Нэгэн залуу өөрийн фэйсбүүк хуудаснаа танил эмэгтэйгийнх нь хүүхэд айлын сул явж байсан нохойд хазуулсан тухай бичжээ. Ингэхдээ “Хүүхэд нь толгойдоо 15 оёдол тавиулсан ч шүүх эмнэлэг дүгнэлтээ хөнгөн гэж гаргасан учраас нохойны эзнээс 160 мянган төгрөг аваад салах тухай цагдаа хэлсэн. Шударга ёс хаачив” хэмээн бичжээ.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Хүүхэд нохойд хазуулсан гэх энэ хэрэг өнгөрсөн сарын сүүлээр буюу 20-оод хоногийн өмнө гарсан. Шүүх эмнэлгийн дүгнэлт хөнгөн гэж гарсан учраас энэ хэрэг Зөрчлийн хуулиар шийдэгдэнэ. Тодруулбал, Зөрчлийн хуулийн дагуу нохойны эзэнд торгууль ногдуулсан. Цагдаагийн байгууллага шүүх эмнэлгийн гаргасан дүгнэлтийг үндэслэж хэргийг шийдвэрлэнэ. Хэрвээ шинжээчийн дүгнэлт хүнд гэж гарсан бол бид Эрүүгийн хуулиар шийднэ. Хөнгөн гэж гарсан учраас хуулийнхаа дагуу Зөрчлийн хуулиар арга хэмжээ авна” гэсэн юм.
Сануулахад, өнгөрсөн наймдугаар сард Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хоёрхон настай хүүхдийг Дундад ази үүлдэрийн хоёр нохой урж, сийчсэн хэрэг гарсан. Энэ хэрэгт мөн шүүх эмнэлэг хөнгөн гэсэн дүгнэлт гаргасан тухай хэвлэлүүдээр мэдээлж байсан билээ.
Дундад ази үүлдэрийн хоёр нохойд хазуулсан хоёр настай охиныг хөнгөн гэмтсэн гэх дүгнэлтийг шүүх эмнэлэг гаргаж байв.