Автозамын түгжрэл, дуу чимээ нь хүмүүст стресс, ядаргаа, уур бухимдал, түрэмгийллийг бий болгодог. Энэ сэдвээр Энэтхэгийн клиникийн сэтгэл зүйч Санни Иосеф судалгаа хийжээ. Хүмүүс стрессдсэн үедээ ихэвчлэн ойр дотныхондоо буюу эхнэр, нөхөр, үр хүүхдэдээ уур бухимдлаа гаргадаг байна. Цагийн менежмент, зохион байгуулалт сайн, бүх зүйлийг төгс төгөлдөр байлгахыг хичээдэг хүмүүс замын түгжрэлд хамгийн их стрессддэг. Түгжрэлээс үүдэлтэй стресс нь зарим тохиолдолд осол гаргах шалтгаан болдог. Тухайлбал, Энэтхэгийн Бангалор хотод осол гаргасан жолооч нарын дунд судалгаа хийжээ. Осол гаргах үед сэтгэл санаа тогтворгүй байсан, стрессээс үүдэлтэй гэх шалтгаант нийт 1973 осол таван сарын хугацаанд бүртгэгдсэн. Түгжрэлээс үүдэлтэй стресст ихэвчлэн автобус болон таксины жолооч нар өртдөг байна.
Автозамын түгжрэлээс шалтгаалж гэмт хэргийн тохиолдол нэмэгддэг болохыг АНУ болон Энэтхэг улсад хийсэн хэд хэдэн судалгааны үр дүн харуулжээ. АНУ-ын Лос Анжелес хотноо хийсэн нэгэн судалгаагаар түгжрэлээс үүдэн гэмт хэргийн тохиолдол нэмэгдэж байна хэмээжээ. Тодруулбал, энэ хотын түгжрэл болон гэмт хэрэгтэй холбоотой мэдээлэлд харьцуулсан судалгаа хийсэн байна. Замын болон цагдаагийн байгууллагын мэдээллийг нэгтгэж үзэхэд замын хөдөлгөөний гэнэтийн өндөр ачаалал нь гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэхэд хүргэдэг. Замын хөдөлгөөн хэт ачаалалтай буюу 95 хувиас дээш үед гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 6 хувиар нэмэгдсэн байна. Харин эсрэгээрээ автозам сийрэг үед хүчирхийллийн мэдээлэл буурчээ. Гэр бүлийн хүчирхийлэл нь ихэвчлэн гэрт гардаг тул гэмт хэрэг үйлдэгч гэртээ харих хүртэл зарцуулсан хугацаа болон амьдарч буй бүс нутгийн ZIP код зэргийг харьцуулан тооцоолж энэхүү судалгааг хийсэн. Мэдээж гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдсэн нь бусад хүчин зүйлээс хамааралтай байж болох учраас түгжрэлээс үүдсэн гэдгийг батлахын тулд хэд хэдэн туршилт хийсэн байна. Жишээлбэл, гэмт хэрэг үйлдэхээс өмнө автозамын түгжрэл хэр байсан болон мэргэжлийн сэтгэл зүйчдийн тусламжтайгаар гэмт хэрэг үйлдэгч яг ямар шалтгаанаас үүдэн хэрэг үйлдсэнг тодруулжээ.