шалгалт авна.